УИХ-ын даргад Шууд ардчилал, иргэдийн оролцоогоор дамжуулан төсвийн төвлөрлийг сааруулах үндэсний хөтөлбөрийн төслийг өргөн бари

Түвшинбаяр 2014-01-10 08:12:00

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Шууд ардчилал, иргэдийн оролцоогоор дамжуулан төсвийн төвлөрлийг сааруулах үндэсний  хөтөлбөрийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж өнөөдөр УИХ-ын даргад өргөн барив.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж өргөн барьсан хөтөлбөрийн төслийн талаар “Монгол Улсын Ерөнхийлөгч 2012 оны есдүгээр сард Шууд ардчилал-иргэдийн оролцоог дэмжих бодлогын баримт бичгийг баталсан. Бодлогын баримт бичиг нь 2012 оноос 2022 он хүртэл 10 жилийн хугацаатай хэрэгжинэ. Уг баримт бичиг гарснаар Монголын төр анх удаа иргэдийн оролцоо, шууд ардчиллыг дэмжсэн төрийн бодлоготой болсон юм.

Энэ бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны төлөвлөгөө буюу 2015 он хүртэл гурван жилийн хугацаатай хэрэгжүүлэх Шууд ардчилал, иргэдийн оролцоогоор дамжуулан төсвийн төвлөрлийг сааруулах үндэсний  хөтөлбөрийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-д өргөн барьсныг хүргүүллээ.

Үүндээ иргэдийн оролцоо, шууд ардчиллыг дэмжих бодлогыг гурван үндсэн багц болголоо. Нэгдүгээрт, төвлөрлийг сааруулах, иргэдийн оролцооны чиглэлээр хууль, эрх зүйн орчныг  хэрхэн боловсронгуй болгох, хоёрдугаарт, иргэдийн оролцооны боловсролын чиглэлээр ямар үйл ажиллагаа явуулах, гуравдугаарт, зохион байгуулалтын болон бусад ямар арга хэмжээ авах вэ гэсэн гурван чиглэлээр нийт 33 арга хэмжээг төлөвлөж тусгалаа. Эдгээр арга хэмжээ тус бүрийг хариуцах яам, агентлаг, байгууллага, хэрэгжүүлж эхлэх дуусах хугацаа, тэдгээрийн санхүү, төсвийн эх үүсвэрийг төсөлд тодорхой тусгаж орууллаа” гэв.