Канадад Орон нутгийн иргэд намын төлөөлөл бус өөрсдийн төлөөллөө сонгодог

Түвшинбаяр 2013-10-24 09:21:24

Канад улсын орон нутгийн төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаатай танилцаад ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяртай энэ сэдвээр хөөрөлдөв.

Сур: Танд энэ өдрийн мэнд хүргээд ярилцах сэдэв рүүгээ оръё. Канадын орон нутгийн төрийн захиргааны байгууллагаас санаа  авууштай ямар асуудал олж харав?
 
Л.Э: Энэ аравдугаар сарын эхээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх Ч.Өнөрбаяр бид хоёр Канад улсад ажиллаад ирлээ. Санаа оноо авахаар юм байлгүй яахав. Дор хаяж орон нутгийн парламентын сонгуульд /манайхаар Иргэдийн Хурлын сонгууль/ улс төрийн намуудыг оролцуулдаггүй юм байна. Улстөржилт нь зөвхөн улсын түвшинд, парламенд дээр л байна. Канадын province, municipal, city, town /манайхаар бол аймаг, хот, сум, баг хороо/-нд  сонгуулийн дараа төрийн албан хаагчийг солих, нам эвслээр ялгаварлах асуудал алга. Мэргэшсэн  төрийн албан хаагч сонгуулиас хараат бусаар ажлаа хийж байна.
 
Сур: Орон нутгийн Хуралд улс төрийн намууд нэр дэвшүүлдэггүй гэсэн үг үү. Тэгвэл хэн нэр дэвшдэг юм бэ. Олонхи болж бодлого тодорхойлох, цөөнх болж хяналт тавих зарчмыг ямар субъект орлох вэ?
 
Л.Э: Хурлын төлөөлөгчийн сонгуульд улс төрийн намууд биш иргэд өөрөө өөрийгөө л дэвшүүлнэ. Тэд үүнийгээ “Энэ сонгууль бол орон нутгийн иргэд өөрсдийнхөө итгэмжлэгдсэн хүнийг сонгож байгаа болохоос аль нэг намын төлөөлөл сонгох гээгүй” гэж тайлбарлаж байна лээ. Олонхи, цөөнхийн хувьд иргэдийн хяналт, дотоод аудит сайн ажилладаг, сонгогдсон төлөөлөгч нь аль нэг улстөрийн хүчний нөлөөнд баригдана гэхээсээ илүү иргэдийн дуу хоолой болж чаддаг. Иргэдээсээ дахин сонгогдохоо бодож тэдний төлөө ажилладаг юм байна.
 
Сур: Тэгвэл Канадын хот, дүүрэг, аймаг, суманд улс төрийн нам байхгүй гэж ойлгож болох уу?
 
Л.Э: Болно. Улсын парламентын сонгуулийн үеэр улс төрийн намуудын нэр дэвшигчдийн баг л орон нутгийн түвшинд ажилладаг юм байна. Бидний цөөхөн монголчуудын өрх гэр дотор хүртэл улс төр ороод ирсэн байгаа нь сайн зүйл яавч биш. Миний хувьд орон нутагт улс төржилтийг хязгаарлах нь зүйтэй  гэсэн ойлголт суучихаад байна. Улстөржилт хэрээс хэтэрснийг Монгол Улсын Ерөнхийлөгч  анзаарч Канад улсад өөрийн зөвлөхөө томилон явуулсан нь цаанаа нэгийг бодсоных.
Сур: Олонхи, цөөнхгүй болохоор Засаг даргаа яаж сонгодогюм бол?
Л.Э: Энэ асуудлыг би Альберта мужийн Калгари хотын жишээн дээр ярья. Энэ хот хүн ам, байгаль, цаг уурын хувьд  манай нийслэлтэй ойролцоо 1.3 сая хүнтэй, 30 хэм хүрээд хүйтэрчихдэг. Дэлхийн хамгийн аюулгүй, байгаль орчинд ээлтэй, цэвэр  цэмцгэр хот. Дашрамд дурдахад нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл тус хотод ажлын айлчлал хийсэн байдаг. Калгари хотын мэрийг/манайхаар Засаг дарга/ хотын нийт сонгогчдоос шууд сонгодог юм байна. Хамгийн олон санал авсан өрсөлдөгч хотын мэр төдийгүй хотын парламентын гишүүн, хотын парламентын даргаар автоматаар сонгогддог. Тэдний хуулиар бол манай Нийслэлийн Хурлын дарга, Нийслэлийн Засаг дарга хоёр маань нэг л хүн байх нь. Мэр нь  хотын нийт иргэдээс сонгогдсон тул аль нэг улстөрийн хүчин, фракцын ая данд нийцүүлж ажиллана гэхээсээ хотынхоо иргэдийн төлөө л ажиллах үндэс язгуур нь дээрх сонгууль болдог. Мэр гэмт хэрэгт холбогдоогүй бол түүнийг эргүүлэн татах боломж бараг үгүй.  Харин хотын парламентын гишүүд нь өөр өөрийн тойрогт өрсөлдөж гарч ирдгээрээ мэрийн сонгогдсон объёмоос бага, гэхдээ Хурал дахь саналын эрх нь адилхан.
 
Сур: Мэр их эрх мэдэлтэй юм байна. Хотын мэр парламентаа удирдаад, хотын гүйцэтгэх засаглалыг удирдах нь хир зохимжтой юм бол?
 
Л.Э: Мэр хотын гүйцэтгэх засаглалыг удирддаггүй юм байна. Хотын гүйцэтгэх засаглал,  төсвийн зарцуулалтыг хотын мэрийн томилсон Хотын ерөнхий менежер хариуцдаг. Калгари хотын мэр сонгуулиар өөрчлөгдөхөд мэр түүний туслах тэргүүтэй найман хүн л өөрчлөгддөг гэнэ. Тэр ч бүү хэл өмнөх мэрийн томилсон хотын ерөнхий менежер гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байгаа бол дараачийн мэр өөрчлөх боломжгүй байдаг юм байна. Калгарид шинэ мэр нь өмнөх мэрийн томилсон хотын ерөнхий менежерийг өөрчлөх гээд хуулийн өмнө хүчгүйдсэн асуудал гарсан гэнэ лээ.
 
Сур: Сүүлийн асуулт, Канадын орон нутгийн сонгуулиас туршлага авч Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлах уу?
 
Л.Э: Ерөнхийлөгчийн хувьд улстөржилт анхан шатнаас эхлээд хэрээс хэтрээд байна гэсэн ерөнхий санааг хэлээд, анхаарлаа хандуулаад байгаа. Канадын туршлагыг хуулах нь юу юм, ганц нэг зөвлөхийн танилцсанаар асуудалд шууд хандахгүй нь ойлгомжтой. Сайтар танилцаж, холбогдох хуулиудыг нь монгол хэл дээр орчуулж, мөн чанар, үр дагаварыг нь гүнзгий ойлгох, бусад орны туршлагыг  судалж байж л хөдлөх болно.
 
Сур: Сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа.

Д.Оюун