Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль-д бараалхав
БНСУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Ерөнхийлөгч Юн Сог Ёль-д бараалхав.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль-д уламжилж, хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.
Мөн цар тахлын дараах эдийн засгийг сэргээх, хоёр улсын иргэдийн солилцоог өргөжүүлэх зорилгоор БНСУ-ын иргэдийг тодорхой хугацаанд визийн нөхцөлөөс чөлөөлсөнтэй холбогдуулан монгол иргэд БНСУ-д хөнгөлөлттэй нөхцөлөөр, визгүй зорчиход анхаарахыг хүсэв.
БНСУ-тай улс төрийн яриа хэлэлцээг тогтмолжуулах, агаарын харилцааг либералчлах хүрээнд агаарын ачаа тээврийг нэмэгдүүлэх, геологи, уул уурхайн чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилт тавьж буйг тэмдэглэв.
Ерөнхийлөгч Юн Сог Ёль-ийг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урьсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгыг гардууллаа.
Тангараг өргөх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчөөр оролцсонд БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль талархал илэрхийллээ. БНСУ, Монгол Улсын уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх чиглэлээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй нягт хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа тэмдэглэв. Мөн монгол иргэд БНСУ-д хөнгөлөлттэй нөхцөлөөр, визгүй зорчиход анхаарч ажиллахаа илэрхийлэв.
Уулзалтад БНСУ-ын Гадаад хэргийн сайдад нэр дэвшигч Пак Жин, Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Н.Эрдэнэтуяа нар байлцлаа.