Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2006 оны 302 дугаар зарлигаар батлагдсан Монгол Улсын Төрийн шагналын дүрмийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, эрүүл мэндийн салбарын дөрвөн бүтээлд Төрийн шагнал хүртээлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар:
“Элэг шилжүүлэн суулгах эмчилгээг Монгол Улсад нутагшуулсан нь” сэдэвт хамтын гарамгай бүтээл туурвин, 2011 оноос хойш анагаахын шинжлэх ухааны орчин үеийн дэвшилтэт нарийн технологи болох эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг эх орондоо өндөр түвшинд нутагшуулан 115 хүнд элэг шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийж, Монголын анагаах ухааны хөгжил, ард иргэдийн эрүүл мэнд, амь насыг авран хамгаалах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж буй Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургууль, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эрдэмтэн багш, эмч нарын хамтарсан Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах Үндэсний багийн гишүүд:
Багийн ахлагч:
- Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Мэс заслын тэнхимийн эрхлэгч, Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн мэс заслын зөвлөх эмч, Монгол Улсын Хүний гавьяат эмч, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Оргойн Сэргэлэн;
Багийн гишүүд:
- Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвийн Эс эд, эрхтэн шилжүүлэн суулгахыг зохицуулах албаны дарга, Монгол Улсын Хүний гавьяат эмч, Тэргүүлэх зэрэгтэй эмч, Анагаах ухааны магистр Пандааны Батчулуун;
- Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхимийн эрхлэгч, Анагаах ухааны доктор, профессор Дүгэрийн Даваадорж;
- Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг, Яаралтай тусламжийн төвийн дарга, Тэргүүлэх зэрэгтэй эмч Донхимын Чулуунбаатар;
- Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Мэдээгүйжүүлэг, яаралтай тусламжийн тэнхимийн эрхлэгч, Зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, профессор Лүндэгийн Ганболд;
- Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Мэс заслын тэнхимийн ахлах багш, Мэс заслын зөвлөх эмч, Анагаах ухааны магистр Сандагийн Эрдэнэ;
- Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Мэс заслын ерөнхий мэргэжилтэн, Монгол Улсын Хүний гавьяат эмч, Анагаах ухааны доктор Лувсандоржийн Амгалан;
- Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, Зөвлөх эмч, Анагаах ухааны доктор Очирхүрээгийн Баярмаа;
- “Дөрвөн билэг” эмнэлгийн Дүрс оношилгооны зөвлөх эмч, Анагаах ухааны магистр Бавуужавын Эрдэнэбилэг нар Төрийн шагнал хүртлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар:
“Бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг Монгол Улсад нэвтрүүлсэн нь” сэдэвт хамтын гарамгай бүтээл туурвин, 1996 оноос анагаахын шинжлэх ухааны орчин үеийн дэвшилтэт нарийн технологи болох эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг эх орондоо өндөр түвшинд нутагшуулан 233 хүнд бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийж, Монголын анагаах ухааны хөгжил, ард иргэдийн эрүүл мэнд, амь насыг авран хамгаалах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж буй Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Бөөр шилжүүлэн суулгах Үндэсний багийн гишүүд:
Багийн ахлагч
- Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Урологи, андрологийн төвийн дарга, Тэргүүлэх зэрэгтэй эмч, Анагаах ухааны доктор, дэд профессор Дагвадоржийн Баян-Өндөр;
Багийн гишүүд
- Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Урологи, андрологийн төвийн зөвлөх, Монгол Улсын Хүний гавьяат эмч, Төрийн шагналт, Анагаах ухааны доктор, профессор Даваажавын Нямсүрэн;
- .Монгол-Солонгосын Дорнын анагаах ухааны төвийн захирал, Монгол Улсын Хүний гавьяат эмч, Анагаах ухааны доктор, профессор Лхамсүрэнгийн Жамбалжав;
- “Мөнгөн гүүр” эмнэлгийн Мэс заслын зөвлөх, Тэргүүлэх зэрэгтэй эмч, Анагаах ухааны магистр, Клиникийн профессор Батчулууны Төмөрбаатар;
- “Энэрэл” эмнэлгийн дарга, Зөвлөх зэрэгтэй эмч, Анагаах ухааны магистр, Клиникийн профессор Бат-Очирын Бямбадаш;
- Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Лабораторийн дарга, Тэргүүлэх зэрэгтэй эмч, Анагаах ухааны доктор, Клиникийн профессор Жигжидсүрэнгийн Саранцэцэг;
- Тэргүүлэх зэрэгтэй эмч, Анагаах ухааны доктор, дэд профессор Батсуурийн Бямбадорж;
- Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Лабораторийн эмч, Тэргүүлэх зэрэгтэй эмч, Анагаах ухааны магистр, Клиникийн профессор Банзрагчийн Оюунбилэг нарт Төрийн шагнал хүртээлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар:
“Өвдөг, түнхэнд хиймэл үе суулгах мэс засал, эмчилгээний аргыг Монгол Улсад нэвтрүүлж нутагшуулсан нь” сэдэвт хамтын гарамгай бүтээл туурвин, 1999 оноос хойш анагаахын шинжлэх ухааны орчин үеийн дэвшилтэт технологи болох хиймэл үе суулгах эмчилгээг эх орондоо өндөр түвшинд нутагшуулан 3000 хүнд өвдөг түнхэнд хиймэл үе суулгах мэс засал, эмчилгээг амжилттай хийж, Монголын анагаах ухааны хөгжил, ард иргэдийн эрүүл мэнд, амь насыг авран хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн Хиймэл үе суулгах мэс заслын багийн гишүүд:
Багийн ахлагч:
- Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Зөвлөх эмч, Эрүүл мэндийн яамны Гэмтэл согогийн ерөнхий мэргэжилтэн, Монгол Улсын Хүний гавьяат эмч, Клиникийн профессор Самдангийн Отгонгэрэл;
Багийн гишүүд:
- Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Клиникийн тасгийн эрхлэгч, Гэмтлийн Зөвлөх зэрэгтэй эмч, Клиникийн профессор Базарын Батзориг;
- Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Яс, үений гэмтлийн тасгийн эрхлэгч, Тэргүүлэх зэрэгтэй эмч, Клиникийн профессор Сандуйжавын Сүхбат;
- Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Яс, үений гэмтлийн тасгийн Тэргүүлэх зэрэгтэй эмч, Клиникийн профессор Рэгзэнгийн Баяртулга;
- Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Мэдээгүйжүүлэлтийн тасгийн эрхлэгч, Мэдээгүйжүүлэгч, Тэргүүлэх зэрэгтэй эмч, Клиникийн профессор Жуунайн Түмэн-Өлзий нарт Төрийн шагнал хүртээлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар:
“Уруул, тагнайн төрөлхийн сэтэрхий эмгэгийн эмчилгээ, үйлчилгээг Монгол Улсын хэмжээнд цогц шийдсэн нь” сэдэвт хамтын гарамгай бүтээл туурвин 1999 оноос Уруул, тагнайн төрөлхийн сэтэрхий эмгэгийн судалгаа, эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэн оношилгоо, эмчилгээний арга, стандартыг боловсруулж, эмнэл зүйд амжилттай нэвтрүүлэн 3280 хүүхдэд уруул, тагнайн төрөлхийн сэтэрхий эмгэгийн мэс засал, эмчилгээ хийж, Монголын анагаах ухааны хөгжил, хүүхэд багачуудын төрөлхийн эмгэгийг мэс заслын аргаар эмчлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, буй Эх хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төвийн Эрүү, нүүрний мэс заслын тасгийн Уруул, тагнайн төрөлхийн сэтэрхийн эмгэгийн мэс засал, эмчилгээний багийн гишүүд:
Багийн ахлагч
- Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрүү, нүүрний мэс заслын тасгийн эрхлэгч, Зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, Клиникийн профессор Гонгоржавын Аянга;
Багийн гишүүд
- Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрүү, нүүрний мэс заслын тасгийн Тэргүүлэх зэргийн эмч, Анагаах ухааны магистр Жаргалдаваагийн Эрдэнэцогт;
- Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрүү, нүүрний мэс заслын тасгийн Тэргүүлэх зэргийн их эмч, Анагаах ухааны магистр, Клиникийн профессор Дашнямын Цэрэндулам;
- Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрүү, нүүрний мэс заслын тасгийн Хэл яриа заслын их эмч, Анагаах ухааны доктор, Клиникийн профессор Баасангийн Булган;
- Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрүү, нүүрний мэс заслын тасгийн Эрүү нүүрний гажиг заслын их эмч, Анагаах ухааны магистр, Клиникийн профессор Магсаржавын Эрдэнэсайхан нарт Төрийн шагнал хүртээлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга шагнал гардуулсныхаа дараа:
Эрхэм төрийн шагналтнууд аа, эрүүл энхийн үйлсийн манлайлагчид аа
Монгол түмний уламжлалт баяр Цагаан сарын баярын мэндийг Та бүхэнд угтуулан айлтгая.
Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургууль, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эрдэмтэн багш, эмч нарын “Бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг Монгол Улсад нэвтрүүлсэн үр дүн”, “Элэг шилжүүлэн суулгах эмчилгээг Монгол Улсад нутагшуулсан нь”, Гэмтэл, согог судлалын Үндэсний төвийн эмч нарын “Өвдөг түнхэнд хиймэл үе суулгах мэс засал, эмчилгээний аргыг нэвтрүүлж нутагшуулсан нь”, Эх хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төвийн эмч нарын “Уруул, тагнайн төрөлхийн сэтэрхийн эмчилгээ үйлчилгээг Монгол Улсын хэмжээнд цогц шийдсэн нь” бүтээлүүдэд өнөөдөр Төрийн шагнал хүртээлээ.
Та бүхний иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө зориулсан оюун сэтгэл, олон жилийн хүч хөдөлмөрийг үнэлэх төр ёстой. Төр байгаа дор гавьяа шагнал буй. Гавьяа шагнал байгаа дор хөдөлмөр зүтгэл буй хэмээх уламжлалт үзэл баримтлалыг Монголын төр үл тасалдуулан авч яваагийн нэгэн илрэл нь шилдэг бүтээлд олгодог Төрийн шагнал юм.
Өнөөдөр Бөөр шилжүүлэн суулгах багийн гишүүн, Монгол Улсын гавьяат эмч Даваажавын Нямсүрэн хоёр дахь удаа Төрийн шагнал хүртэж байгаа нь бахархалтай байна. Багийн гишүүд Монгол Улсын Хүний гавьяат эмч Лхамсүрэнгийн Жамбалжав, Оргойн Сэргэлэн, Пандааны Батчулуун, Лувсандоржийн Амгалан, Самдангийн Отгонгэрэл, Дагвадоржийн Баян-Өндөр, Дүгэрийн Даваадорж, Донхимын Чулуунбаатар, Жигжидсүрэнгийн Саранцэцэг, Жуунайн Түмэн-Өлзий, Рэгзэнгийн Баяртулга, Гонгоржавын Аянга, Баасангийн Булган нарын тэргүүтэй 27 эмчид мөн Төрийн шагнал хүртэж байгаад нь талархал, бахархлаа хамтад нь илэрхийлье.
Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн багш нар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн өндөр мэргэшлийн эмч, сувилагчид хамтран бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг 1996 оноос эхэлж; 2006 онд үндэсний баг байгуулагдсанаар эдүгээ 234 хүнд, 2011 оноос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг эхэлж, өнөөдрийн байдлаар 115 хүнд, Эх, хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төвийн Уруул, тагнайн төрөлхийн сэтэрхийн мэс заслын баг сүүлийн 22 жилд 3,280 хүүхдэд, Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн Өвдөг, түнхэнд хиймэл үе суулгах мэс заслын баг 1998 оноос өнөөдрийг хүртэл 3,000 гаруй хүнд мэс заслын эмчилгээг амжилттай хийсэн байна.
Элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн өвчтөний нэг жил амьдрах хувь 93.6, бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн өвчтөний нэг жил амьдрах хувь 98.9 байгаа нь дэлхийн өндөр хөгжилтэй орны элэг, бөөр шилжүүлэн суулгах бусад төвүүдийн үзүүлэлтэй дүйцэх хэмжээнд хүрч, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах холбооноос өндөр үнэлгээ авчээ.
Эх хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төвийн баг уруул тагнайн төрөлхийн сэтэрхийн мэс заслыг эх орондоо бүрэн нутагшуулахын зэрэгцээ Хятад, Мьянмар, Индонези, Филиппин, Орос зэрэг улсад уригдан, хүмүүнлэгийн ажилд оролцож, 200 орчим хүүхдэд мэс засал хийсэн байна.
Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн өвдөг, түнхэнд хиймэл үе суулгах мэс заслын багийн хамт олон гэмтэл согогийн оношилгоо, эмчилгээнд мэс заслын 40 гаруй аргыг нэвтрүүлэн яс, үений эмгэг, хугарал бэртлээс шалтгаалж хөгжлийн бэрхшээлтэй болох хүндрэл эрсдэлээс иргэдээ хамгаалж, тэдний амьдралын чанарыг сайжруулахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулж байна.
Гадаадын бусад оронд 10-25 мянган ам.доллароор хийгддэг дээрх хагалгааг 5,000 орчим удаа хийсэн гэхээр манай иргэдийн гадаад улсыг зорих, эмчилгээнд зарцуулах зардал ийм хэмжээгээр хэмнэгдсэн гэж үзэж болохоор байна.
Монгол Улсын хамгийн үнэт баялаг болох иргэдийн эрүүл мэндийг нөхөн сэргээх үйлсэд зүтгэж байгаа эмч, сувилагчдын маань мэдлэг боловсрол, мэргэшлийн ур чадвар, өндөр түвшинд хүрснийг илтгэн харуулсан Та бүхэнд эмчлүүлэгсэд болон нийт ард түмнийхээ өмнөөс дахин гүн талархал илэрхийлье.
Та бүхний цаашдын ажил үйлс, амьдралд тань аз жаргал, амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Цагаан сар амар амгалан, дэлгэр сайхан болох болтугай. Хүн ард минь сэтгэл тэнүүн, энх цагтай учран золгох болтугай” гэлээ.