АСЕМ-ийн дээд хэмжээний 11 дэх уулзалт

АСЕМ-ийн дээд хэмжээний 11 дэх уулзалт


  • “Өнөөдрийн албан ёсны хэлэлцээ хоёр орны хамтын ажиллагааны шинэ 25 жилийн түүхэн хуудсыг нээх чухал эхлэл болж бичигдэнэ”

    2016-07-17

    Баримт бичгүүдэд гарын үсэг зурсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ нар сэтгүүлчдэд зориулан хэвлэлийн бага хурал хийж айлчлалын талаар мэдээлэл өгөв.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:

    - БНСУ-ын Ерөнхийлөгч Эрхэмсэг хатагтай Пак Гын Хэ энэ өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Эрхэмсэг Ерөнхийлөгч АСЕМ-ын 11 дэх удаагийн дээд түвшний уулзалтад амжилттай оролцсон. АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулахад БНСУ-ын Засгийн газрын зүгээс, мөн Эрхэмсэг Ерөнхийлөгчийн зүгээс анхаарал хандуулж хамтарч ажилласанд баярлаж байна.

    Хоёр сарын өмнө би БНСУ-д айлчилсан. Тэр үед ярьсан олон асуудал өнөөдөр Эрхэмсэг Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр ажил хэрэг болж, санал нэгдэж, гарын үсэг зурж байгаад баяртай байна.

    Манай хоёр орны харилцаа нэгдмэл үнэт зүйлд суурилж, иргэдийн харилцаанд тулгуурласан онцлогтой харилцаа юм. Манай хоёр орны харилцаанд Монгол- БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хороо маш их амжилттай үүрэг гүйцэтгэдгийг тэмдэглэе.

    Эрхэмсэг Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр “Ухаалаг боловсрол” төслийг хэрэгжүүлэх ажиллагаа эхэлж байгаад баяртай байгаа. Төсвийн хүндрэлтэй үед ерөнхий боловсролын сургуулиудын мэдээллийн технологид суурилсан сургалтын чанарыг сайжруулахад энэ төсөл маш их чухал үүрэг гүйцэтгэх юм.

    Дэлгэрэнгүй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Финланд Улсын Ерөнхий сайд Юуха Сипила бараалхлаа

    2016-07-15

    Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АСЕМ-ийн дээд хэмжээний чуулга уулзалтад хүрэлцэн ирсэнд нь Финландын Ерөнхий сайд Юуха Сипилад талархал илэрхийлээд Монголд тавтай саатан морилохыг ерөөлөө.

    Уулзалтын үеэр талууд хоёр талын харилцааг эдийн засгийн утгаар өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улсын зарим асуудлаар ярилцлаа.

    Дэлгэрэнгүй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхий сайд Беата Шыдло бараалхав

    2016-07-15

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхий сайд хатагтай Беата Шыдло бараалхав.

    Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр тал 2015 онд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тэмдэглэснийг дурдаж, Европын холбооны гишүүн, гурав дахь хөрш гэдэг утгаар Польш Улсад монголчууд өндөр ач холбогдол өгч, харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж ирснийг тэмдэглэлээ.

    Монгол-Польшийн Засгийн газар хоорондын комиссын анхны хуралдааныг 2 жилийн өмнө Улаанбаатарт зохион байгуулсан бөгөөд дараагийн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг бэлтгэх ажил эхэлснийг талууд дурдаж байв.

    Дэлгэрэнгүй
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙН AСEM-ЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТЫН ЗОЧДОД ЗОРИУЛСАН НҮҮДЭЛЧДИЙН НААДМЫГ ХААЖ ХЭЛСЭН ҮГ

    2016-07-15

    Улаанбаатар хот                                                                                      Чингисийн хүрээ

    Эрхэм хүндэт зочид оо,

    Эрхэмсэг хатагтай, ноёдоо,

    Ази, Европын орнуудын төр, засгийн тэргүүн нар, хүндэт зочдод болон AСEM-ын 20 жилийн ойд зориулсан Монгол наадам манай үндэсний ёс жаягын дагуу өрнөөд ийнхүү өндөрлөж байна.

    Монголын сайхан орон, сайхан уламжлал, нүүдлийн соёлын дээжисийг шингээсэн Монгол наадмын хүндэтгэл, ёслол, агуулга, өгүүлэмж бүрээс Та бүхэн Монголыг таних мэдлэг дурсамжаа зузаатгасан гэдэгт эргэлзэхгүй байна.

    Дэлгэрэнгүй
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙН АСЕМ-ЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТЫН ЗОЧДОД ЗОРИУЛСАН НҮҮДЭЛЧДИЙН НААДМЫГ НЭЭЖ ХЭЛСЭН ҮГ

    2016-07-15

    Улаанбаатар хот                                                                                      Чингисийн хүрээ

    Эрхэм нөхөд өө,

    АСЕМ-ийн дээд хэмжээний 11 дэх уулзалт эхлэхээс хэдхэн цагийн өмнө Франц Улсын Ницце хотод халдлага болж олон гэмгүй хүн амь насаа алдаж шардхадсан. Өнөөдөр бидний хурлаас терроризмыг санал нэгтэйгээр буруушааж, түүний эсрэг хамтран тэмцэхээ илэрхийлсэн билээ. Уг халдлагад амь насаа алдсан хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэн нэг минут хүндэтгэл илэрхийлье гэж чуулганы хүндэт зочид, төлөөлөгчид санал гаргасан юм. Энэ саналыг би хүлээн авч байна. Тэр хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн босч хүндэтгэл илэрхийлье.

    /Нүүдэлчдийн наадамд ирсэн АСЕМ-ийн гишүүн орнуудын төр, засгийн тэргүүнүүд, бусад төлөөлөгч зочид амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн босч эмгэнэл илэрхийлэв/

    Эрхэм хүндэт зочид оо,

    Эрхэмсэг хатагтай, ноёд оо,

    Монгол наадам бол Монголын ард түмний дээд хүндэтгэлийн илэрхийлэл юм. Монголчууд аугаа түүхээрээ бахархдаг. Олон зууны турш бүтээж хадгалж ирсэн арвин соёл уламжлалаараа бахархдаг. Монголчуудын ялалт амжилт, хөгжил, дэвшлийн нууц ч Монгол наадамтай холбоотой. Монголчуудын ёслол, бахархал, цэнгэлийн дээжээс Та бүхэнд толилуулж байна.

    Дэлгэрэнгүй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Мьянмар Улсын Ерөнхийлөгч, Тайланд Улсын Ерөнхий сайд нартай уулзлаа

    2016-07-15

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Мьянмар Улсын Ерөнхийлөгч У Тин Чяу, Тайланд Улсын Ерөнхий сайд Прают Чан-О-Ча нартай уулзлаа.

    Уулзалтын үеэр Монгол Улс, Мьянмар, Тайландын талуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын хэмжээнд  хамтран ажиллах талаар санал солилцлоо. Мөн Мьянмар, Тайландын төлөөлөгчдийг АСЕМ-ийн уулзалтад амжилттай оролцож, нүүдэлчдийн соёл, ахуйг харуулсан наадамд тавтай саатахыг Монгол Улсын Ерөнхийлөгч урилаа.

     

    Дэлгэрэнгүй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Казахстаны Ерөнхий сайд Карим Масимов бараалхлаа

    2016-07-15

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр Казахстаны Ерөнхий сайд Карим Масимов бараалхлаа.

    Уулзалтын үеэр талууд хоёр орны хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцон ярилцсан юм. Энэ үеэр Улаанбаатар-Астанагийн чиглэлд шууд нислэг үйлдэх асуудлыг шийдэх боломжийн талаар мөн хөндөж байлаа.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевтай дотно сайн харилцаатай байдгаа дурдаж, эсгий туургатан, нүүдэлчин соёлтой ард түмнүүдийн хувьд ижил төстэй зүйлс байдгийг онцлов.

    Дэлгэрэнгүй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Швейцарь Улсын Ерөнхийлөгч Ёханн Шнайдер Аммантай уулзав

    2016-07-15

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Швейцарь Улсын Ерөнхийлөгч Ёханн Шнайдер Аммантай уулзлаа.

    Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АСЕМ-ийн дээд хэмжээний чуулга уулзалтад оролцож Монгол оронд морилон саатаж байгаад нь Швейцарийн Ерөнхийлөгчид талархал илэрхийллээ.

    Швейцарь Улсын Ерөнхийлөгч Ёханн Шнайдер Амман АСЕМ-ийн чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулж байгаад нь Монголын талд хариу талархал илэрхийлэв.

    Уулзалтын үеэр өнгөрсөн нэгдүгээр сард болсон Давосын Эдийн засгийн чуулганы үеэр уулзаж байснаа дурсацгаасан юм. Швецарийн Ерөнхийлөгч мөн Монгол Улс байнга төвийг сахих бодлого боловсруулан хэлэлцүүлгийн шатанд явж байгааг дэмжиж буйгаа илэрхийллээ.

    Дэлгэрэнгүй
  • Монгол Улсын Ерөнхийлөгчид ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель бараалхав

    2016-07-15

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель бараалхав.

    Уулзалтын эхэнд ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель АСЕМ-ийн дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтыг маш сайн зохион байгуулж байгаа Монголын талд талархал илэрхийлэв.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АСЕМ-ийн өндөр дээд хэмжээний чуулга уулзалт хоёр жилд нэг удаа болдог тул 51 гишүүн орноос нэг оронд 100 жилийн хугацаанд дахин болох тийм ховор чухал үйл явдал болж байгааг онцоллоо.

    ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель саяхан Монгол Улсад болсон УИХ-ын сонгуулийн дүнгийн тухай  болон эдийн засгийн байдлын талаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй ярилцав.

    Дэлгэрэнгүй
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ АЗИ ЕВРОПЫН ДЭЭД ТҮВШНИЙ 11 ДҮГЭЭР УУЛЗАЛТЫГ НЭЭЖ ХЭЛСЭН ҮГ

    2016-07-15

    Монгол Улс  Улаанбаатар хот                                                                                      

    Эрхэм хүндэт төр засгийн тэргүүн нар аа,

    Хүндэт төлөөлөгчид өө,

    Хатагтай ноёд оо,

    Монголын сайхан оронд Та бүхнийг тавтай морилон саатахыг хүсье. АСЕМ-ын гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн, түнш байгууллагын удирдлага, өндөр түвшний төлөөлөгчид – тус бүрийн зорьсон хэрэг сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөл өргөе. Та бүхнийг манай улсын нийслэл Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэнд Монголын ард түмэн, төр засаг нэн талархан хүлээн авч байна.

    Монгол Улс бол Ази, Европ тивийн дунд нь оршдог өвөрмөц байршилтай орон. Бөмбөрцөгийн энэ их хоёр тивийг уулзуулж, холбож ирсэн түүхтэй, уламжлалтай улс. Европ Азийн энэ удаагийн дээд түвшний уулзалт нь “Уялдаа холбоотой байж ирээдүйн төлөө түншлэх нь” сэдвийг хэлэлцэх гэж байна. Бас ийм хэлэлцүүлэг өрнөж буй нь олон зуунаас улбаатай юм.

    Найман зууны өмнө Монголын эртний нийслэл Хархорумд Ази, Европ тивийн элчүүд уулздаг байсан. Тэд хоёр тивийн улсуудын хэлхээ холбоог нэмэгдүүлэх, шашин хоорондыг ойлголцлыг бий болгох, худалдааны чөлөөт, аюулгүй байдлыг хангах, шинэ мэдлэг ололтоо солилцох, шуудан холбооны өртөө сүлжээ байгуулах талаар ярилцдаг байжээ. Энэ тухай түүхийн эх сурвалжуудад тодорхой өгүүлсэн байдаг.

    Эрхэм нөхөд өө,

    АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг эх орондоо хүлээн авах нь Монголчуудын хувьд нэр төрийн хэрэг юм. Өнгөрөгч 2 жилийн хугацаанд АСЕМ-ын олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх, дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад санхүү, эд материал, хүний нөөц, мэргэжлийн туслалцаа дэмжлэг үзүүлсэн, хамтран ажилласан улс орон, байгууллага, хамт олонд Монгол Улсын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

    Дэлгэрэнгүй