Л.Эрхэмбаяр: Ерөнхийлөгчийн зарлигийн хэрэгжилттэй танилцлаа

Даваа 2014-05-08 09:41:28

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Л.Эрхэмбаяр саяхан орон нутагт ажиллаж Ерөнхийлөгчийн хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх талаар Засгийн газарт чиглэл өгсөн зарлигийн хэрэгжилттэй танилцаад ирсэн юм. Энэ талаар түүнтэй ярилцлаа.

-Ерөнхийлөгчийн зарлигийн хэрэгжилт газар дээрээ ямар байна вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн өгсөн чиглэлийн дагуу Сэлэнгэ аймгийн Мандал, Хүдэр сум, Түнхэл тосгон, Төв аймгийн Батсүмбэр зэрэг ойн сан бүхий, Монгол Улсын мод бэлтгэлийн нэлээд хувийг эзэлдэг газруудад ажиллаж Ерөнхийлөгчийн Засгийн газарт чиглэл өгсөн зарлигийн хэрэгжилттэй танилцлаа. Орон нутгийн удирдлага, ойн аж ахуй эрхэлдэг байгууллага, иргэдийн бодол санааг мөн очиж судаллаа. Байдлыг газар дээр нь үзэхэд хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх тухай Ерөнхийлөгчийн зарлигийн тухай мэдээлэл телевизийн мэдээнээс төдийлөн хэтрээгүй, аймаг, сум, багийн Засаг дарга нарт огт хүрээгүй байна. Тиймээс зөвхөн Ерөнхийлөгчийн зарлиг төдийгүй УИХ, Засгийн газраас гаргасан хууль, тогтоомжийг орон нутагт, хэрэгжүүлдэг байгууллагад нь түргэн шуурхай хүргэх тогтолцоог боловсронгуй болгох талаар төрийн зүгээс анхаарах ёстой болжээ.

-Орон нутагт хулгайгаар мод бэлтгэдэг байдал ямар байгаатай танилцав уу?

- Ойн тухай хуулийг 2007 онд баталсан. Тэр хууль хэрэгжсэнээр хүн болгон шахам ой мод руу хөрөө, сүх бариад халддаг байдал 2007 оны үетэй харьцуулахад их хязгаарлагдсан юм байна. Хууль бусаар мод бэлтгэсэн хүнд эрүүгийн хариуцлага тооцдог, мод бэлтгэсэн машин техник, тоног төхөөрөмжийг нь хураадаг болсон нь хулгайн мод бэлтгэлийг бууруулахад ихээхэн нөлөөлсөн нь харагдлаа. Энэ тухай орон нутгийн иргэд ярьж байна. Нэлээд олон хүн хулгайгаар мод бэлтгэснээс болж ял эдэлсэн нь иргэдэд дохио санамж болжээ.

Намайг зургаан жилийн өмнө Хүдэр суманд очиж байхад Портер болгонд ногоон мод тайраад аччихсан, сумын төвөөр мод ачсан машинууд сүлжилддэг байсан. Сая очиход энэ байдал харагдсангүй. Айлуудаар мод, банз авах гэж байгаа хүн болж явж үзлээ. Тэгэхэд их эмх цэгцэд орсон сайн тал харагдаж байлаа.

-Байдал сайжирсан ч цаашид анхаарах зүйл анзаарагдсан уу?

-Хулгайгаар мод бэлтгэдэг байдал 100 хувь цэгцэрсэн үү гэвэл үгүй гэдгийг орон нутгийн удирдлага ч, иргэд ч хэлж байсан. Эрүүгийн хэрэгт холбогдох учир бие биеэсээ нуудаг болсон. Далд хэлбэрээр, бага хэмжээгээр мод бэлтгэдэг байдал байгаа гэнэ. Нотлогдсон нь хэрэгт холбогддог болсон учирарга нь их нарийссан байна. Хүдэр сумаас мод зөөхдөө Оросоос оруулж ирсэн том оврын битүү машин хэрэглэдэг болжээ.

Цаашдаа мод бэлтгэх эрх авсан аж ахуйн нэгжүүдийн материаллаг бааз, техник, тоног төхөөрөмжийг сайжруулах, орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах асуудал дээр төр, засгаас анхаарах хэрэгтэй болсон нь харагдлаа. “Атрын III аян” гэдэг шиг тоног төхөөрөмжийг урт хугацааны зээлээр авч өгөх зэргээр дэмжихгүй бол мод бэлтгэдэг аж ахуйн нэгжүүд мэргэжилтэнгүй, тоног төхөөрөмж нь хуучирч муудсан, уулын дээд хэсгийн хуучирч өмхөрсөн модонд хүрч чаддаггүй, зөвхөн хормой хавийн модыг ашигладаг болсон байдалтай байна.

Гадаадын бусад оронд иргэн хүн мод бэлтгэлийн ажил эрхлэхийг зогсоосон байдаг. Монголд бол сумын төвийн айлууд мод бэлтгэх эрх буюу гоожин авдаг. Сумын төвийн 300 өрх 300 гоожин аваад 300 машин хөлөглөж, 300 хөрөө, сүх агсаж уул руугаа ордог. Уул руугаа орохоороо хуучин хуурай модны хажуугаар нойтон мод хэдийг хяргаад ороод ирдэг. Нэг эрхийн бичгийг 24 цагтаа багтаагаад хоёр дахин ашигладаг тохиолдол ч байдаг юм байна. Хэдийгээр баримтжуулсан нь бага ч энэ нь цагдаагийнхан, замын постуудтай сүлжилдсэн байх магадлал өндөр . Үүнд төр,засаг анхаарах хэрэгтэй болжээ. “Пост бүрийг камертай болгоё. Мод тээвэрлэсэн машиныг зөвхөн улсын батлагдсан замаар явуулдаг байя. Ямар ч төлөвлөлтгүй, дур дураараа, амар хялбар газраас нь мод авдаг байдлыг хаах нь зүйтэй” гэсэн саналиргэдээс гарч байлаа. Сум болгонд модны зах байгуулж, эрх бүхий байгууллагын бэлтгэсэн модыг л иргэд авдаг байх нь зөв гэж байна.

Ойд таван жил тутамд нэг удаа улсын төсвөөр менежмент хийдэг. Гэвч тэр ажил нөхцөл байдалтай уялдаа муутай болдог. БОНХЯ-наас энэ уулнаас тийм хэмжээний хэрэглээний нарс бэлтгэ гэсэн хуваарь ирдэг. Бодит байдал дээрээ тэр ууланд нарс байхгүй, дандаа хус байх жишээтэй. Тиймээс төлөвлөлт сайн хийлгэх, шинжлэх ухааны байгууллага, ой судлалын төвийг оролцуулах, орон нутгийг мэргэжилтнээр бэхжүүлэх нь чухал болжээ.

Ойн хууль, дүрэм журмуудад өөрчлөлт оруулах шаардлага байгаа нь харагдлаа. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас БОНХЯ-нд санал, чиглэл өгөхөөр бэлтгэж байна.