Р. Болд: Хүн төрөлхтөн мэдлэг боловсролоороо ижилсэж, түүх соёлоороо ялгаран орших цаг ирж байна

Administrator 2010-07-27 16:40:53

 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх тухай зарлиг гаргасантай холбогдуулан Ерөнхийлөгчийн зөвлөх Р. Болдоос зарим тодруулга авлаа.

- Ерөнхийлөгчийн зарлигийн гол агуулгыг хамгийн товчоор хэлбэл?

Монгол Улсын Ерөнхийлөгч үндэсний монгол бичгээ сэргээн хэрэглэх төрийн бодлогын хэрэгжилтийг идэвхжүүлэх, монгол бичгийн хэрэглээний хүрээг үе шаттайгаар нэмэгдүүлэх зорилгоор зарлиг гаргасан. Зарлигт Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдээс гадаад улсын адилтгах төвшний албан тушаалтанд илгээх албан бичиг, захидлыг монгол бичгээр үйлдэж, орчуулгыг тухайн улсын, эсвэл НҮБ-ын албан ёсны аль нэг хэлээр хавсарган илгээж байхаар заасан. Түүнчлэн иргэний төрсний болон гэрлэлтийн гэрчилгээ, бүх шатны боловсролын сургалтын байгууллагаас олгож буй үнэмлэх, диплом, гэрчилгээнд кирилл болон монгол бичгээр зэрэгцүүлсэн бичилт хийж байхаар тогтоов. Мөн монгол бичгийн үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг 2011 оны хоёрдугаар улиралд дүгнэж, хэрэгжилтийг эрчимжүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газарт чиглэл болгосон.

- Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд зэрэг төрийн өндөр дээд албан тушаалтнаас гадаад улсад илгээх албан бичиг, захидлыг монгол бичгээр үйлдэнэ хэмээн чухалчилсаны учир юу вэ?

Товчхон хэлбэл монгол төрийн уламжлалыг сэргээж буй хэрэг. Тухайлбал Чингисийн алтан ургийн Гүюг хаанаас Ромын их хамба ламд илгээсэн захидлын тамгын бичээст монгол бичгээр ”Мөнх тэнгэрийн хүчин дор их Монгол улсын далай хааны зарлиг аливаа улс,дайсан, иргэнд хүрвээс биширтүгэй, аюутугай” хэмээн бичсэн байдаг. Энэ мэт монгол бичгээрээ үйлдэж гадаад улс гүрнүүдийн ихэс дээдэс, хаад ноёдод хүргэсэн түүхэн баримт бичиг, албан захидлыг дурдвал олон байна. Өдгөө цагт энэхүү өв уламжлал сэргэх нь монгол хүний бүтээсэн бичиг соёлыг дэлхий дахинаа дахин зарлан тунхаглаж, монголчууд өнө эртнээс өөрийн бичигтэй байсан юм шүү гэдгийг баталгаажуулж байна гэж ойлговол зохино.

Нөгөө талдаа хүмүүн төрөлхтөний мэргэн ухаанаас төрөн гарсан цөөн хэдэн авианы бичиг үсгийн нэг нь монгол бичиг мөн. Тиймээс энэ нь монголчуудын төдийгүй хүн төрөлхтөний оюуны үнэт зүйл, өв соёл гэдгийг бид мэдүүлэх учиртай. Нөгөө талаар монголын төр өвөг дээдсийнхээ их соёл, уламжлалд гүн хүндэтгэлтэй хандаж байдгийг албан ёсоор харуулж байгаа хэрэг хэмээн ойлгож болно.

- Зарлигт төрсний болон гэрлэлтийн гэрчилгээ, бүх шатны боловсролын үнэмлэх, диплом зэрэгт монгол, кирилл бичгээр зэрэгцүүлсэн бичилт хийж байхаар заажээ. Үүний ач холбогдол юунд байна вэ?

Монгол хүнтэй төрсөн цагаас нь үргэлж хамт байж гэрч тунхаг болдог зүйлс бол эдгээр баримт бичиг биз ээ. Монгол Улсын иргэн болон төрсөн шинэ хүнийг, бас шинээр өрх гэр, гал голомтоо бадрааж буй залуусыг түүх соёлынх нь алтан өв - бичиг үсгээр нь өлгийдөн тосч авах нь зүйд нийцнэ хэмээн Ерөнхийлөгч үзсэн. Үндэсний тусгаар тогтнол гэдэг бол олон баганат өргөө гэртэй адил юм. Тэгвэл энэ монгол өргөөний тооныг тулж буй нэгэн багана нь үндэсний монгол бичиг маань байх ёстой гэсэн санааг тусгасан. Монгол бичиг хүн бүрийн сэтгэл зүрхэнд хоногшин дархлагдах ач холбогдол ч оршин буй.

- Ерөнхийлөгчийн зарлигаар ерөнхий боловсролын сургуульд “Монголын уламжлалт сэтгэлгээ, арга билгийн ухааны үндэс” хичээлийг оруулахаар болсон. Өв соёлоо дээдлэх утгаараа эдгээр зарлигуудын утга санаа ижил юмаа даа?

Тиймээ. Хотол дэлхийн даяарших үйл явц эрчимжиж буй эдүгээ цаг дор монгол хүн монголоороо үлдэх нь чухал гэдгийг Ерөнхийлөгч онцгой анхаарсан. Бид бусдын соёлын довтолгооны гал дор амьдарч байна. Бид өрсөлдөөнт системд оршиж байна. Иймд монголын оюун, сэтгэлгээний өв уламжлалаас суралцах, судлах, хадгалан хамгаалах, сэргээн дэлгэрүүлэх, баяжуулан хөгжүүлэх замаар үндэсний эрх ашиг, эв нэгдэл, аюулгүй байдал, иргэний итгэл үнэмшил, үнэт зүйлс, халдашгүй байдлын баталгааг бэхжүүлэх, монгол хүн бүрийг бага балчраас нь монгол үндэстний уламжлалт соёл, ёс заншил, зан үйлд сургаж амьдрал ахуйд нь мөрдлөгө болгон хэвшүүлэх, монгол хүний өрсөлдөх чадварыг батжуулах хэрэгцээ шаардлага зүй ёсоор урган гарч байна. Уг зарлигийн зорилго нь үндэстнийхээ үнэт зүйл, соёл, түүх, ёслол хүндэтгэл, зан заншлын нийтлэг хэм хэмжээг хойч үедээ таниулах, түүгээр бахархах үзлийг төлөвшүүлэх, өдөр тутмын үйлд нь дагаж мөрдүүлэх явдал юм.

Хүн төрөлхтөн мэдлэг боловсролоороо ижилсэж. түүх соёлоороо ялгаран орших цаг ирж байна.

- Монгол бичгээ сэргээж төрийн албан ёсны бичиг болгох гэсэн санаа бодолтой иргэд, эрдэмтэн мэргэд байдаг. Энэ талаар Ерөнхийлөгч ямар бодолтой байдаг бол?

Монгол бичиг бол даяар Монголын хэл ярианы олон аялгууны онцлогийг шингээж авианы зарчим дээр зохиогдсон боловсронгуй бичиг болохыг бүгд хүлээн зөвшөөрдөг. Ерөнхийлөгч маань тийм санаа бодолтой хүмүүсийн нэг шүү дээ. Энэ гайхамшигт бичгээ улсынхаа албан ёсны бичиг болгох алсын санаа Монгол Улсын Ерөнхийлөгч болгонд л байсан болов уу. “Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” зарлиг бол энэ үйл явцын нэг үе шат.

- Ерөнхийлөгчийн зарлигийг хэдийнээс мөрдөх вэ?

Зарлигийг хэрэгжүүлэхэд шаардагдах бэлтгэл ажлыг хангаж 2011 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан.