Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Бүгд Найрамдах Тажикистан Улсад төрийн айлчлал хийж буй Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тус улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ.
Хоёр улсын төрийн тэргүүн харилцаа, хамтын ажиллагааны хэтийн төлөв болон олон улс, бүс нутгийн асуудлаар санал солилцлоо.
Ерөнхийлөгч Эмомали Рахмон, хоёр улсын хооронд 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш анх удаа төрийн айлчлал хийж байгаад Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд баяр хүргэлээ.
Уламжлалт найрсаг харилцааг шинэ түвшинд гаргах, бодит хамтын ажиллагааг өргөжүүлэхэд энэ удаагийн айлчлал чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэлээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны 2009 онд Монгол Улсад хийсэн анхны төрийн айлчлал нь хоёр орны харилцааны түүхэн эхлэлийг тавьсныг онцоллоо.
Энэ айлчлал хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг тэмдэглэж, Монгол Улс нь Төв Азийн орнууд, түүний дотор Бүгд Найрамдах Тажикистан Улстай хөгжүүлж найрсаг харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгдгийг хэллээ.
Төрийн тэргүүн нар өнгөрсөн 30 гаруй жилийн ололт амжилтаа дүгнэн хэлэлцэж, ирэх он жилүүдэд харилцааг шинэ агуулгаар баяжуулан, бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй гэдгээ нотоллоо.
Хэлэлцээний хүрээнд талууд хоёр улсын хөгжлийн бодлого болох “Алсын хараа–2050”, “Үндэсний хөгжлийн стратеги 2030”-тай уялдуулан эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуй, ногоон хөгжил, дижитал шилжилт, соёл, боловсрол, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэхийн төлөө байгааг илэрхийллээ.
Харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хүрээнд тээвэр, логистикийн саад тотгорыг арилгах, дөт тээврийн коридор бий болгох, бүс нутгийн дэд бүтцийн сүлжээнд хамтран нэгдэх боломжийг шат дараатай судлан хэрэгжүүлэхээр тохиролцлоо.
Мал аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ноос, ноолуур, хөвөн, хөвөн даавуунд суурилсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Цагаан алт” хөтөлбөрийг Тажикистаны хөвөн, нэхмэлийн салбарын хөгжлийн бодлоготой уялдуулан хөгжүүлэх нь харилцан ашигтай түншлэлийг гүнзгийрүүлэх чухал алхам гэдэгт санал нэгдэв.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх малын гаралтай түүхий эд, тэр дундаа халдваргүй, чанар, стандартад нийцсэн халал мах, махан бүтээгдэхүүнийг Тажикистанд экспортлох, мал эмнэлэг, хорио цээрийн хяналт, стандартын шаардлагад нийцүүлэн экспортын нөхцөлийг боловсронгуй болгох чиглэлээр хамтран ажиллахад бэлэн гэдгээ тэмдэглэлээ.
Ерөнхийлөгч Эмомали Рахмон Монгол Улсаас ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн авч, Монголд жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, лаазалсан бүтээгдэхүүн нийлүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах санал дэвшүүлэв.
Төрийн тэргүүн нар харилцааг үр дүнтэй хөгжүүлэх механизм бүрдүүлэх нь чухал гэдэгт санал нэгдэж, Засгийн газар хоорондын комиссыг ойрын хугацаанд байгуулж, анхны хуралдааныг хийх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ нь хоёр улсын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг уялдуулж, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, хувийн хэвшлийн оролцоог дэмжих, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд бодит хөшүүрэг болно гэдгийг онцоллоо.
Айлчлалын хүрээнд зохион байгуулах Монгол–Тажикистаны анхны бизнес форум, Бизнесийн зөвлөл нь хоёр улсын баялаг бүтээгчдийн хэлхээ холбоог өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт санал нэгдлээ.
Айлчлалын хүрээнд байгуулах Эрчим хүчний яам хоорондын санамж бичиг нь сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа усан цахилгаан станцын чиглэлээр мэдлэг, туршлага солилцож, шинжээчдийн түвшний зөвлөлдөх уулзалт зохион байгуулах, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх замаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр боллоо.
Хоёр орны төрийн тэргүүний ивээл дор Душанбе хотноо зохион байгуулах соёл, урлагийн тоглолт нь ард түмний харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа тэмдэглэлээ.
Цаашид соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, боловсрол, спорт, залуучуудын ойр дотно харилцааг дэмжихээр боллоо.
Төрийн тэргүүн нар бүс нутаг болон олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа НҮБ, ШХАБ болон бусад олон улсын байгууллагын хүрээнд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээ илэрхийллээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Тажикистан Улс нь “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв”-ийн гишүүнээр нэгдсэн анхны улсуудын нэг байсныг тэмдэглэв.
Мөн 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд Тажикистан Улсыг дээд түвшинд оролцохыг урьснаа нотоллоо.
Төрийн тэргүүн нар Монгол Улсын “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” болон Тажикистан Улсын “Хоёр тэрбум суулгац”, “Хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийн хөтөлбөр – 2030” зэрэг үндэсний санаачилгуудыг уялдуулан хамтран хэрэгжүүлэх нь тогтвортой хөгжилд чухал хувь нэмэр оруулна гэдэгт санал нэгдлээ.