Чингис хааны мэндэлсэн огноо, төрсөн газрыг зарлигаар ёсчилно

Administrator 2010-06-25 16:18:12
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, доктор Р.БОЛД-той ярилцлаа.
 -       Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Чингис хааны мэндэлсэн огноо, төрсөн газрыг албан ёсны болгож, ёсчлох санал дүгнэлт гаргасан гэсэн. Чухам ямар санал дүгнэлт гаргаад байна вэ.
 
Ажлын хэсгийнхэн Эзэн богд Чингис хаан – Тэмүжинг Монгол Улсын Хэнтий аймгийн Дадал сумын нутагт буй Онон, Балж хоёр голын боомын ойролцоох Дэлүүн болдогт төрсөн болохыг баталгаажуулсан дүгнэлт гаргасан. Баталгаажуулсан гэдэг нь өмнө нь 1962 онд монголын төрөөс мэргэжлийн эрдэмтдийн саналыг үндэслэн уг газарт Чингис хааны дурсгалын хөшөө босгосон юм билээ. Монголын түүхийн итгэмжит бүх тулгар бичигт Тэмүжин Ононы Дэлүүн болдогт төрсөн хэмээн нотлон өгүүлдэг, тэгээд ч судлаачид Дэлүүн болдог нэрт газрыг бүүр 160 жилийн өмнөөс сурвалжлан судалсан байдаг. Тухайлбал Эзэн хааны намтар болоод Монголын эзэнт гүрний түүхийг бүх амьдралынхаа турш тусгайлан судалсан академич Ш. Нацагдорж, Ч. Далай, Н. Ишжамц, Сайшаал нарын нэрт эрдэмтэд Хэнтий аймгийн Дадал сумын нутагт буй Онон, Балж хоёр голын боомын ойролцоох Дэлүүн болдог бол Тэмүжиний төрсөн тэрхүү Дэлүүн болдог мөн гэж үзэж байсан. Уг газар нь Онон, Балж голын бэлчирээс дээхнэ, Ононы зөв гараас зүүн хойш чигтэй гол руу түрж тогтсон том хошуу юм. Үнэхээр дэлүү мэт хэлбэртэй гэж хэлж болохуйц тэр газар хойд уртрагийн 49’03’143”, зүүн өргөргийн 111’38’546” хэмийн солбилцолд, далайн түвшнээс дээш 982, 8 метрийн өндөрт оршдог юм байна.
-       Тэгээд энэ газрыг албан ёсоор баталгаажуулж байна гэж ойлгох уу ?
Тийм. Монгол Улсын Ерөнхийлөгч зарлигаараа олон улс, дэлхий нийтэд зарлан тунхаглаж байна гэж ойлгож болно.
-       Эзэн хааны мэндэлсэн он, сар, өдрийг янз янзаар л бичдэг. Зарлигт хэрхэн тусгах бол ?
Чингис хаан – Тэмүжиний мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдрөөр ёсчлох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг ажлын хэсгийн гишүүдийн дийлэнх олонхийн саналаар гаргасан. Ийм дүгнэлт гаргах үндэслэл нь үнэнд илүү ойр, бодит сурвалжид нийцтэй болно.
Тэмүүжиний төрсөн сар, өдрийн тухай XIII-XIV зууны өмнөх үеийн Монгол, Перс, Хятад зэрэг хэлээр бичигдсэн сурвалжуудад тэмдэглэсэн зүйл одоо хэр илэрч олдоогүй байна. Харин XVII-XVIII зууны үед бичигдсэн монгол сурвалжуудад Тэмүжиний төрсөн сар, өдрийн тухай өгүүлсэн нь бий. Тиймээс XVII зуунаас хойших үеийн Монгол сурвалж бичгүүдийн мэдээ зангийг түшиглэн Тэмүжиний мэндэлсэн огнооны тухай авч хэлэлцэх бололцоотой юм. Тэдгээр сурвалж бичигт Тэмүжиний төрсөн газар хийгээд мэндэлсэн цаг хугацааны талаар хэрхэн дурьдсаныг манай түүхчид, түүх сонирхогчид бүгд сайн мэдэж байгаа. Иймд энд сурвалж бичгүүдийн үг өгүүлбэрийг зааж нурших нь илүүц биз ээ.
 
-       Тэмүүжинг зуны дэлгэр цагт мэндэлсэн гэх нь бий ...?
 
Тэмүжиний мэндэлсэн сар, өдрийн тухай сурвалж бичгүүдийн мэдээ заалтуудыг харьцуулан үзэхэд ерөнхийдөө хоёр (өвлийн тэргүүн сар, зуны тэргүүн сар) гэсэн хоёр хандлага ажиглагддаг.
 
 Монголчууд эртнээс билгийн тооллын сар бүрийн арван тавныг их цагаан, арван зургааныг улаан тэргэл өдөр хэмээн нэрлэж, ихэд бэлгэшээдэг байв. Энэ хоёр өдөрт наран жаргахтай уралдан саран манддаг, саран жаргахтай уралдан наран ургадаг билээ. Өөрөөр хэлбэл, энэ хоёр өдөрт нар, сар хоёр бие биенээ залган мандаж, өдөр шөнийн хорин дөрвөн цагт дэлхий бүтэн гэрэл гэгээтэй байдаг. Мөн сар бүтэн байдаг нь бүрэн дүүрэнгийн бэлгэ болдог. Тэрчлэн зуны тэргүүн сарын арван зургаан нь бас бурхны шашны бэлгэт сайн өдөр ажгуу.
Энэхүү байдал нь билгийн тооллын зуны тэргүүн сарын арван зургааны бэлгэ төгөлдөр сайн өдөр хэмээж тэр өдөр Чингис хаан төрсөн гэхэд хүргэсэн байх талтай. Нөгөөтэйгүүр монголчууд наран голлох жин үдэд төрсөн хүүхэд ер бусын ухаан билигтэй байдаг хэмээн хуучилдаг. Тиймээс үд дунд мэндэлсэн хүүхдийн төрсөн цагийг нь хамаа бус хэлдэггүй ёсон байжээ.
 
-       Тэгвэл зуны тэргүүн сард мэндэлсэн гэдэг нь маргаантай байхнээ,
 
Түүхийн аливаа судалгаанд сурвалж бичигт өгүүлсэн мэдээнээс гадна ард түмнүүдийн зан үйлийн мэдээ багагүй ач холбогдолтой юм. Энэ үүднээс Чингис хааны тахилга тайлгатай холбогдсон зан үйлийн мэдээ нь түүхийн сурвалж бичгүүдийн заалттай хэрхэн дүйж байгааг анхаарахгүй өнгөрч боломгүй.
Ордос нутагт байдаг Чингис хааны эзэн хорооны тахилгын дотор Тэмүжинг өвлийн тэргүүн сард төрсөн гэж болохоор зан үйлийн улбаа одоо хүртэл уламжлагдсан байна. Тэнд билгийн улирлын жил бүрийн өвлийн эхэн сарын шинийн гурванд Чингис хаанд зориулан мялаагуудын хурим хэмээх ёслолыг эртнээс нааш гүйцэтгэсээр иржээ. Тэрхүү мялаагуудын хурим нь Чингис хааны төрсний дараа түүнийг угаасны баярыг тэмдэглэж буй ёслол хэмээн Ордосын дархадууд хуучилдаг. Мялаагуудын хуримыг бас тасман тайлга ч гэдэг. Тэрхүү мялаагуудын хуримын өдөр, төрсөн цагаас нь хойш үсэнд нь ирт зүйл хүргээгүй сэрхийг сархад, сүү, цагаагаар мялаагаад дараа нь түүнийг цагаан эсгий дээр хэвтүүлэн аман дээр нь торгон хадаг тавиад өрчилж алдаг. Сэрхийн махыг чанаад, шөлөнд нь чихэр, бурам, үзэм, чавга зэрэг амттан хийгээд хөргөсний дараа 5 жин архи нэмж, тэр шөлөөр уг ямааны арьсыг идээлээд, түүнийг хулсан хутгаар хусч, дун цагаан илэг болгодог. Тэр илгийг ширээн дээр тавиад, зургаан хулсан хадаасаар тэлж хадаад гол нуруугаар нь зураас татаж, зураасны хоёр талаар ес ес зурж, арван таван нарийн тасам хийдэг. Уг тасмаан ес есөөр хоёр хэсэг боож, Чингисийн гэгээн дүрийг тахисан хайрцаг дотроос хуучин тасмыг гаргаж оронд нь шинэ тасмыг тавьж оруулаад, өвлийн тэргүүн сарын шинийн гурванд тайлга хийдэг. Үүнийг тасман тайлга гэдэг бөгөөд Ордосын эзэн хорооны өндөр настнуудын яриагаар бол “Чингисийн хүйс (төрсний дараа)-ийг нь тасмаар боож, хөхэчүг (цөглөөгүй хүй) нь цөглөснийг дурсч буй” хэрэг гэнэ.

Дээр дурьдсан Чингисийн мялаагуудын хурим нь Тэмүжиний хүй цөглөж, угаалга үйлдсэний баяр байж болно. Монголчууд XVI зууны үед хүүхэд төрөөд хүй цөглөсний дараа түүнийг угаан мялааж найр хийдэг байсныг сурвалж бичигт тэмдэглэсэн байна. Түмэдийн Алтан ханы хүү Будашири тайж төрсний дараа “хаан тэргүүтэн хамаг их улс мялаагуудын хурим хийж” ёсолж байсан гэж Алтан ханы намтарт өгүүлсэн байдаг. Хүүхэд төрж, хүй нь цөглөхөд түүнийг мялааж баяр хийдэг монголчуудын тэр ёс нь Тэмүжинийг төрөхөөс ч өмнө байсан болой.
 
Уг уламжлал нь XX зууны үед монголчуудын дотор хадгалагдаж байжээ. “Халхын угсаатны зүй” номд тэмдэглэснээр бол XX зууны үеийн халх түмэн хүүхэд төрөөд гурав хонож, хүй нь цөглөсний дараа түүний угаалга хэмээх ёслол үйлддэг байж. Уг ёслол ихэнх тохиолдолд хот айлын хүрээнд болдог бөгөөд түүнд хүүхдийг эх барьж авсан хүн уригдан хүндэт зочноор оролцдог байжээ. Энэ ёслолын үеэр сан тавьж, хүүхэд болон гэр хотлоорыг ариутгадаг аж. Бас шинэ төрсөн хүүхдийг хонины хүзүү буюу шагайт чөмөг тэргүүтэй махны шөлөөр угаан мялаадаг байж. Ихэнх тохиолдолд хүүхдийг анх удаа угаан мялаах үед түүнд нэр хайрладаг заншилтай байв.
 
Мөн Монгол Улсын барга ястнууд хүүхэд төрөөд гурав хоносны дараа түүнийг хонины шөлөөр угааж ёслол хийдэг. Тэр ёслолд гол төлөв эмэгтэйчүүд оролцдог ёс заншил эдүгээ хүртэл хадгалагдсаар байна.
 
-       Буриадад бас үүнтэй төстэй ёслол байдаг гэсэн үү ?
 
Буриадуудын дунд нэгэн сонирхолтой ёс XX зууны эхэн хагаст байсныг түүхчид тэмдэглэжээ. Тэд бусад монголчуудын адилаар хүүхэд төрөөд угаалга хийсний “дараа жилийнх нь ой дээр ёслон тэмдэглэдэг байсан бөгөөд түүнд мөн л эмэгтэйчүүд оролцдог”. Эл ёслолыг буриадууд мялиагууд хэмээн нэрлэдэг байжээ.
Дээр өгүүлсэн зүйлүүдээс үзвэл, Тэмүжин төрөөд хүй нь цөглөсний дараа түүнийг анх удаа угааж мялаан хурим найр хийсэн. Түүнийгээ монгол уламжлалаар жил бүр ой дээр нь тэмдэглэн ёсолдог байсан бөгөөд тэр ёслол нь хожим Чингис хаанд зориулсан тайлга тахилгын бүрэлдэхүүн хэсэг болж, улмаар өдгөө Ордосын монголчуудад уламжлан ирсэн байна.
 
Тэмүжин төрсний дараа биеийг нь анх угаан мялаасны хуримыг билгийн улирлын жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн гурванд дурсан тахилга хийдэг ёслол нь Тэмүжин өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд төрсөн гэсэн түүхийн эх сурвалж бичгүүдийн мэдээтэй авцалдаж байгаа юм.
Тэмүжиний төрсөн сар, өдрийн тухай сурвалж бичгүүдийн болон зан үйлийн мэдээнүүд тийнхүү тохирч байгаа нь түүнийг усан морин жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд төрсөн гэх үндэслэлийг буй болгож байна.
 
-       Их хааны сүүдэр тохиосон он 1162 гэдэгтэй маргах хүн гарахгүй байх. Харин хааны мэндэлсэн огноог өдгөө баримталж буй аргын тооллын сар өдөрт шилжүүлэн тогтоож болоогүй юм уу.
Бид энэ тухайд багагүй цаг зарсан. Эцэст нь түүхийн итгэмжит сурвалжуудад дурьдсан “өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн” – ийг аргын тоололд шилжүүлэх нь он тооллын олон хүчин зүйлийн улмаас бараг боломжгүй зүйл болох нь тодорхой болсон. Чухамдаа асуудлын энэ хэсгийг шинжлэх ухааны өөр нэг салбарын төлөөлөгчид болох одон орон зүйчид, зурхайчид тодорхойлох учиртай. Тэдний асуудал маргаантай байна. Тиймээс Их хааны мэндэлсэн огноог түүхийн эх сурвалжуудад дурьдсан чигээр нь усан морин жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдрөөр ёсчлох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргасан. Ийм дүгнэлтийг түүхийн шинжлэх ухааны төлөөлөл буюу мэргэжлийн түүхчид өөрсдийн олон арван жилийн судалгаа шинжилгээний ажилд тулгуурлан гаргаж байна. Ажлын хэсэгт академич Ш. Бира, доктор, профессор А. Очир, С. Чулуун, Л. Дашням, Ц. Шагдарсүрэн, Ш. Чоймаа, зохиолч, доктор Г. Аким, Л. Пүрэвдорж нарын эрдэмтэд орж ажилласан байгаа.
 
-       Тэгэхээр бид Эзэн хааныхаа төрсөн өдрийг аргын тооллоор биш билгийн тооллын өдөр тэмдэглэнэ гэсэн үг үү ?
 
Тэгэж ойлгож болно, яг л цагаан сар тэмдэглэдэгтэй адил жил бүр хөдөлгөөнтэй байна. Тухайн онд өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр аргын тооллын хэдэн сарын хэдний өдөр тохиож байна тэр өдөр л ёслол төгөлдөр тэмдэглэж байх юм.
 
-       Ажлын хэсгийн санал дүгнэлтийг олон нийт хэрхэн хүлээж авах бол. Судалгаа тандалт хийсэн үү. Танай дүгнэлтэд мэргэжлийн байгууллага хэрхэн хандаж байна вэ.
 
Ажлын хэсгийн дээрх санал дүгнэлтийг ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн хуралдаанаас дэмжсэн болохыг Шинжлэх ухааны Академийн удирдлага Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид албан ёсоор уламжилсан. Ерөнхийлөгч асуудлыг сайтар цэгнэж үзээд зарлигаа буулгах болов уу. Судалгаа тандалтыг тодорхой хүрээнд хийсэн. Одоогоор мэргэжлийн түүхчдээс эсрэг санал бодол гараагүй байна.
 
-       Зарлиг гаргах нь чухал ач холбогдолтойг дурдах нь илүүц биз. Ажлын хэсгийнхэн хэрхэн тайлбарлах бол ?
 
Монголын төр Их хааныхаа төрсөн газар, мэндэлсэн огноог түүхийн эх сурвалж бичиг, ард түмнүүдийн зан үйлийн мэдээ, шинжлэх ухааны судалгаанд тулгуурлан албан ёсны болгож, ёсчлох, улмаар үндэсний бахархалын өдөр болгон ёслон тэмдэглэж, хойч үедээ хэвшүүлэх нь манай улс, үндэстэн, Их Монгол Улсыг залгамжлагчдын хувьд ихээхэн ач холбогдолтой юм.