“5000 бөмбөг” төсөл амжилттай хэрэгжиж эхэллээ

Түвшинбаяр 2014-09-14 15:19:21

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан “Хөлбөмбөгийн хөгжлийг хөдөө орон нутагт”, “Хөлбөмбөгийн хөгжлийг хүүхэд бүрт” гэсэн хөтөлбөрүүдийг Монголын Хөлбөмбөгийн Холбоотой хамтран амжилттай хэрэгжүүлж ирсэн ба өнөөдөр тус хөтөлбөрийн хүрээнд “Хөлбөмбөгийг эрчимтэй хөгжүүлье!” уриалгыг хэрэгжүүлж, “5000 бөмбөг” төслийг амжилттай хэрэгжүүлж байна.

Төслийн арга хэмжээнд Монгол Улсын Боловсрол Шинжлэх Ухааны сайд Л.Гантөмөр, Ерөнхийлөгчийн зөвлөх, Монголын Хөлбөмбөгийн Холбооны дэд Ерөнхийлөгч А.Ганбаатар, Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Б.Ганболд, Азийн хөлбөмбөгийн холбооны нийгмийн хариуцлагын газрын дарга Annathurai Ranganathan,  Азийн хөлбөмбөгийн хөгжлийн төслийн гүйцэтгэх захирал Urs Zanitti, “Нэг дэлхий хөлбөмбөг” төслийн азийн бүсийн захирал Stephen Sonderman, Дэлхийн зөн ОУ-ын байгууллагын Монгол дахь олон нийттэй харилцах зөвлөх Жон Хиберт нар оролцлоо.

Уг төслийн хүрээнд өнөөдөр Улсын хэмжээний ерөнхий боловсролын 800 гаруй дунд сургуульд 5000 мянган хөлбөмбөгийн бөмбөг болон хөлбөмбөгт суралцах гарын авлага номыг Монгол Улсын Боловсрол Шинжлэх Ухааны Яаманд хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа 12:00 цагт Монголын Хөлбөмбөгийн Холбооны “Цэнгэлдэх хүрээлэн”-д боллоо.

Энэ төслийн хүрээнд МХБХ-ны “Албан ёсны түнш” “Эм-Си-Эс Кока Кола” компанитай хамтран зохион байгуулсан ба “Цэнгэлдэх хүрээлэн”-д хүрэлцэн ирсэн хүүхэд бүхэнд бэлэг хүртээлээ. Ёслолын арга хэмжээний дараа бяцхан хөлбөмбөгчдийн үзүүлэх тоглолтууд явагдаж МХБХ-ны жил бүрийн хөлбөмбөгийн улирлын төгсгөлд “Супер цом”-ын тоглолт зохион байгуулдаг уламжлал 2011 оноос хойш тогтоод байна. Уламжлал ёсоор МХБХ-ны дээд зэрэглэлийн 2 гол тэмцээн болох “Боргио цом”-ын аварга баг нь Үндэсний “Нийслэл Лиг”-ийн аварга багтай өрсөлдүүлж, тухайн жилийнхээ шилдгийн шилдэг багийг тодруулдаг билээ. Энэ жилийн хувьд “Боргио цом-2014”-ийн аварга “Эрчим” клуб, Үндэсний “Нийслэл Лиг-2014”-ийн аварга “Хоромхон” клубүүдийн хооронд “Супер цом-2014” –ын төлөө  өрсөлдөх тоглолт хийж уг тоглолтыг МҮОНРТ-ийн нэгдүгээр сувгаар шууд дамжуулан хүргэлээ.

Мэдээний том зургийг энд дарж татаж авна уу.