Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол ардын намыг тараах үндэслэл бүрдсэнийг мэдэгдэж, холбогдох баримт, материалыг Улсын Дээд шүүхэд хүргүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр захирамж гаргаж, “Монгол ардын намыг тараах” үндэслэл бүрэн бүрдсэнийг нотлон зарлаж, Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлүүлэхээр болсон. Үүнийхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нийт ард түмэндээ хандан илгээлт гаргаж, 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 11:00 цагт Улсын дээд шүүхэд өөрийн биеэр очиж, Монгол ардын намыг тараах тухай үндэслэлийг нийт шүүгчдэд нь танилцуулж, нотлох баримт, холбогдох бусад материалуудыг хүлээлгэн өгөх байсан боловч тус шүүхэд цар тахлын тохиолдол илэрч, хорио цээрийн дэглэм тогтсоноос шалтгаалан хойшилж, шуудангаар хүргүүлэхээр болсон юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Улсын дээд шүүхэд хүргүүлсэн баримт, материалтай танилцана уу.
“МОНГОЛ АРДЫН НАМЫГ ТАРААХ ҮНДЭСЛЭЛ БҮРДСЭНИЙГ МЭДЭГДЭХ ТУХАЙ” МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2021 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 22-НЫ ӨДРИЙН Е/28 ДУГААР АЛБАН БИЧИГ:
Дээд шүүх албан бичиг
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2021 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 22-НЫ ӨДРИЙН Е/28 ДУГААР АЛБАН БИЧГИЙН ХАВСРАЛТУУДТАЙ ТАНИЛЦАНА УУ.
МОНГОЛ АРДЫН НАМЫГ ТАРААХ ҮНДЭСЛЭЛ, ҮЙЛ БАРИМТ - №01
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 04 дүгээр захирамжийн 2.1 дэх хэсэгт дурдсан үйл баримтын нотолгоо:
Монгол ардын намын зүй бус, хууль бус дарангуйлал нь Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, иргэдийн эрх, эрх чөлөөний гол баталгаа, хамгаалалт болсон Монгол Улсын Үндсэн хуулийг эрсдэлд оруулж, Монгол Улсын ардчилалд болон Монголын ард түмэн, үндэстний аюулгүй байдалд ноцтой аюул учрууллаа. Гагцхүү Үндсэн хуульд захирагдаж, хэнээс ч хараат бусаар Үндсэн хуулийг манаж, чандлан сахиулах учиртай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийг ард иргэдэд хүлээн зөвшөөрөгдөх аргагүй болголоо.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, түүний дарга, зарим гишүүд нь Монгол Улсын Үндсэн хуулийг болон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулиудыг илэрхий зөрчиж, Бага суудлын хуралдааны шийдвэрээ албажуулахаас татгалзсан, Бага суудлын хуралдаанаа хууль бусаар дуусгавар болгосон, хуулийн ноцтой зөрчилтэйгөөр Дунд суудлын хуралдаанаа зарлаж, зохион байгуулсан зэрэг зүй бус үйл ажиллагааг цагдаагийн өндөр хамгаалалт дор, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан “Цэцэд маргааныг ил тод хянан шийдвэрлэх” тухай зарчмыг бүрэн зөрчсөн байдалтайгаар явуулсан бөгөөд энэ нь Үндсэн хуулийн цэцийг эрх баригч Монгол ардын намын дарамт, нөлөөнд орсон буюу үйлчилсэн гэж үзэх бүрэн үндэслэл болно.
МОНГОЛ АРДЫН НАМЫГ ТАРААХ ҮНДЭСЛЭЛ, ҮЙЛ БАРИМТ - №02, 03
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 04 дүгээр захирамжийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан үйл баримтын нотолгоо:
Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг орон даяар зохион байгуулж хангах үндсэн үүрэгтэй Монгол Улсын Засгийн газар Монгол ардын намын шийдвэрээр нэг өдрийн дотор огцордог, үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн нэгдмэл бодлого боловсруулах үйл ажиллагаа болон түүнийг хэрэгжүүлэх явдлыг уялдуулан зохицуулах, энэхүү зохицуулалт нь хэрхэн хангагдаж байгаад хяналт тавих үндсэн үүрэг бүхий Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Монгол ардын намын шийдвэр, зөвшөөрөлгүйгээр хуралдаж чадахаа болиод байна.
МОНГОЛ АРДЫН НАМЫГ ТАРААХ ҮНДЭСЛЭЛ, ҮЙЛ БАРИМТ - №04
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 04 дугаар захирамжийн 2.4 дэх хэсэгт заасан үйл баримтын нотолгоо:
Монгол ардын намын удирдлага Монгол Улсын Засгийн газрыг тэргүүлж байхдаа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Улсын бүртгэлийн ерөнхий газрынхаа зүй бус шийдвэрээр ард түмний төрийн эрх барих эрхийн үндсэн дээр бүрэлдсэн парламент дахь сөрөг хүчин, Ардчилсан намыг хагалан бутаргаж, үндэсний эв нэгдлийг бусниулах үйл ажиллагааг явууллаа. /Улс төрийн намын бүртгэлийг хуулиар Улсын дээд шүүхэд харьяалуулсан бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын дээд шүүхийн лавлагаа, тодорхойлолтгүйгээр аливаа намын төлөөлөх эрхтэй этгээдийг тодорхойлох, тамгыг нь хүчингүй болгох, шинээр олгох зэрэг нь хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж болно/
МОНГОЛ АРДЫН НАМЫГ ТАРААХ ҮНДЭСЛЭЛ, ҮЙЛ БАРИМТ - №05
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 04 дүгээр захирамжийн 2.5 дахь хэсэгт дурдсан үйл баримтын нотолгоо:
Монгол ардын намын дарга У.Хүрэлсүх өөрөө тэргүүлэн “Монгол цэргийн холбоо” гэх байгууллагыг тус намын бүтэцтэй зэрэгцүүлэн байгуулж, орон нутгийн намын дарга, удирдлагыг нь орон нутагт төрийн удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэгч Засаг дарга болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагын дэргэдэх Цэргийн штабын үйл ажиллагаатай нэгтгэн зохион байгуулж цэрэгжсэн намын бүтцийг бий болголоо. Цаашид энэ нам, бүтцээрээ дамжуулан цэргийн үйл ажиллагаа явуулж мэдэх эрсдэл ч тулгарч байна.
МОНГОЛ АРДЫН НАМЫГ ТАРААХ ҮНДЭСЛЭЛ, ҮЙЛ БАРИМТ - №06
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 04 дүгээр захирамжийн 2.6 дахь хэсэгт заасан үйл баримтын нотолгоо
Монгол ардын намын улс төрийн зорилготой үйл ажиллагаа нь Үндсэн хуулиар тогтоосон төрийн удирдлага, үүрэг хариуцлагын тогтолцоог бүрэн гажуудууллаа. Дэлхийн нийтийг хамарсан коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлыг удаа дараа улс төрийн зорилгодоо ашиглаж байна.
Жич: Монгол ардын намын 100 жилийн ойн үеэр цар тахлын хорио цээрийн дэглэм зогссон, үзвэр үйлчилгээ нээгдсэн зэргээс өнөөдөр нөхцөл байдал улам хүндэрч байгаа, эрэлт ихтэй байгаа болон хүнд өвчтэй иргэдэд хийх ёстой вакциныг Монгол ардын намын удирдлагууд, тэдний гэр бүл хийлгэсэн, орон нутагт хуваарилсан вакциныг Монгол ардын намын байранд намын гишүүддээ хийсэн зэрэг асуудлууд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацагдаж, олон нийт эрс шүүмжлэлтэй хандаж байгаа үйл баримтуудыг нэг бүрчлэн авч үзэх шаардлагатай.
МОНГОЛ АРДЫН НАМЫГ ТАРААХ ҮНДЭСЛЭЛ, ҮЙЛ БАРИМТ - №07
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 04 дүгээр захирамжид дурдсан үйл баримтын нотолгоо:
Монгол ардын намын “Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах /авсан/ 60 тэрбум”-ын хэргийг хууль, шүүхийн байгууллага нотлож, гэм буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэсэн.
МОНГОЛ АРДЫН НАМЫГ ТАРААХ ҮНДЭСЛЭЛ, ҮЙЛ БАРИМТ - №08
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн илгээлтэд дурдсан үйл баримтын нотолгоо:
Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг Монгол Улсын Засгийн газрыг огцруулах, намын даргыг солих саналыг дэмжих “төлбөр” болгож хуваарилсан. Тус намын гишүүн, нэр бүхий олон хүн хууль бусаар зээл авсан, зориулалт бусаар ашигласан нь нотлогдож шүүхээр шийтгүүлж, ял эдэлж байна. Ерөөсөө, Монгол ардын намын харьяалалгүйгээр төсвийн хөрөнгө оруулалтаас бүрддэг аливаа тендер, нэр бүхий олон сангаас зээл, дэмжлэг авах боломж жирийн ардад хэзээ ч олддоггүй нь нууц биш болсон байна.