Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын уламжлалт анагаах ухааны олон улсын их хуралд оролцогчдод хандан илгээлт явууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын уламжлалт анагаах ухааны олон улсын их хуралд оролцогчдод хандан өнөөдөр илгээлт явууллаа.
Илгээлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уншиж сонордуулсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтэд:
“Монголын уламжлалт анагаах ухааны олон улсын их хуралд оролцогч гадаад, дотоодын уламжлалт анагаах ухааны эмч мэргэжилтэн, зочид төлөөлөгчид, эрдэмтэн судлаач, оюутан залуус Та бүхний энэ өдрийн амар мэндийг айлтган мэндчилье.
Шинэ мянганы босгонд Монголын ард түмэн өөрийн үндэсний өв соёл, уламжлалыг сэргээн, хөгжлийн гарцыг монгол ухаанаар тодорхойлох болсноор нүүдлийн соёл иргэншлийн үеэс үед дамжин уламжлагдсан гайхамшигт өв, олон зууны туршлагаар шалгагдан нотлогдсон монгол анагаах ухаан хөгжлийн шинэ шатнаа дэвшин, шинэ бодлого, шинэ хандлага, шинэ гарцыг эрэлхийлсэн цаг үетэй тулгараад байна.
Түүхийн явцад дэвжих, уруудахын аль алиныг нь амссан Монголын уламжлалт анагаах ухааны байр суурь бэхжиж, шинжлэх ухааны орчин үеийн технологийн ололтуудаар баяжин, олон улсын түвшинд танигдаж, үйлчлэх хүрээ нь улам тэлж байна. Аливаа хөгжил уламжлал, шинэчлэлийг зөв хослуулан, ирээдүйд түүчээлэн хүргэх үйл явц байдаг. Монгол анагаах ухааныг сэргээн хөгжүүлж, дэлхийд танигдсан өв соёл болгон, Монгол Улсын эрүүл мэнд, шинжлэх ухаан, боловсрол, үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн өвөрмөц өнгө төрх болгохоор зүтгэл гарган ажиллаж буй Та бүхний үйлсэд гүнээ талархаж байгаагаа илэрхийлье.
Монголын уламжлалт анагаах ухааныг орчин үеийн шинжлэх ухаан, технологийн шилдэг аргуудаар судалж, аюулгүй, үр дүнтэй, нотолгоотой, шинжлэх ухаанч байдлыг улам бүр дээшлүүлэх шаардлага тавигдаж байна. Ялангуяа оношилгоо, эмчилгээ, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндэд халгаат хүчин зүйлсийн нөлөөллийг бууруулах болон эрүүл мэндийн албаны удирдлага-менежментийг боловсронгуй болгох, манай орны нөхцөлд хамгийн тохиромжтой, дэвшилтэт аргуудыг боловсруулах замаар хүн амын эрүүл мэндийг бэхжүүлэх, зонхилон тохиолдож буй өвчин эмгэгийг эрт илрүүлж, урхаггүй эмчлэн эдгэрүүлэх шалгагдсан аргуудыг уламжлалт анагаах ухааны төв, тасаг, нэгжүүдэд нэвтрүүлэн, эрүүл амьдрах ухааныг хүн амын амьдрал, ахуйд хэвшүүлэх замаар эрүүл монгол үндэстэн хөгжин дэвших үндсийг бүрдүүлэх явдал нэн чухал ач холбогдолтой байх болно. Иймд Монголын уламжлалт анагаах ухааны салбарынхан дараах асуудалд анхаарлаа хандуулж, үйл ажиллагаагаа чиглүүлэх нь зүйтэй. Үүнд:
1.Олон зууныг дамжин туршлагаар шалгагдсан монголчуудын эрүүл амьдрах ёс, өвчнөөс урьдчилан сэргийлэх аргуудыг эрүүл мэндийн шинэ бодлого болгон хэрэгжүүлэх;
2.Үр дүнг нь уламжлалт анагаах ухааны практикт шууд нэвтрүүлэх боломжтой эрдэм судлалын ажлыг түлхүү дэмжих;
3.Уламжлалт анагаах ухааны практикийн эмч нарын өдөр тутамд гарч байдаг тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, тэдний ур чадвар, мэдлэг, дадлага, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, давтан сургах талаар тусгай бодлого боловсруулж хэрэгжүүлэх;
4.Төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулан, Монголын уламжлалт анагаах ухааныг дэлхийн брэнд болгох хөгжүүлэх гарц нь шинжлэх ухааны судалгаа, нотолгоо байна гэдгийг зорилго зорилт болгох учиртай.
Монгол анагаах ухааны салбарын өмнө тулгамдсан асуудлыг зөв тодорхойлж, түүнийг шийдвэрлэх арга замыг тогтоон хэрэгжүүлэх, гадаад дотоодын шилдэг туршлагыг хуваалцан, бие биеэсээ суралцах, чанарын шинэ шатанд хөгжүүлэхэд энэхүү их хурал үнэлж баршгүй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Уламжлалт анагаах ухаанаар овоглосон Та бүхний ажил хөдөлмөрт болон олон улсын хурлын үйл ажиллагаанд их амжилт хүсье.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай” гэжээ.