Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын хамт олон “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аян”-д нэгдэж байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын хамт олон “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-д нэгдэн, жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд олон нийтийг уриалан ажиллаж байгаа юм.
Аяны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас “Хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах төрийн бодлогын хэрэгжилтийг сайжруулах, олон нийтийн оролцоо, хяналт”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” зэрэг сэдвүүдээр төрийн болон ТББ, иргэд, олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлэг хийсэн билээ.
НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг олон улсын хэмжээнд жил бүр зохион байгуулахаар батламжлан уриалсан бөгөөд дэлхийн 180 гаруй орон, 6000 гаруй байгууллага 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд уг аянд нэгдэн тэмдэглэн өнгөрүүлж байна.
Монгол Улс 1998 оноос тус аянд нэгдэн, үйл ажиллагаа зохион байгуулж байгаа юм. Тус аяныг 12 дугаар сарын 10-нд тэмдэглэдэг “Олон улсын хүний эрхийн өдөр”-ийг угтаж 16 хоногийн турш өрнүүлдэг уламжлалтай.
Энэ 2017 онд дэлхийн улс орнууд уг аяныг “Өрх гэрийн амар амгалангаас дэлхийн энх тайван руу” уриан дор “Боловсролыг бүх нийтэд” гэсэн сэдвээр зохион байгуулж байгаа бөгөөд Монгол Улс жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход бүх нийтийн оролцоог дэмжих, чиглүүлэх зорилгоор “Хүчирхийлэлд үгүй гэж хэлье” уриагаар аянд нэгдэж байгаа юм.
Аяны хүрээнд дараах өдрүүдийг тэмдэглэдэг.
11 дүгээр сарын 25- Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг устгах олон улсын өдөр
11 дүгээр сарын 25- Цагаан туузтаны хөдөлгөөн
11 дүгээр сарын 29- Хүний эрхийн төлөө тэмцэгч эмэгтэйчүүдийн өдөр
12 дугаар сарын 1- ДОХ-той тэмцэх өдөр
12 дугаар сарын 2- Боолчлолыг таслан зогсоох өдөр
12 дугаар сарын 3- Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн өдөр
12 дугаар сарын 5- Сайн дурынхны өдөр
12 дугаар сарын 10- Хүний эрхийн өдөр
Эдгээрээс Цагаан туузтаны хөдөлгөөнийг Монгол Улсад жил бүр өрнүүлснээр уг аянд эрэгтэйчүүдийн оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлж чадсан байна.