“МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ СЭТГЭЛГЭЭ,АРГА БИЛГИЙН УХААНЫ ҮНДЭС” ХИЧЭЭЛИЙН ТУХАЙ

Түвшинбаяр 2010-06-10 17:34:06
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монголын уламжлалт сэтгэлгээ, арга билгийн ухааны үндэс” хичээлийн тухай зарлигийг саяхан гаргажээ. Уг зарлигийг юунд үндэслэж гаргах болов?
 
            -Монгол Улсын Ерөнхийлөгчид иргэд, судлаачид, багш сурган хүмүүжүүлэгчид, ардын билэгтэн авъяастан олноор хандаж үндэснийхээ иргэншил, соёл, хэл бичиг, утга зохиол, урлаг, ёс заншил, шашин шүтлэг, ёслол хүндэтгэл зэрэг дуусаж дундаршгүй өв сангаас хойч үе хүүхэд багачууд сурч судлах, түүгээрээ бахархах үзлийг багаас нь зөв төлөвшүүлэхийн чухлыг, төр засгаас онцгой анхаарч ажиллахыг хүсч байгаагаа илэрхийлсэн юм. Үүнийг үндэслэж Монгол Улсын Ерөнхийлөгч энэ зарлигийг гаргасан. Цаг үеэ мэдэрсэн, сайн арга хэмжээ боллоо гэж олон нийт дүгнэж байна.
 
            Энэ зарлиг гарснаар чухам юу өөрчлөгдөх вэ?
 
            -Уг зарлигийн зорилго нь үндэстнийхээ үнэт зүйл, соёл, түүх, ёслол хүндэтгэл, зан заншлын нийтлэг хэм хэмжээг хойч үедээ таниулах, түүгээр бахархах үзлийг төлөвшүүлэх явдал юм.
 
            Иймд иргэн бүрийг бага балчраас нь үндэсний үнэ цэнтэй өв уламжлалаас өдөр тутмын амьдралдаа мөрдлөг болгон хэвшүүлэхэд сургууль багш нар, хамт олныг татан оролцуулж улмаар хүүхэд бүр монгол хүний оюун сэтгэлгээний уламжлал, арга билгийн ёсноос цэнэг авах тэр боломжийг бодитой бүрдүүлж өгч байна.
 
            Зарлиг гарах нэг хэрэг, харин хэрэгжүүлж ажиллах нь чухал. БСШУЯ энэ зарлигийн мөрөөр ямар арга хэмжээ авах вэ?
 
            -Монгол Улсын Ерөнхийлөгч Засгийн газарт чиглэл өгсөн зарлигтаа авах арга хэмжээг тодорхой тусгасан байгаа.
 
            Ерөнхий боловсролын сургуульд “Иргэний боловсрол” хичээлийг судлахаар сургалтын хөтөлбөрт туссан байдаг. Ерөнхийлөгчийн зарлигаар уг хичээлийн хүрээнд заавал судлах ёстой “Монголын уламжлалт сэтгэлгээ, арга билгийн ухааны үндэс” хичээлийн үндсэн агуулгыг батлан хэрэгжүүлэхийг чиглэл болгосон юм. Мөн ЕТГ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж уг хичээлийн үндсэн агуулгын хүрээг тодорхойлсон хөтөлбөрийг боловсруулсан бөгөөд БСШУ-ны сайдад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга өөрийн биеэр зарлигийн хамт гардуулсан.
 
БСШУЯ-ны зүгээс боловсролын төвшин, анги тус бүрд судлах агуулгыг “Иргэний боловсрол” хичээлийн хүрээнд 2010 онд боловсруулж, сургалтын хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх зөвлөмж, сурах бичиг боловсруулах, багш бэлтгэх ажлыг графикийн дагуу 2010-2014 онд хийж гүйцэтгэхээр бидэнд саналаа ирүүлсэн болно.
 
“Иргэний боловсрол” хичээлд хэрэглэх ном, сурах бичгийг болон заах арга зүйн зөвлөмжийг график, төлөвлөгөөний дагуу боловсруулан хэвлэх, заах багш нарын тухайд бага боловсролын төвшинд анги удирдсан багш, суурь, бүрэн дунд боловсролын төвшинд түүх, нийгмийн ухаан, монгол хэл, уран зохиолын багш нар заах ба тусгай хөтөлбөрт хамруулан эрх олгох юм байна. Мөн багш бэлтгэх сургуулийн хөтөлбөрт уг агуулгыг оруулах хэрэгтэй гэж үзэж байна.   
 
            Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг агуулга, хэлбэрийн хувьд хэрэгжээд явах бүрэн боломжтой.
 
            Ерөнхийлөгч уг зарлигаар нийт ард иргэдэд уриалсан зүйл бий юу?
 
            -Ерөнхийлөгч зарлигтаа улс үндэстнийхээ оюуны биет ба биет бус өв, соёл, үнэт зүйлс, уламжлалт зан заншлыг өвлөх, хадгалах, хамгаалах, судлах, сурталчлах хөдөлгөөн өрнүүлэхийг нийт ард иргэд, айл өрх, төрийн ба төрийн бус байгууллага, урлаг соёлын болон бүх шатны боловсролын байгууллагын ажилтан зүтгэлтнүүдэд уриалсан.