Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан мэндчилгээ
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулан дэвшүүлсэн мэндчилгээг хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээнд:
“Тусгаар тогтносон, бүрэн эрхт, эрх чөлөөт Монгол Улсын эрхэм хүндэт ард иргэд ээ!
Элэг нэгт миний Монголын ахан дүүс ээ!
Та бүхэндээ Тулгаp төрийн 2230, Их Монгол Улсын 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улс НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэний түүхт 60 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье!
Төв Азийн цээжинд байгуулагдсан Монгол хэмээх улсыг ертөнцийн чихнээ дуурсгаж, тэмцэл ялалтын гайхамшигт их түүхийг бүтээж, улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө алтан амь, бүлээн цусаа өргөн тэмцсэн өвөг дээдэс, эх орончид, улс орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын төлөө бүхий л амьдрал, сэтгэл зүрх, хөлс хүчээ зориулсан ахмад үеийнхээ алдар гавъяаг бахархан дурсаж, түүхт ойн баярын энэ өдөр гүн хүндэтгэл илэрхийлэн мэхийн ёслоё.
Хөх Монголын буурал түүхийн олон үйл явдлын тэгш ой тохиосон энэ үед монголчууд бид өнгөрсөн түүхээ дүгнэж, ирээдүйн зорилтоо зөв тодорхойлж, гурван цагийн алтан хэлхээний учир холбогдлыг эдүгээ ба хойч үеийнхэндээ сануулан таниулах учиртай.
Тэгвэл, 100 жилийн хугацаанд Монгол Улс хэрхэн өөрчлөгдсөнийг товчхон дурдъя.
1948 оноос эхлэн улс ардын аж ахуйг 8 удаа таван жилийн төлөвлөгөөтэй хөгжүүлж дан ганц мал аж ахуйн орноос үйлдвэр хөдөө аж ахуйн орон болгох зорилтыг амжилттай хэрэгжүүлсэн юм.
Аж үйлдвэр, нийгэм, соёлын томоохон төв болох Дархан, Эрдэнэт, Чойбалсан, Багануур, Хөтөл, Бор-Өндөр зэрэг хот суурин газрууд сүндэрлэн босож, хөнгөн, хүнсний болон тээвэр, холбоо, барилга, эрчим хүч, уул уурхайн зэрэг олон салбар хурдацтай хөгжсөн билээ.
Мөн атар газрыг эзэмшсэнээр газар тариалан, хөдөө аж ахуйн бие даасан салбар болж өнөөдөр манай улс үр тариа, гурил, төмс, хүнсний ногоо, малын тэжээлээр дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах боломж бүрдээд байна.
Сүүлийн 30-аад жилд аймгийн төвүүдийг улсын нийслэлтэй авто замаар холбох, бүх сумыг эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбох, “Мянганы зам”-ыг тавих, Оюу толгой, Таван толгой, Салхит зэрэг орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлээд байна.
Мөн газрын тосны үйлдвэр, гангийн үйлдвэр, байгалийн хийн хоолой, цэвэрлэх байгууламж, саарал усны үйлдвэр, сайжруулсан түлшний үйлдвэр, шинэ нисэх онгоцны буудал, эрчим хүч, дэд бүтэц, авто зам, төмөр замын салбарт хийгдсэн томоохон бүтээн байгуулалтууд, харилцаа холбоо, мэдээлэл технологийн шинэчлэл, хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал, соёл, боловсрол, эрүүл мэнд, спортын салбарт хийсэн томоохон төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байна.
Ингэж улс эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө халуунд халж, хүйтэнд хөрж, өөрийгөө гэхээс өрөөлийг бодож, өнөөдрийг гэхээс маргаашийг харж цуцалтгүй тэмцэж, бүтээж, босгож ирсэн ард иргэд, алдар гавьяатнууд, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажиллаж байгаа нийт баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдэдээ баярын энэ өдөр гүн талархал илэрхийлье.
Эрхэм хүндэт ард иргэд ээ!
Монголын ард түмний Үндэсний их баяр наадам гэдэг бол Монгол Улс, Монгол үндэстэн, монгол хүний хувьд төрт ёс, тусгаар тогтнол, түүх соёл, эв нэгдэл, мандан бадрахын бэлгэдэл, Монгол үндэстний оюун санааны дархлаа, нүүдэлчин соёл иргэншил, зан заншлын түүхэн уламжлал бөгөөд үеийн үед мөнхлөн тэмдэглэж байх ёстой үнэт зүйл юм.
Гэвч энэ удаа дэлхий нийтэд түгээд байгаа “Ковид-19” цар тахлын хор хохирлыг тооцон манай улсын эрдэмтэн судлаачид, мэргэжлийн байгууллагуудын өгч буй зөвлөгөө, шийдвэрийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас Үндэсний их баяр наадмыг энх тунх сайн цаг ирэхэд тэмдэглэхээр хойшлуулаад байна.
Энэ шийдвэр нь манай улсад тохиолдож болзошгүй аюулт эрсдэлээс үр хүүхэд, ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалсан, аж амьдрал, сэтгэл санааны хувьд нөхөж баршгүй хохирол амсаад байгаа иргэддээ хүн ёсны хувьд ч, ёс суртахууны хувьд ч хүндэтгэлтэй хандсан хүнлэг шийдвэр гэдгийг манай ард түмэн уужим саруул ухаандаа тунгаан ойлгож байгаа гэдэгт итгэлтэй байна.
Хүн төрөлхтний эв нэгдлийн илэрхийлэл болсон спортын их баяр олимп ч бас хойшилж байсныг та бид санаж байгаа.
Цар тахлын эсрэг цаг наргүй, өдөр шөнөгүй хичээн зүтгэж буй эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг тангараг өргөсөн төрийн албан хаагчид болон халдвар хамгаалал, өндөржүүлсэн бэлэн байдлын нарийн дэглэмийг сахиж, төр засагтайгаа хамтран ажиллаж байгаа нийт ард иргэддээ гүн талархал илэрхийлье.
Манай улсын ард иргэд ээ!
Хэдийгээр энэ жил онцгой нөхцөл байдлын улмаас Үндэсний их баяр наадмаа хойшлуулж байгаа боловч хүн болгон зүрх сэтгэлдээ өв соёл, үүх түүхээ эрхэмлэн дээдэлж, үр хүүхдэдээ сурталчлан таниулж, сэтгэл оюундаа хүндэтгэн бодож зөвхөн гэр бүл дотроо ёслон тэмдэглэхийг хүсье.
Манай их зохиолч Дашдоржийн Нацагдорж тэртээ 1935 онд “Эрүүл явбал улсын наадмыг үзнэ” хэмээх шүлэг бичиж үлдээсэн нь өнөөгийн бидэнд хандан хэлсэн захиас мэт санагдаж байна. Их зохиолчийн маань бичсэнчлэн:
“Олон түмэн минь эрүүл байж
Олон, олон “Улсын наадам”-ыг үзэх болтугай!”
Айл өрх бүрийн хойморт аз жаргал, инээд баясал цалгиж, хүн бүрийн зүрх сэтгэлд энэрэл нигүүлслийн гэрэл гэгээ мөнхөд бадамлаж байх болтугай.
- Морин дэл дээр ассан монгол хүний хийморь галын дөл шигээ өөдөө байг.
Мөнх тэнгэрийн хүчин дор
Монгол Улс мандан бадрах болтугай!” гэжээ.