“Монгол хүний эрүүл мэнд – хүнсний аюулгүй байдал” сэдэвт салбар хуралдаан боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар “Монгол Улсын хүнсний аюулгүй байдал” сэдвээр ирэх 9 дүгээр сарын 12-нд үндэсний чуулган зохион байгуулах гэж байна.
Уг үндэсний чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ХХААХҮЯ, Монголын хүнсчдийн холбоо, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран зохион байгуулах юм.
Монгол Улсын хүнсний салбарын өнөөгийн байдлыг тодорхойлох, хүн амын гол нэрийн хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, хүнсний хангамжийг сайжруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах шаардлагатай арга хэмжээний саналыг боловсруулж, шийдвэрлүүлэхэд “Монгол Улсын хүнсний аюулгүй байдал” сэдвээр хийх үндэсний чуулганы зорилго оршиж байна.
Үндэсний чуулганы өмнө салбар хуралдаанууд хийж байгаа бөгөөд өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд “Монгол хүний эрүүл мэнд – хүнсний аюулгүй байдал” сэдэвт салбар хуралдаан боллоо.
Энэ удаагийн салбар хуралдаанаар хүнсний аюулгүй байдлын чиглэлээр судалгаа шинжилгээний ажил явуулж буй эрдэмтэд, эмч, анагаах ухааны мэргэжилтнүүдийн санал бодлыг сонсож, хүнсний аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл, хүнсний аюулгүй байдал монгол хүний эрүүл мэнд, генийн санд хэрхэн нөлөөлж буй талаар хэлэлцлээ.
Уг салбар хуралдаанаар “Монгол хүний эрүүл мэнд – хүнсний аюулгүй байдал”, “Анхан шатны эмнэлгийн байгууллагад хандаж буй өвчтөн, тусламж авч буй иргэдэд тохиолдож буй өвчлөлийн шалтгаанд хүнсний аюулгүй байдал нөлөөлж буй нөлөө”, “Монгол улсын сахарын хэрэглээ, түүний эрүүл мэндийн нөлөөлөл” зэрэг сэдвээр илтгэл сонсч, оролцогчид хэлэлцүүлэг өрнүүлэв.
Монголчууд зуны цагт сүү, цагаан идээ, өвлийн цагт махан хүнс хэрэглэж, экологийн цэвэр хүнстэй байх үедээ эрүүл чийрэг, таргалалтгүй байсан бол хүн амын дийлэнх хэсэг суурин амьдралд шилжсэнээр хүнсний хэрэглээ өөрчлөгдөж, европ маягийн хэрэглээтэй болж, тос, давс, чихэр ихтэй хоол хүнсэнд шилжсэнээр жин нэмэгдэх, даралт ихсэх, зүрх, судасны өвчин, шүдний өвчлөлд нэрвэгдэх, яс сийрэгжих зэрэг сөрөг байдал үүсэх болсныг ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн багш, доктор, профессор Б.Энхжаргал хэлж байлаа.
Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны “Наран манал” өрхийн эмнэлгийн эмч Г.Баярсайхан анхан шатны эмнэлэгт хандаж буй өвчтөнүүдийн дунд ямар өвчин түгээмэл байгаад судалгаа хийснээ танилцууллаа. Нярай, бага насны хүүхдийн дунд цус багадалт, өсвөр насны охидод төмрийн дутагдал, насанд хүрэгсдэд зүрх судас, элэг, чихрийн шижин, ясны сийрэгжилт, даралт ихсэх, хоол боловсруулах эрхтэн системийн хямрал элбэг байгааг дурдав. Эдгээр нь гол төлөв хоол хүнсний буруу хэрэглээнээс үүддэг байна. Ялангуяа чипс хүүхдийн элэг, ходоодыг гэмтээдэг нь анзаарагджээ.
Гаднаас оруулж ирж буй загас, гахай, тахианы мах нь хүнс гэхээсээ химийн бүтээгдэхүүн гэдэг ангилалд илүү хамаарна. Учир нь эричмжсэн аж ахуйд эдгээр амьтдыг олноор үржүүлж, махны гарцыг нэмэгдүүлэхийн тулд вакцин, химийн нэмэлт тэжээлээр бордсоор химийн хорт бодисын нөлөө, генийн өөрчлөлтөд орсон байдгийг судлаачид дурдлаа.
Сонгинохайрхан дүүргийн 67 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Оюун-Эрдэнэ хүүхдийн үдийн цай хөтөлбөр эрүүл хоолоор хангах тал дээр дутмаг гэдгийг хэлж байв. Улсын мэргэжлийн хяналтын байгуулллагаас шалгалт ирэх сургаар жилдээ ганц хоёрхон удаа хоолны амт, чанар маш ихээр сайжирдгийг тэрээр хэлсэн юм. Мөн үдийн цайнаас илүү гарсан ороомгийг дахин халааж өгдөг, муудсан төмсний гайгүй хэсгээр сурагчдад хоол хийж өгдгийг ч баримттай хэлж байлаа.
Монголчууд халдварт бус өвчин, хавдрын өвчлөлөөр дэлхийд хоёрдугаар байрт ордог нь буруу хооллолттой холбоотой. Арван хүүхэд тутмын найм нь буруу хооллолтоос шалтгаалсан шүдний цооролт, ходоод, гэдэсний хямрал зэрэг өвчтэй болохыг судлаачид сануулж байлаа. Мөн телевизээр газтай ундаа, чипс, тахианы мах зэрэг хүүхдийн сонирхол татам сурталчилгаа нэвтрүүлдгийг хориглох хэрэгтэйг ч дурдацгааж байв.
Сүүлийн жилүүдэд 26 удаагийн хоолны хордлогод 1575 хүн өртсөн. Үүний 29 хувь нь ЕБС-ийн хоолны газарт, 18 хувь нь ресторан, зоогийн газарт тохиолдсоныг тэмдэглэцгээв. Нийт хоолны хордлогын 72 хувь нь нэгдсэн журмаар хоол бэлтгэдэг, нийтэд үйлчилдэг газруудад илэрсэн байна.
Иймээс зөв хооллолтын хөтөлбөртэй болох, сургууль, цэцэрлэгийн наснаас нь хүүхдийг зөв хоолны дэглэмд сургах, монгол малын мах, сүү, цагаан идээг хүнсэндээ түлхүү хэрэглэх зэрэгт нэн түрүүнд анхаарал хандуулах цаг болсныг хэлэлцүүлэгт оролцогчид дэмжиж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар “Монгол Улсын хүнсний аюулгүй байдал” сэдвээр ирэх 9 дүгээр сарын 12-нд зохион байгуулах үндэсний чуулган үүнд чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээж байлаа.