Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.09.24/ Өвөрхангай аймагт ажиллаж, тус аймгийн иргэдтэй уулзсан.
Уулзалтын үеэр иргэдийн хэлсэн саналыг тоймлон хүргэж байна.
Өвөрхангай аймгийн иргэн Даваасүрэн:
“…Төмөр замын их бүтээн байгуулалтыг хэрэгжүүлж, ажил хэрэг болгож байгаа Ерөнхийлөгчдөө, бүтээн байгуулагчдад талархал илэрхийлье. Сайхан зам тавьж байгаа юм билээ. Энэ төмөр зам Монгол Улсын 21 дүгээр зууны, магадгүй ирэх 22 дугаар зууны хөгжлийг тодорхойлно гэж би харж байгаа. Ард түмэн үнэхээр баяртай байгаа. Танд амжилт хүсье.
Би Монгол Улсын 200 гаруй сумаар явж үзсэн, 110 сум нь үнэндээ дампуурсан байна. Хоёр гудамж, 17 өрхтэй сум байна. 67 хүүхэдтэй, нэг ангид таван хүүхэдтэй сум байна. Гурван давхар сургуулийнхаа хоёр давхрын шатыг өвлийн бэлтгэл хийхээр хааж, зөвхөн доод давхартаа хичээллэхээр бэлтгэж байгаа сум байна. Сургууль, цэцэрлэггүй сумууд байна. Үндсэндээ 330 гаруй сумын 210 сум нь татан буугдахдаа тулчихсан, ийм хүнд асуудал байна. Төр засгаас энийг анхааран үзэж, иж бүрэн арга хэмжээ авах хэрэгтэй байна. Шинэ сум гээд сайхан төсөл хэрэгжиж байсан. Үүнийг боловсронгуй болгоод явах ёстой байсан юм. Одоо сумын шинэчлэл гээд явах нь л дээ. Гэхдээ энэ асуудалд иж бүрэн судалгаатай, ОХУ, БНХАУ шиг хандмаар юм билээ. Мөн сум, аймгийг дагаад намчирхал гаарч байна. Бүх газар, тендер, зээл тусламж, модны гоожин, хүнсний талон бүгд нам дээр тогтож байна. Ингэж намчирхаж байгаа газар хүн тогтохгүй байна шүү дээ.
Дараагийн асуудал бол тэгш бус байдал. Эрүүгийн хуулиар хоёр бод малын хулгай хийсэн хүнд 5-8 жилийн ял оноодог. Гэтэл 50 тэрбум төгрөгийн асуудал, Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг Засгийн газраар төлүүлсэн асуудал, банк дампууруулсан гэх мэт хэргүүдэд хоёр жилийн ял оноож байна. Энэ шударга асуудал мөн үү, биш үү? Хуулийн тэгш бус байдлыг арилгаж өгөөч. Хууль иргэнд хатуу, дарга нарт зөөлөн. Ийм л төртэй болчихлоо. Үүнд анхаараарай.
Өвөрхангай аймгийн иргэн Дашцэрэн:
“…Манай төр болохоо байчихжээ. Засгийн бүх эрх ард түмний гарт гэдэг утга алдагдчихсан байна. Ард түмний 44-хөн хувийн саналаар төр барьж байна. Яаж болох юм бэ? Бусдынх нь санал алга байна шүү дээ. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд явагдсан бүх сонгуулийн дүнг ажиглаж, судалгаа хийж үзлээ. Ард түмэн бодлого сонгодог юм байна. Хүн сонгодоггүй юм байна. 1990 оноос хойших бүх сонгуулийн дүнг хараад байхад бодлогыг нь сонгож байна. Бодлогыг нь сонгож байгаа учраас бор халзан туулай байсан ч сонгогдоно. Уул нь миний санал ямар нэгэн байдлаар, зуу, мянганы нарийвчлалтайгаар УИХ-д шингэсэн байх ёстой. Ингэж байж засгийн эрх бүх ард түмний мэдэлд байна гэдэг Үндсэн хуулийн заалт хэрэгжинэ. Би давтаад хэлье. Нийгмийн харилцааг зохицуулах гэж хууль гаргадаг болохоос биш хууль гаргачихаад “чи үүнийг мөрд” гэж ард түмнээ шахаж шаардах нь дэмий. Монголын төр дампуурлын ирмэгт ирчихээд байгаагийн тод жишээ нь энэ шүү. Нэг үгээр хэлбэл төрийн реформ хийхгүй бол энэ төр цаашаа явахгүй нь.
Өвөрхангай аймгийн иргэн Луухүү:
“…Сүүлийн хэдэн жилд мал маллахад тун хэцүү болсон. Хур бороо ч байхгүй, байгаль өөрийгөө нөхөн сэргээж чадахгүй, хүнээр бол маш хөгширсөн байна. Энэ байгаль дэлхий ямар нэг арчилгаа, тордолт хийхгүй бол байгаль сөнөхөд тун ойрхон болжээ. Үүн дээр Ерөнхийлөгч Та анхаарал тавьж өгөөч ээ. Ялангуяа говийн сумдад хэцүү байна. Говь гэдэг бол ус байдаггүй, ургамал ургадаггүй газар. Үүнд аймаг, орон нутгийнхан анхаарал тавьж, өвс тэжээлийг хямд үнээр зүүн аймгуудаас дамын наймаачингуудаас өмнө нийлүүлж, ард түмэндээ туслах арга байна уу?”
Өвөрхангай аймгийн иргэн Батзаяа:
“…Амьдрал мэддэг дарга ерөөсөө байхгүй болж байна. Төрд гараад баахан байшин барьж, барилга, хот байгуулалт л яриад байдаг. Баахан байшин баригдаад л байна. Энэ ямар ч ашиггүй. Соёлын төв, захиргааных нь байшин байж байхад өчнөөн төсөв, тэрбум төгрөг зарлагадаад л шинэ захиргаа, соёлын төв барьж байдаг. Хувь хүний, малчдын амьдрал сайжирч байж Монгол Улс хөгжинө. Монголчууд бүгд ажилтай, авдаг цалин нь амьдралд нь хүрэлцдэг байвал Монгол Улс хөгжинө. Түүнээс биш сайхан байшин барилга бариад хөгжихгүй гэж би хувьдаа хардаг.
Хоёрдугаарт, мал аж ахуй бол Монголыг авч явж байгаа ганц салбар. Малчин хүн байхгүй бол Монгол Улс байхгүйтэй адил болно. Уул уурхайн салбар бол дуусдаг баялаг, ундардаг баялаг биш. Мал аж ахуй байхгүй бол Монгол орон цаашаа явахгүй. Тэгэхээр арьс, нэхийн үйлдвэр, энэ чиглэлийг сайн дэмжээд өгөөч ээ. Одоо хонины нэхий, үхрийн шир хог дээр хаягдаж байна.”
Өвөрхангай аймгийн иргэн Нарантуяа:
“…Би 1989 оноос хойш хүний эрхийн төлөө тэмцэж яваа хүн. Одоо би өөрөө ч ойлгохоо болиод байна. Хүний эрх, эрх чөлөө, дарангуйлал ялангуяа манай Өвөрхангай аймагт арай дэндсэн. Би Зөрчлийн хуулийн тухай зориуд ярья гэж бодож байна. Би жижиг лангуу ажиллуулдаг. Лангуун дээр НӨАТ гээд ярихаар нь би үгээ хэлсэн. Үгээ хэлснийхээ төлөө би цагдаад дуудагдсан. Дараа нь би УИХ-ын сонгуулиар “музейн барилгыг таван тэрбумаар барьж байгаа” гэдэг ам яриаг үнэн үү гэж асуусныхаа төлөө дахин дуудагдсан. Энэ чинь юу гэсэн үг юм бэ? Яагаад иргэдээ хавчиж байгаа юм бэ? Энэ арай л дэндүү байна. Бид дарангуйлал дор байна.
Намайг багш байхаас эхлээд “багш нарын ажил хаялтыг удирдсан” гээд ажлаасаа гар гэсээр байгаад тэтгэвэрт гаргасан. Гэтэл надтай хамт тэтгэвэрт гарах байсан хүмүүс таван жил ажиллаад явж л байна. Миний лангуунаас юм авч болохгүй шүү гэж ярьсан байна лээ. Ингэж хүний бизнес, эрхэнд халдана гэж юу гэсэн үг юм бэ?”
Өвөрхангай аймгийн иргэн Нармандах:
“…Ерөнхий боловсролын сургуульд ажилладгийн хувьд, орчноо харж байхад ч гэсэн Монгол Улсад маань хүүхдийн хүмүүжлийн асуудал асар их хаягдлаа. Гэртээ очоод телевизээ асаахад баахан солонгос кино, эсвэл “Наруто” гээд олон янзын юм гарч, энэ олон сувгууд замбараагаа алдлаа. Үүнийг цэгцэлж болдоггүй юм уу?
Монголынхоо ёс уламжлал, зан үйлийг сурталчилсан, монгол ардын үлгэр домог, туульс ярьсан орчин ховорджээ. Тийм учраас хүүхдийн хүмүүжлийн үүднээс энэ олон ангит кинонууд, сувгуудыг цэгцэлмээр байна.”
Өвөрхангай аймгийн иргэн Батсүх:
“…Бид нар үр хүүхдүүдээ гавьяа шагнал байгуулсан бол талархаж, бидний буруугаас болж үр хүүхдэд маань хагацал, гамшиг тохиолдсон бол уучлаарай гэж хэлж болохоо байчихсан улс юм уу? Би үүн дээр маш их эмзэглэж явдаг. Энэ жил гэхэд наадмын үеэр зам тээврийн ослоор өдөрт 11 хүн нас барахад гурав нь хүүхэд байсан гэсэн. Үүн дээр хариу арга хэмжээ авдаг, хариуцлага тооцдог, ядаж л уучлаарай гээд хэлчихдэг хүнийг лав олж харсангүй. Надад тохиолдсон нэг жишээг ярья л даа.
Долдугаар сарын 2-ны өдөр Есөнзүйл суманд үер бууж, манай хоёр хүүхдийн амарч байсан айл үерт урсаж, гэр оронгүй болсон. Тэр үеэр манай 15 настай хүү 45 минутын турш ноцолдож байж, үерийн уснаас гурван хүүхдийн амийг аварсан. Тэгэхэд Есөнзүйл сумын удирдлагууд над руу дайраад байгаа юм. “Чи юугаа хийж хүүхдээ тэр айлд аваачсан юм, хохь нь” гэсэн. Энэ юу гэсэн үг вэ? Миний хүүхэд энэ хүмүүст ямар гай болсон юм бэ? Энэ ямар гээчийн нийгэм бэ? Бид мунхаг харанхуй руу явж байна. Энэ асуудлыг нийгмийн сүлжээнд ярихаар хар мянган юм ярьдаг.”
Өвөрхангай аймгийн иргэн Намсрай:
“…Залуус бид нар Улаанбаатар хотод дөрвөн жил сураад, аав ээжийнхээ хуруу хумсаа хугалан байж олсон мөнгөөр дээд боловсрол эзэмшээд орон нутагтаа ажиллая гээд ирэхэд ажлын байр хомс байдаг. Сонгон шалгаруулалт зарлагдсан байгууллагын дарга дээр очоод, би ажиллая гэхээр нэг бол намын батлах, үгүй бол таван сая төгрөг нэхдэг. Эсвэл нэг хүнээр яриул гэдэг. Бид 20-30 сая төгрөгөөр дээд боловсрол эзэмшчихээд нутагтаа ирээд ажиллах гэхээр таван сая төгрөг нэхэхээр бид энэ мөнгийг хаанаасаа олох юм бэ? Үүнийг болих цаг нь болсон байна. Аж үйлдвэрлэлийг хөгжүүлж, Улаанбаатарт ажиллаж байгаа залуусаа Өвөрхангай аймагтаа татах цаг нь болсон гэж бодож байна.”
Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга иргэдийн асуултад хариулж, үг хэлэхдээ, “Ерөнхийлөгчийн орон нутгийн иргэдтэй хийж буй уулзалтуудад ихэнхдээ иргэд оролцсон, юмаа чөлөөтэй ярьж, илчилчихдэг уулзалт болоод байна уу гэж ажиглаад байгаа юм. Аливаа уулзалтыг намын сүлжээгээр иргэдийг цуглуулж, алга ташилтаар дүүрэн хурал хийх хэрэггүй. Болж өгвөл яг иргэдээ суулгаад, ямар нэг байдлаар цензур тавихгүйгээр яриулмаар байгаа юм. Олон аймгуудаар явлаа, ийм зүйл маш их ажиглагдаж байна. Жишээ нь гэхэд Баянхонгор аймагт 6-7 тэрбум төгрөгөөр сургууль, эмнэлэг барьж байна гээд дэд бүтэцгүй газарт, гэр барьж байгаа юм шиг байшин барьсан байна. Саяхан гэхэд 2020 оны улсын төсөвт багийн төвд Иргэний танхим барина гээд 200 сая төгрөг суулгасан байх жишээтэй.
Уулзалтын үеэр олон малчны зүгээс саналууд гарч байна л даа. Байшин барьснаараа Монгол Улс хөгжихгүй ээ. Одоо байшин барилга гэхээс илүү ажлын байрыг олноор бий болгодог аж үйлдвэрт анхаараач гэсэн саналуудыг иргэдээс тавьж байна.
Мөн төмөр зам баригдаж байж говийн бүсийг эзэнтэй, устай, худагтай болгоно. Ус худгаа дагаад малчинтай болно. Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар аймгуудад 700 орчим км төмөр замын ажил өнгөрсөн оны наймдугаар сард эхэлсэн. Одоо газар шорооны ажил үндсэндээ дуусаж байна. Энэ замыг барьж байгаа монгол инженерүүд, монгол залуучууд, монгол цэргүүд доод тал нь 2.6 сая, дээд тал нь 5-8 сая төгрөгийн цалинтай ажиллаж байна” гэсэн юм.
Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү.