Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Я.Санжмятав: Үндсэн хуулийн цэц ямар нэгэн нөлөөнд автахгүй, хуулийн дагуу шийдвэрээ гаргаж албажуулах ёстой
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнөөдөр /2021.03.24/ хэвлэлийн хурал хийлээ. Хэвлэлийн хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Я.Санжмятавын хийсэн мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Я.Санжмятав:
“Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй холбоотой “эзэнтэй, эзэнгүй” мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр явж байгаатай холбогдуулан Ерөнхийлөгчийн институцийн зүгээс тодорхой мэдээлэл өгье.
Үндсэн хуулийн цэцийн Бага суудлын хуралдаан таван хүний бүрэлдэхүүнтэй хуралдаж, гурав нь санал өгдөг юм байна. Хэвлэлээр гарсан мэдээлэл, тухайн хуралдаанд оролцсон гишүүний ярьснаар гурван хүний хоёр нь зөв зүйтэй асуудал байна гэсэн шийдвэрийг гаргаж, нэг гишүүн нь хурлаа дуусангуут санал өргөсний дараа гараад явчихсан гэдэг зүйл яригдаж байгаа нь ноцтой асуудал. Ямар нэгэн нам, бүлэглэлийн нөлөөлөлд Үндсэн хуулийн цэц түүний гишүүн орох ёсгүй гэдгийг та бүхэн ойлгож байгаа. Үүний дараагаар тухайн шийдвэр албажих ёстой. Албажих хугацаа 2, 3 өдөр боллоо. Энэ хугацаанд тухайн маргаанд орсон Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоогийн асуудлыг УИХ-руу авчирч, хугацаа нь дууссан гэдэг шалтгаанаар шийдвэр албажаагүй байгаа дээр нь хүчингүй болгож, дахин маргаан үүсгэх асуудлаар тодорхой хүчнээс үүрэг, даалгавар авсан гэж хардахуйц үйлдэл хийж байгаад төрийн бодлого тодорхойлж, хууль эрх зүйт төрийг бэхжүүлэхийн төлөө ажиллаж явсан хүний хувьд эмгэнэлтэй, эмзэглэлтэй хандаж байна. Үндсэн хуулийн цэц ямар нэгэн нөлөөнд автахгүй, хуулийн дагуу шийдвэрээ хурдан гаргаж, Үндсэн хуулийн цэц хариуцлага хүлээж гарын үсэг зурахгүй байгаа гишүүнээрээ гарын үсэг зуруулах үүрэгтэй байх гэж бодож байна.
Шүүхийн хуралдаанд орсон шүүгчдийн хувьд хэн нэгэн нь зөрүүтэй саналтай байсан ч олонхоо дагаж, үг дуугүй гарын үсгээ зурж албажуулдаг. Үндсэн хуулийн цэцэд тэр журам хадгалагдаж, тэр хэмжээгээр шийдэгдэх ёстой байх гэж ойлгож байна. Өөрийн үзэл бодолд нийцээгүй гэдэг шалтгаанаар төрийн хэргийг гацаах асуудалд тодорхой хариуцлага хүлээх ёстой. Энэ чиглэлээр юу ч дуугарахгүй байгаад харамсаж байна.
Үндсэн хуулийн цэц хуулийнхаа дагуу шийдвэр гаргах хэрэгтэй. УИХ-ын шийдвэрт хориг тавих асуудлыг тав хоног хүлээдэг. Төрийн мэдээлэлд гарсны дараа гэдэг асуудал Үндсэн хуулийн цэцийн хууль болон журмууд дээр байхгүй байна. Цаг хугацаа хожин УИХ-ын байнгын хорооны хурлыг хуралдуулж, УИХ-ыг маргааш хуралдуулан цэцийн уг маргаантай шийдвэрийг шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг татах тухай асуудлыг оруулж ирлээ. Улсын Дээд шүүхээс зарласан Үндсэн хуулийн цэцийн хоёр гишүүний хугацаа нь болж, тэтгэвэрт гарч байгаа учраас жил болчихлоо гээд зарласан. Нийт 16 хүнээс шүүж оруулахдаа яагаад нэгийг нь гаргаж ирж байгаа юм бэ. Тэр дундаа Ш.Цогтоог оруулж ирж байгаа нь ямар учиртай юм бэ. Тийм учраас Улсын Дээд шүүх УИХ буюу ард түмний төлөөлөл рүү ачаалал өгөлгүйгээр дотроо ярьж, уг хоёр гишүүнийхээ асуудлыг давхар хамтад нь оруулж ирэх нь хуульт, төрт Монгол Улсын хувьд зөв, зүйтэй асуудал болно гэж харж байна.
Үндсэн хуулийн цэц ямар нэгэн нөлөөлөлгүйгээр шийдвэр гаргах ёстой. Нэг гишүүн нь гарын үсгээ зурахгүй цаг хугацаа хожиж байгаа асуудлаа болих хэрэгтэй. УИХ Үндсэн хуулийн цэцэд нөлөөлөх эрх байхгүй. Долоо хоногийн өмнө УИХ-ын хэлэлцэх асуудлын тов гардаг. Тэр хэлэлцэх асуудал дээр нэмээд Цэцийн гишүүний асуудлыг оруулж ирж байгаа нь увайгүй бөгөөд нэг намын дарангуйлал Монгол Улсад бүрэн тогтсоныг илчилсэн илэрхийлэл гэж бодож байна. УИХ-ын 65 гишүүний нөлөөлөл, төлөөллөөр монгол төрийг дагнасан ганц намтай нөхцөл байдал руу оруулахгүй байх гэж найдаж байна. Тийм учраас УИХ-руу оруулахгүйгээр асуудлаа хурдан шийдэж, ард иргэдэд танилцуулах ёстой” гэлээ.