Ц.Сүхбаатар:Хоёр Ерөнхийлөгч өрийг хурдан шийдэж, том төслүүдийг эхлүүхээр тохиролцсон

Administrator 2009-09-10 17:00:00

Монгол Улсын төрийн тэргүүний урилгаар ОХУ-ын ерөнхийлөгч Д.А. Медведев айлчлаад буцлаа. Энэ айлчлалын үр дүнгийн талаар Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын асуудал хариуцсан зөвлөх Ц.Сүхбаатартай ярилцлаа.

-Энэ айлчлалыг хэрхэн дүгнэж байна вэ?

Ц.Элбэгдорж ерөнхийлөгч ажилдаа орсноос хойш ирж зочилсон анхны өндөр хэмжээний хүндэт зочин, төрийн тэргүүн нь хойд хөршийн ерөнхийлөгч байлаа. Хоёр улсын харилцааны хувьд аваад үзвэл, манай улсад хойд хөршийн гурван төрийн тэргүүн айлчиллаа. 1974 онд Брежнев, мөн В.Путин айлчилж байсан юм. Манай улсад энэ сарын 25-26-ны өдрүүдэд ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведев зочиллоо. Энэ айлчлалыг түүхэн хэмээн дүгнэж байна.

Монгол, Оросын харилцаанд шинэ үеийг нээж, шинэ хуудсын эхлэлийг тавьж байгаа гэдэг утгаараа энэ нь түүхэн айлчлал юм. Хоёр орны Ерөнхийлөгч нар уулзалтан дээрээ өнгөрч байгаа асуудлуудыг бүгдийг нь эцэслэе, шинээр харж, том том төслүүдийг эхлүүлэх, худалдаа , эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх боломж аль аль талдаа нээгдэж байна хэмээн дүгнэсэн.

-Хоёр ерөнхийлөгчийн нас ч ойролцоо, хоёулаа их нээлттэй хүмүүс байх?

Ц.Элбэгдорж 1963, Д.А. Медведев 1965 онд төрсөн юм билээ. Хоёрхон насаар дүү. Хоёулаа орчин үеийн залуухан удирдагчид. Бас хоёулаа шинэ технологи сонирхдог, либерал эдийн засгийн талаар ойролцоо үзэл бодолтой, асуудлыг их нээлттэй ярилцдаг учраас их сайн ойлголцсон.

ОХУ-ын ерөнхийлөгч гар утсаараа ч залган ярилцаж байя гэж байна лээ. Ашигт малтмалын ордуудыг эргэлтэд оруулах, төмөр зам, цахилгаан станц барих гээд томоохон ажлуудыг эхлүүлэх шаардлагатай байгаа энэ үед өнгөрсөн , баларсан найман байрны асуудал, социализмын үеийн өрийг сөхөөд суугаад байж болохгүй гээд хамтын ажиллагаагаа шинэ нөхцөлд тохируулан өргөжүүлэхээр хоёр Ерөнхийлөгч санал нэгдсэн. Тиймээс олон шинэ гарцууд нээгдэх байх.

-Энэ үеэр ямар томоохон баримт, бичгийг үзэглэсэн бэ?

Улс төрийн чухал баримт бичиг гэвэл Стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай тунхаглалд хоёр улсын Ерөнхийлөгч нар гарын үсэг зурсан. Айлчлалын үеэр үзэглэсэн хамгийн том баримт бичиг нь энэ тунхаглал юм. Өнгөрсөн харилцаандаа бодиттой дүгнэлт өгөөд ирээдүйн улс төрийн чиглэлийг тодорхойллоо. Үүний дагуу худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хэд хэдэн асуудлыг ярилцаад ураны олборлох, боловсруулах салбарт хамтран ажиллахаар болж “Дорнод уран” гэсэн хамтарсан компани байгуулахаар боллоо.

Энэ нь бодиттой томоохон алхам бөгөөд шинэ салбарт хамтран ажиллах эхлэл тавигдаж байна. Мөн төмөр замын салбарт том төслүүдийг хэрэгжүүлэхээр тохиролцлоо. УБТЗ-ын хүчин чадлыг нэмэгдүүлэхээр хоёр баримт бичигт гарын үсэг зурсан. Мөн хоёр улсын сонгуулийн ерөнхий хороонуудын хооронд хамтран ажиллах, мэдээлэл, эрх зүйн туршлага солилцох тухай протоколыг үзэглэлээ.

ОХУ-ын соёлын өдрүүдийг албан ёсоор нээж, Плехановын нэрэмжит академийн дэргэд орос хэлний төв нээлээ. Жил болгон 230-аад оюутныг хойд хөршрүү хэлний бэлтгэлд явуулдаг. Хэлний бэлтгэл хангалтгүй байна гэсэн шүүмжлэл ч гардаг. Энэ төв нээгдснээр хойд хөршид суралцахаар болсон хүүхдүүд орос хэлний бэлтгэлээ эх орондоо хийгээд ОХУ-д үргэлжлүүлэн суралцах боломжтой болж байна. Сүүлийн үед цэргийн салбарын хамтын ажиллагаа өргөжиж байгаа. ОХУ-аас манай улсын цэргийн техник хэрэгслийг шинэчлэхэд ихээхэн тусламж үзүүлж байна. Бичиг баримт байгуулаагүй ч гэсэн өөр олон салбарын асуудлыг энэ үеэр ярилцаж шийдвэрлэсэн бүрэн хэмжээний амжилттай айлчлал болж өндөрлөсөн гэдгийг онцолж хэлмээр байна.

-“Дорнод Уран” гэсэн хамтарсан компани байгуулахаар боллоо. Дорнодын ураны гурван ордыг хойд хөршийнхэнтэй л хамтарч ашиглах нь гэж ойлгож болох уу?

Ийм хамтарсан компани байгуулж ашиглая гэдэг зарчмаа тохирлоо. Үүний дараагаас олон ажлууд ундарна. Гэхдээ гуравдагч хамтрагч байх уу гээд олон асуудал гарч ирнэ. Үүнийг нь тухайн үед нь шийдэх биз ээ.

-Хамтарсан УБТЗ нийгэмлэгийн гэрээг 1949 онд байгуулснаас хойш шинэчлээгүй өнөөдрийг хүрлээ. Энэ асуудлыг айлчлалын үеэр авч хэлэлцсэн үү?

Энэ гэрээг дахин шинэчлэх талаар айлчлалын үеэр ярилцсан. Стратегийн түншлэлийг хөгжүүлэх тунхаглалдаа хамтарсан нийгэмлэгийн гэрээг орчин үеийн нөхцөлд тохируулан өөрчлөн шинэчлэхээр тусгаж гарын үсэг зурсан. Хоёр талын холбогдох албаныхан энэ гэрээг өөрчлөх талаар удахгуй ажлаа эхлүүлнэ.

-Энэ нийгэмлэгийг Монгол, Оросын тал 50:50 гэсэн харьцаагаар эзэмшиж байгаа. Манай улсын оролцоог 51 хувьд хүргэх тухай хөндсөн болов уу?

Үүнд өөрчлөлт оруулахад хэцүү байх. 60 жилийн өмнө энэ харьцаагаар тохироод нэлээд хэмжээний хөрөнгө оруулалтыг оруулсан байгаа. Гэхдээ 1949 онд байгуулсан гэрээг зах зээлийн нөхцөлд уялдуулан өөрчлөхдөө энэ асуудлыг манай тал хөндөн ярилцах байх.

-Их өрийн асуудал анхаарал татаж байгаа. Энэ талаар Ерөнхийлөгч нар ганцаарчлан уулзаж ярилцсан гэсэн?

2003 онд их өрийн асуудлыг хоёр улсын холбогдох албаны хүмүүс ярилцаж 98:2 гэсэн харьцаагаар барагдуулахаар тохиролцсон юм билээ. Их өрийн ихэнхи хувийг хүчингүй болгоод хоёр хувь болох 250 сая ам.долларыг аль хэдийнээ манай улс төлөөд дуусгасан. Харин “Монросцветмет” компанийн өрийг хэлэлцээрийн явцад шийдэе гээд тухайн үед орхисон юм билээ. Энэ нь шийдэгдэхгүй явсаар өнөөдөр 160 сая шилжих рублийн өрийн асуудал гарч ирсэн.

Гэхдээ хоёр улсын Ерөнхийлөгч нар энэ асуудлыг хурдан эцэслэн шийдэе, богино хугацаанд холбогдох албаны хүмүүстээ үүрэг өгөөд зохицуулъя гэсэн тохиролцоонд хүрсэн.

-Их өрийн асуудлыг хоёр сарын хугацаанд багтаан эцэслэн шийдэхээр болсон юм уу?

Тиймээ. Хоёр сарын хугацаанд энэ асуудлыг шийдээд учир зүйгээ олчих байх.

-УБТЗ нийгэмлэгийн дүрмийн санг 250 сая ам.доллараар нэмэгдүүлэх болсон ч манай улсыг өртэй гээд хөрөнгө оруулахгүй хойшлуулаад байгаа гэх юм?

Энэ их өрийн асуудлыг хурдан шийдвэл УБТЗ-ын дүрмийн санг нэмэгдүүлэх 250 сая ам.долларын асуудал шийдэгдэх юм. Мөн цаашлаад шинэ төмөр зам барих 1,5 тэрбум ам.долларын асуудал яригдана. ОХУ-д үйлчилж байгаа шинэ хуульд ийм өрийн асуудалтай улсад хөнгөлөлттэй зээл олгох, хөрөнгө оруулахыг хориглодог юм байна. Тиймээс энэ асуудлаа ойрын хугацаанд шийдэхээр болсон.

-300 сая ам.долларын зээлийг Ерөнхий сайд айлчлахдаа хөдөө аж ахуйн салбарт авахаар тохирсон байсан. Гэвч одоо болтол орж ирээгүй байна. Айлчлалаар энэ асуудлыг хөндсөн үү?

Арилжааны нөхцөлөөр тэр зээлийг одоо авахад ч бэлэн. Хөдөө аж ахуйн салбарт хүү өндөртэй зээл авахад эрсдэл ихтэй. Тиймээс 300 сая ам.долларын зээлийг арилжааны нөхцөлөөр биш хөнгөлөлттэйгээр авъя гэж ярилцаад байгаа. Үүнийг хурдан шийдэх гэхээр нөгөө өрийн асуудал бас саад болоод байгаа юм билээ. Их өрийн асуудлыг шийдэхээр энэ зээл бүтэх байх.

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хийн хоолойг Монголоор дамжуулах саналыг Д.А. Медведев ерөнхийлөгчид тавьсан гэсэн. Үүнд ямар хариу өгсөн бэ?

Ийм санал тавьсан. Хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах боломжийг хоёр талдаа судалж үзье гэсэн тохиролцоонд хүрсэн. Хийн хоолой барих техник, эдийн засгийн тооцоог нарийвчлан хийх, эдийн засгийн үр ашгийг тооцоолох, асар их хөрөнгө гаргаж барих хоолойг Монголоор дамжуулахаар эргээд яаж зардлаа нөхөх, Монголын хэрэглэгчид хийг ашиглах боломж хэр байгаа эсэхийг судлах хэрэгтэй байгаа юм.

Энэ тооцоог хийх саналыг манай тал тавихад ОХУ-ын Ерөнхийлөгч хүлээн авсан.

-Хоёр Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалт хийсэн. Нууц биш бол энэ үеэр ямар асуудал ярилцсан бол?

160 сая шилжих рублийн өр, Дархан, Улаанбаатарт байгаа найман орон сууцны асуудал гэсэн хэд хэдэн зүйлийг онцолж ярилцсан.

-Найман байрыг Монголын талд өгөхөөр болсон уу?

Уг нь Улаанбаатар, Дарханд байгаа оросуудын найман байрыг Монголын талд өгөх асуудлыг эрт шийдсэн юм билээ. Хуулийн жижиг маргаанаас болоод удаашраад байгаа. Доод албан тушаалын хүмүүс нь янз бүрийн зүйл яриад л. Д.А.Медведев Ерөнхийлөгч энэ асуудалд тодорхой хариулт өгч, Монголын талд өгөхөөр шийдсэн, үүнийг дахиж сөхөхгүй хаая гэж шуудхан хэлсэн. Тиймээс энэ асуудал нэг мөр шийдэгдлээ гэсэн үг.

-2003 онд их өрийг тэглэхдээ албаар “Монросцвемет”-ийн асуудлыг үлдээгээд “хөзөр” болгон ашигладаг байсан юм биш биз дээ?

Үгүй байхаа. Манайхан болохоор энэ өр тэглэгдсэн гээд хаагаад байсан юм билээ. Гэвч банкинд нь өрийн данс хаагдаагүй байгаа болохоор сөхөж гаргахаас аргагүй болсон биз.

-Уул уурхайн салбарт давуу эрхтэйгээр оролцох гэж саяын айлчлалаар Их өрийг сөхлөө гэх юм?

Юу гэж дүгнэх нь тухайн хүний хэрэг.

-Үнэхээр л ийм өр үлдсэн гэдгийг Монголын тал ч мэдсээр байж 6 жилийг өнгөрөөж. Үүний хариуцлагыг хэн хүлээх ёстой вэ?

Манай улс асуудлаа байн байн тавиад л байсан юм билээ. Гэвч ОХУ-ын тал хойшлуулсаар байгаад өнөөдрийг хүргэсэн. Одоо хоёр тал ойлголцсон учраас удахгүй шийдэгдэнэ ээ.

-Ерөнхийлөгч Д.А.Медведев бичиг баримтын асуудлыг шийдээд их өрийг тэглэчихнэ гэсэн утгатай зүйл ярьсан юм уу?

Ерөнхийлөгч Д.А.Медведев 1973 оны асуудлыг одоо сөхөж ярих нь утгагүй ч нэгэнт үлдсэн жаахан өрийг хурдан шийдэе гэж ярьж байсан. Найман байр, эрт үеийн өр гэсэн жижиг сажиг зүйл яриад байгаад байж болохгүй, том төслүүдийг эхлүүлэн, худалдааны эргэлтээ нэмэгдүүлж, харилцааны шинэ үеийг нээе гэж байсан. Тиймээс Их өрийн үлдсэн хэсгийг тэглэчих байлгүй дээ.

-Манай улсын Ерөнхийлөгчийг айчлахыг Д.А.Медведев ерөнхийлөгч урьсан уу?

Монгол Улсын төрийн тэргүүн Ц.Элбэгдоржийг ОХУ-д тааламжтай цагтаа айлчлахыг Д.А.Медведев Ерөнхийлөгч урьсан.