Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга сурын талбай, шагайн асарт зочлов
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, үндэсний их наадмыг нээн үг хэлж, баяр наадмын нээлтийн ёслол, хүчит бөхийн барилдааны нэгийн давааны эхлэлийг үзэж сонирхсоныхоо дараа сурын талбайд зочилж эрхий мэргэн харваачид, тэнд хуран цугларсан наадамчин олонтой мэндчиллээ.
Сурын талбайд зочлох үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч наадамчин олонд хандаж “Би дөнгөж өчигдөр Ерөнхийлөгчийн тангаргаа өргөөд өнөөдөр наадмаа нээлээ. Сайхан наадацгаагаарай. Баярлалаа, та бүхэнд” гэлээ.
Үүний дараа тэрээр шагайн асарт саатаж шагай харвалаа. Энэ үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч шагайн харваачдад мэндчилгээ дэвшүүлж, сайхан наадахын ерөөл дэвшүүлэв.