Л.Пүрэвсүрэн: Нобелийн шагналт Ан Сан Сү Чи Ерөнхийлөгчийн урилгаар АОХН-ын хуралд оролцоно

Түвшинбаяр 2013-03-04 17:54:12

Монгол Улсын Ерөнхийлөг­чийн Үндэсний аюулгүй байдал, Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэв­сүрэнтэй ярилцлаа.  

-Ардчилсан орнуудын хам­тын нийгэмлэг (АОХН)-ийн сайд нарын VII бага хурал ирэх сард манай улсад зохион байгуулаг­дана. Хуралд хичнээн орны тө­лөө­лөгчид оролцох төлөвлөгөө­тэй байна вэ?
 
-Манай улс АОХН-ийг 2011 оноос хойш тэргүүлж байгаа. Энэ онд эрхээ дараагийн оронд шил­жүү­лэх юм. Үүнтэй холбоотойгоор ирэх сарын 29-нд АОХН-ийн сайд нарын VII бага хурал манай улсад зохион байгуулагдана. Уг хуралд нэлээд олон улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд оролцохоо мэдэгдээд байна. Монгол Улс ардчиллын зөв замаар явж байгаагаа гадаадын улс орнуу­дад танилцуулах, өнгөрсөн 23 жилийн хугацааны туршлагаа хуваалцах зэргээр дээрх хуралд ихээхэн ач холбогдол өгч байгаа.
 
Ардчиллын төлөө тууштай зүтгэж ирсний хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч уг хуралд онцгой анхаарч байна. Би Ерөнхийлөг­чийн зөвлөхийн хувьд АОХН-ийн сайд нарын VII бага хуралд бэлтгэх Үндэсний хорооны гишүүн. Тий­мээс ч ард­чил­лын төлөөх дэлхийд нэртэй зүтгэлтнүү­дийг хуралд оролцуулах зорилго тавьсан. Энэ утгаараа би Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчийн хувиар өнгөрсөн долоо хоногт Мьянмарт айлчлаад ирлээ.
 
-Мьянмараас төлөөлөгч урь­сан гэсэн үг үү. Хэрхэн хүлээн авч байна вэ?
 
-Мьянмарын төр, засгийн удирд­лагуудтай уулзалт хийлээ. Тухайлбал, Ерөнхийлөгчийн Там­гын газрын дарга, парламентын дэд ерөнхийлөгч, парламентын гадаад бодлогын байнгын хороо­ны дарга нар болон яамдын сайд нартай уулзалт хийж хоёр улсын харилцааны асуудлаар ярилцлаа. Мьянмар цэргийн дэглэмтэй орон байгаад ардчиллын замаар орсон улс учраас Монголын туршлагаас хуваалцах талаар ярьж байна. Тиймээс тус улсын Гадаад хэргийн сайд, парламентын сайд манай улсад болох хувьд АОХН-ийн сайд нарын VII бага хуралд оролцохоор боллоо. Үүнээс гадна Нобелийн Энхтайвны шагналт, хүний эрхийн төлөө тэмцэгч, Мьянмарын Үндэс­ний Ардчилсан Лигийн тэргүүн Ан Сан Сү Читэй 18 жил хоригдсон гэрт нь очиж уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ан Сан Сү Чиг дээрх хуралд оролцохыг урьсан. Урилгыг биечилэн өгөхөд маш баяртай хүлээж авлаа.
 
 
-Ан Сан Сү Чи манай улсад айлчилж, АОХН-ийн сайд нарын VII бага хуралд илтгэл тавина гэсэн үг үү?
 
-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайдаар ажиллаж байх­даа “Ан Сан Сү Чиг гэрийн хорио­ноос сулла” гэдэг захидлыг явуулж байсан. Дараа нь 2010 онд Ази, Европын VIII дээд хэмжээний уулзал­тад үг хэлэхдээ “1990 онд Монгол Улстай нэгэн адил анхны чөлөөт сонгууль явуулж байсан Мьянмар хаана байна вэ. Ардчил­сан сонгуульд ялсан хүнээ сул­лаач” гэж шаардаж байсан. Тиймээс ч Ан Сан Сү Чи гэрийн хорионоос гарсныхаа дараа Ерөн­хийлөгчтэй “Намайг чөлөөлүү­лэхийн төлөө олон улсын тавцанд тэмцэж байсанд талархлаа” гэж утсаар ярьж талархлаа илэрхийлж байсан.
 
Ерөнхийлөгч Нью-Иоркд өнгөр­сөн есдүгээр сард Ан Сан Сү Читэй биечлэн уулзаж байсан. Тэрбээр тухайн үед “Монгол Улс АОХН-ийг даргалж олон сайн санаачилга гарган хүн төрөлхтний өөдрөг ирээдүйд хувь нэмрээ оруулж байгаад мөн баяртай байна” гэж байсан билээ. Энэ удаад Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад болох хуралд оролцож бай­гаа өөрөө өндөр ач холбогдолтой.
 
-Мьянмар байгалийн баялаг ихтэй гэдгээрээ манай улстай төстэй. Ялгаа ч их байгаа байх.
 
-1990 онд манай улстай адил ардчилсан сонгууль явуулж байсан улс шүү дээ. Манай улсад ардчи­лал тайван замаар, амжилттай явж эхэлсэн бол Мьянмарт цэргийн дэг­лэмээр сөрөг хүчнийхнийгээ гэрийн хорионд оруулчихсан.
 
 
Байгалийн баялагтай гэдгээрээ ч манай улстай төстэй. Дэлхий нийтээрээ анхаарлаа хандуулж байна. Гэхдээ улсын дотоод бай­дал нь 1990-ээд оны эхэн үеийн Монгол Улс шиг юм. Тэр утгаараа манай улсын ардчиллын маш их сонирхож байгаа.
Ер нь мьянмарчууд өөрсдийгөө монголчуудаас гаралтай гэж үздэг юм байна. Хубилай хааны үед өөрсдийгөө суурьшсан хүмүүс гэж үзэх юм. Өнгөрсөн арваннэгдүгээр сард хоёр улсын Ерөнхийлөгч уулзахад ч энэ талаар ярилцаж байсан. Ер нь жирийн иргэд ч ингэж ярьдаг юм байна.
 
Ц.ӨРНӨХ Өдрийн сонин