“Монгол бахархлын өдөр”-т зориулсан барилдаанд Улсын арслан Э.Батмагнай түрүүлж, “Чингис хаан” цомыг хүртлээ
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан улс, аймгийн алдар, цолтой, өндөр чансаатай хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд боллоо.
Энэ удаагийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат, Улсын дархан аварга Н.Батсуурь, Ховд аймгийн Буянт сумын харьяат, Улсын аварга О.Хангай тэргүүтэй хүчит 128 бөх зодоглосноос Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, Улсын арслан Энхтүвшингийн Батмагнай түрүүлж, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Улсын заан Сүхбаатарын Сүхбат үзүүрлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улсын арслан Э.Батмагнайд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Чингис хаан” цомыг гардуулж, баяр хүргэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 165 дугаар зарлигийн дагуу “Монгол бахархлын өдөр”-т зориулсан барилдаанд түрүүлсэн бөхөд “Чингис хаан” цомыг гардуулж байхаар шийдвэрлэсэн юм.
“Чингис хаан” цом нь 126 см өндөр, 18 кг жинтэй бөгөөд нүүрэн талд “Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” хэмээн монгол бичгээр бичиж, ар талд Их эзэн Чингис хааны онги тамгыг мөнхөлсөн байна.
Тус цом нь “Монгол бахархлын өдөр”-т зориулсан барилдааны түрүү бөхөд шилжин явах юм. Жил бүрийн түрүү бөхөд “Чингис хаан” цомын жижиг хувилбарыг хадгалуулна.





