Гишүүд маань хуулийн нэрээр популизм хийхээс илүү утга учир, үндсэн агуулга нь чухал гэдгийг харууллаа

Түвшинбаяр 2014-07-24 17:27:10

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлан Улсын Их Хуралд өргөн барьж батлуулсан Шилэн дансны тухайхуулийн төслийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяртай ярилцав.

  • Шилэн дансны хуулиа батлуулж чадсанд баяр хүргэе. Багагүй барцадтай байсан ч батлагдаж чадлаа шүү дээ.
  • Энэ хууль батлагдсан нь бүх ард иргэдийн хувьд баяртай үйл явдал гэж болов уу. Идэх хоолоо хугаслан байж татварт өгсөн мөнгө нь зөв газраа зарцуулагдаж байна уу, үгүй юу  гэдгийг хянах боломжтой боллоо. Зөв шударга албан тушаалтнуудын хувьд ч санааг нь амраасан үйл явдал болсон байх. Хоосон хардалтаас айж байснаас шударга ил тод байх нь амар байна гэх хүмүүс ч олон байна. Барцадын хувьд гэвэл хуулийн төсөл маань өмнө нь нэг удаа өргөн баригдаад Их Хурлаас буцаагдсан. Хуулийн нэрнээс эхлээд шүүмжлэл их гарч байсан. Гэхдээ гишүүд маань нэрээр популизм хийхээс илүү хуулийн утга учир, үндсэн агуулга нь чухал гэдгийг сүүлд харууллаа. Хуулийн төсөл буцаагдсан хугацаанд бас бид төсөл дээрээ ажиллаж сайжруулсан, Их Хурлын гишүүдийн саналыг тусгасан. Хууль санаачлагч, хууль тогтоогч аль аль талаасаа хамтарч ажиллалаа.
  • Иргэдэд хуулийн нэр нь харин ч ойрхон туссан болов уу даа гэж бодож байна. Гэхдээ яг ямар арга замаар иргэд хяналт тавихаа хараахан мэдэхгүй л байгаа байх. Энэ талаар бага зэрэг тайлбарлаад өгөөч?
  • Ямар нэг байдлаар хөрөнгө, мөнгө зарлагдаж, гүйлгээ хийж л байгаа бол тэр шийдвэр нь нийтэд ил байна. Байгууллагууд өөрийн цахим хуудастаа тавина. Хөдөө орон нутагт бол байгууллагын үүдэнд байх цахим самбарт тавина. Олон нийтийн сүлжээг идэвхтэй ашигладаг нийгмийн хэсэг маань сүүлийн үед чамгүй сайн хууль сахиулагчид болоод байна шүү дээ. Болохгүй, бүтэхгүй зүйлийг тэр дор нь өлгөж аваад жиргэчихэж байна. Иргэддээ хурц хараа, сонор сонсгол нэмсэн хууль гэж дүгнэж болно. Бас шийдвэрээ нийтэд зарлах үүргээ шийдвэр гаргасан нөхөр өөрөө хүлээхээр тусгасан. “Би туслахдаа үүрэг болгосон юм, тэгсэн мань туслах мартчихаж” гэж хариуцлагаас мултрах арга тэр даргад байхгүй болно.
  • Төрийн албан хаагчид худалдан авалтын ажиллагаагаар хамаатан саднаа баяжуулдаг, авилга авдаг гэж ярьдаг шүү дээ. Энэ асуудал ч цэгцрэх байх гэж хүлээж байгаа?
  • Шийдвэрүүд ил тавигдаад ирэхээр төсвийн хөрөнгөөр худалдан авсан бараа, ажил нь дарга цэргийн төрөл садан, хань хамсаатны шахааны бизнес мөн, бишийг хянах боломжтой болно. Ганцхан шийдвэр ил байгаад зогсохгүй дарга ашиг сонирхлын зөрчлийн мэдэгдлээ гаргах үүрэг хүлээнэ. Энэ мэдэгдэл шүүх дээр албан тушаалтны зөв бурууг тодорхойлоход маш чухал нотлох баримт болно.“Энэ компанитай би ашиг сонирхлын зөрчилгүй” гэж мэдэгдэл гаргаад сүүлд нь холбоотой нь тогтоогдвол санаатайгаар албан тушаалаа урвуулж ашигласан нь илэрхий болоод ирнэ.Энэ нь ганцхан төсвийн байгууллагад ч биш, төрийн өмчийн оролцоотой компаниудад ч хамаатай.
  • Бүх шийдвэр ил тавигдах уу, эсвэл тодорхой зааг байгаа юу?
  • Таван сая төгрөгийн босго тавьсан. Анх хууль санаачлагч нэг сая төгрөгийн босготойгоор УИХ-д оруулсан. Хэлэлцэгдэх явцад 5 сая болсон л доо. Ер нь тендер зарлахгүйгээр шууд худалдан авч болох бараа, ажил, үйлчилгээний доод үнэ 10 сая төгрөг байдаг. Түүнээс хоёр дахин багаар тогтоосон болохоор бас ч чамлахаар биш. Төрийн байгууллагууд шал угаах саван вок дэлгүүрээс авах болгондоо тайлагнаад байвал бас хэт хавтгайрсан хэрэг болно. Хуулийн үйлчлэл маань гол нь зохицуулах зүйлээ онох ёстой.
  • Иргэддээ гэнэтийн бэлэг болгож өрийн дарамт авчрахгүй болно гэж яригдаж байсан. Тэр талаар тодруулахгүй юу?
  • Энэ хуулийн бас нэг амин сүнс зохицуулалт нь иргэдэд өрийн дарамт авчрах төрийн шийдвэр нийтэд мэдээлэгдэж байж хүчин төгөлдөр болох зохицуулалт байгаа. Нэг байгууллагын дарга баталгаа, батлан даалт гаргачихаад шийдвэрээ төрийн архивт үлдээлгүй гэртээ аваад харьчихдаг байж болохгүй. Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөхөд ч оройтсон тохиолдолд хэд хэд гарлаа шүү дээ. Ийм байдлаас сэргийлэх нь манай хуулийн бас нэг зорилго.
  • Хууль хэдийнээс хэрэгжиж эхлэх вэ?
  • Хуулийг хэрэгжүүлэхэд тодорхой хэмжээний бэлтгэл ажил шаардлагатай. Цахим хуудсандаа өөрчлөлт оруулахаас эхлээд байгууллага бүр дээр хийх ажил байгаа. Ийм учраас УИХ-аас байгуулсан ажлын хэсэг дээр ярилцаад 2015 оны 1 дүгээр сарын 01-нээс хууль хэрэгжиж эхлэхээр тогтоосон. Нэгдсэн шилэн дансны цахим хуудасны тухайд 2016 оноос ажиллаж эхлэхээр хуульд туссан. Улс даяар шилэн дансны тогтолцоог нэгтгэх систем учраас цаг хугацаа авах нь ойлгомжтой.
  • Ярилцлага өгсөнд баярлалаа. Ажлын амжилт хүсье.