Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Говьсүмбэр аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нэгдүгээр сарын 28-ны өдөр Говьсүмбэр аймгийн иргэдтэй уулзлаа. Төрийн тэргүүнийг аймгийн удирдлагууд угтаж, аймаг, орон нутгийнхаа талаар зарим мэдээллийг танилцуулав.
2017 оны эцсийн байдлаар тус аймгийн аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл 52.2 тэрбум төгрөг болжээ. Гэхдээ бусад аймгаас ялгаатай нь дээрх орлогын 89.8 хувийг буюу 46.9 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүнийг зөвхөн “Шивээ овоо” ХК дангаар нүүрс олборлон, борлуулж бүрдүүлсэн байна.
Мөн Говьсүмбэр аймгийн иргэд давхардсан тоогоор 37 төрлийн зээлийг дунджаар сарын 1.58 хувийн хүүтэй авч, хэрэглэж байна. Түүнчлэн давхардсан тоогоор 30 аж ахуйн нэгж байгууллагад 1.8 тэрбум төгрөгийн, 8300 гаруй иргэн 86.4 тэрбум төгрөгийн зээл авчээ. Үүнээс 483 малчин 2.4 тэрбум төгрөгийн зээлтэй байна.
Статистик дүнгээр харагдаж байгаа иргэдийн өр, зээлийн асуудал болоод арилжааны банкны хүү, цалин хөлс, тэтгэврийн зээл зэрэг асуудлыг Говьсүмбэр аймгийн иргэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзах үеэрээ мөн ярьсан бөгөөд иргэдийн амьдрал тааруу үед татварын нэмэгдэл, тэтгэврийн нас нэмэгдсэн нь цагаа олоогүй шийдвэр гэж үзэж байв.
Тухайлбал, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэн Энхтайван
“Бодлогогүй, чадваргүй дээрээс нь тансагласан УИХ-ыг тараамаар байна. Бид таны ард байгаа учраас та ард түмнээ бодно уу. Яагаад гэвэл ард түмэн сөхөрч байна. Ард түмэнтэйгээ хамт байна гэж хэлээд шүлс нь хатаагүй байхад л долоон төрлийн татвар нэмлээ. Тэгсэн мөртлөө Засгийн газар нефть импортлогчдод барьцаалагдаад онцгой албан татварыг нь тэглэчихлээ. Ард түмэн татвараа болиоч гэхээр нохой хуцсан мэт хандаж байна. Итгэх хүн та л үлдлээ гэж бодож байна” гэсэн юм.
Мөн тус аймагт үйлчилгээ эрхэлдэг Л.Одбаясгалан
“УИХ, Засгийн газар ОУВС-гийн шахалтаар долоон төрлийн татвар нэмлээ. Энэ татварын хэрэгжилтийг биелүүлэхийн тулд төрийн механизм үнэхээр сайн ажиллаж байна. Аж, ахуйн нэгжүүдэд маш хүнд тусч байна. Бараг биднийг дахин сэхэхгүй болгож байна шүү. Жишээ нь, орон нутгийн татварын, мэргэжлийн хяналтын байцаагч нар орж ирээд удирдамж үзүүлээд л шалгалт хийж байна. Акт тавихдаа хугацаа богино, биелүүлэх боломжгүй байдлаар тавьж, дараа нь Зөрчлийн тухай хуулиар торгож байна. Аж ахуйн нэгжүүд зүтгэж байгаа ч хүч хүрэхгүй болж байна шүү. Манай байгууллага үйл ажиллагаа явуулж эхэлснээсээ хойш 500 сая төгрөгийг татварт өгсөн. НДШ-д мөн л 500 орчим сая төгрөгийн орлого төвлөрүүлж, 80 гаруй хүнийг ажлын байртай байлгаж байсан. Гэвч, сүүлийн хоёр жилд хэцүүдэж байна. Үнэхээр шаардлагатай бол ард иргэдээ, аж ахуйн нэгжүүдээ шалгаж болно. Гэхдээ орон нутагтаа, улс орондоо арай гэж орлого төвлөрүүлж байхад түүнийг зарцуулж байгаа эрх мэдэлтнүүдийг ард иргэд адилхан шалгамаар байна. Төр нь иргэнээ хянадаг нийгэм байж болох нь иргэд нь төрөө хянадаг нийгэмтэй, шударга нийгэмтэй болмоор байна. Таныг эрүүл нийгмийг авчир гэж сонгосон. Нийгэм бухимдалтай байгаа шүү. Би өөрийнхөө аж ахуйн нэгжийг хаагдсан ч хамаагүй ярьж байна. Танд иргэд итгэл хүлээлгэж сонгосон. Та энэ нийгмийг өөрчлөөд өгөөч. Энэ чадамжгүй УИХ, Засгийн газар, иргэдээ хуурдаг дарга нарыг тараах асуудлыг манай аймгийнхан ярьж байгаа. Таныг өөрийнхөө эрх мэдлийн хүрээд бидэнтэй нийлээд тэмцэхэд бид бэлэн байгаа шүү” гэв.
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэн Дашзэвэг
“Таны Ерөнхийлөгчийн ажлын гараа оффшорчид, авилгатай тэмцэхээс эхэлсэн. Танд саад их байгаа ч бүү шантраарай гэж хэлмээр байна. ОХУ хамгийн өндөр үнэтэй нефть бүтээгдэхүүн, эрчим хүчийг бидэнд худалддаг. Харин урд хөрш дэлхий дээр байхгүй хямд үнээр малын түүхий эд, нүүрс, шатах тослох материалыг биднээс авдаг. Бид ийм хараат байдалд орсон учраас хойшид том төслүүдээ хөдөлгөх хэрэгтэй гэж үзэж байгаа. Мөн манай улс 60-70 сая малтай боллоо. Энэ бол их тоо, бэлчээрийн даац ч хэтэрч байна. Тиймээс малаа цөөлөх, таваарлаг мал өсгөх шаардлагатай гэж үзэж байна. Малаас гарч байгаа түүхий эд, арьс шир боловсруулах үйлдвэр байгуулах хэрэгтэй. Сул хаягдаад байгаа нэхийг боловсруулбал, зах зээл бэлэн байгаа байх. Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрийг ч гэсэн нэмэгдүүлбэл, малчдын амьдрал ахуй дээшлэх байх гэсэн бодолтой байна.”
Говьсүмбэр аймгийн иргэн, Байгаль орчны төлөөх иргэдийн зөвлөлийн тэргүүн Алтан-Од
“Өнгөрсөн 27, 28 жил намууд ээлжилж төр барилаа. Нэг нь олонх, нөгөөх нь цөөнх болж явсаар утгаа алдаж байна. Та Хэнтий аймгийн иргэдтэй уулзах үеэрээ “Би АН-ын Ерөнхийлөгч биш ард түмний Ерөнхийлөгч. Тиймээс эв, эеийг хичээж ард түмнийхээ бухимдсан, доройтсон асуудлыг засах гэж иргэдийнхээ санаа бодлыг сонсож байна” гэж хэлсэн байна лээ. Тийм учраас Говьсүмбэр нутгийн иргэд бидний бухимдлаас салахад та чухал үүрэг гүйцэтгээрэй гэж хүсмээр байна. УИХ-аас гарч байгаа хууль тогтоомж хэдхэн сарын дотор ард түмний амьдралд чөдөр тушаа болж үлдэж байна. Үнэхээр сөхөрч, үүнээсээ өндийж чадахгүй болчихлоо шүү. Ядуурал дээр ядуурал нэмээд байна” гэлээ.
Говьсүмбэр аймгийн иргэн Л.Ёндон
“Ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлнэ гээд МАН мөрийн хөтөлбөртөө оруулчихсан байсан. Сая 27 мянгаар нэмэх болж. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэний дэргэд энэ юу ч биш гэж би үзэж байна. Нөгөө талаар тэтгэврийн насыг нэмж байна. Энэ яаж байгаа юм бэ. Өндөр настнуудыг оролдоод, элдэв юм болоод байх юм. Залуучууд ажилгүй байхад бидний оронд ажиллуулах хэрэгтэй. Эдгээр асуудлыг уялдуулах хэрэгтэй. Хоёрдугаарт, ард түмний баялгийн үр ашиг ард түмэнд очихгүй, эрх мэдэлтэй УИХ, Засгийн газрын гишүүдэд очиж байна. Байгалийн баялаг эрх мэдэлтнүүдийн саалийн үнээ болж байна гэдгийг зориуд хэлмээр байна. Дэндүү назгай, дэндүү муу байна шүү. Ард түмний хүсэл, зоригийг биелүүлж чадахгүй бол УИХ, Засгийн газар хариуцлага хүлээх ёстой. Ингэж байгаад Монголд бослого, иргэдийн хөдөлгөөн болбол яах вэ. Гадаад оронд бослого, хөдөлгөөн болж сайжирдаг, өөрчлөгддөг түүх байдаг. Үүнийг анхаарах хэрэгтэй шүү” гэлээ.
Мөн “Шивээ-Овоо” ХК-нд найм дахь жилдээ ажиллаж байгаа залуу
“Уурхайчин залуусынхаа ирээдүйг харахаар тэтгэвэртээ гараад явсан ах нар олон жил амьдарч чадалгүй өөд болцгоодог. Хэвийн бус нөхцөлийн насыг уртасгана гээд байгаа нь бидний хувьд болон төмөр замчдын хувьд үнэхээр хүнд байна. Улс орны хэмжээнд ч гэсэн хувийн бус нөхцөлд ажиллаж байгаа хүмүүст хүндээр тусч байгаа байх. Тиймээс тэтгэврийн насыг сунгахгүй байх талаас нь дорвитой арга хэмжээ авч өгнө үү” зэргээр Говьсүмбэр аймгийн иргэд санаа, бодлоо илэрхийллээ.
Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Та бүхний ярьж байгаа гол асуудлуудыг сайн сонслоо. Намаар талцдаг зэрэг асуудлыг танай аймгийн иргэд илүү ярьж байна. Бүх асуудлын үндэс нь ядуурал гэж би харж байгаа. Хүн бүр ажил, төрөлтэй, завгүй байх юм бол заавал намд шургалж ажилтай болох шаардлагагүй. Тиймээс би тендер нэрээр хэдэн компани баяждаг, уул уурхайгаар хэдхэн улстөрч баяждагаа болиоч ээ гэж уриалж байгаа. Том, том төслүүдээ хөдөлгөж иргэдээ ажилтай, орлоготой болгохыг би уриалж яваа.
Өртэй холбоотой асуудлуудыг мөн та бүхэн ярьж байна. Өнөөдөр улсын өр 26 тэрбум ам.доллар боллоо. Энэ мөнгөөр юу хийсэн, хаачсан бэ. Өр, зээл тавиад юм бүтээдэг юм бол яагаад бид өдийг хүртэл ажилгүй, ядуу байгаа юм бэ. Энэ өр гурван сая иргэнтэй улсад асар их мөнгө. Дөрөв, дөрвөн жилээр төр барьж байгаа энэ төрд хариуцлагын тогтолцоо, бодлогын залгамж халаа гэж байхгүй байна. Энэ байдлыг багасгах гэж ард түмэн намайг сонгосон байх гэж бодож байна. Ийм том газар нутаг дээр бид багталцахгүй болтлоо хагаралдаж байна. Ийм байж болохгүй.
Намайг иргэдтэй уулзах үеэр иргэд УИХ-ыг тараах талаар ярьсан. Ярьсан хүнийг дэмжээд иргэд алга ташиж байгаа. Үүнийг мушгиад, эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгч нь УИХ-ыг тараах талаар яриад явна гэж мушгин гуйвуулж байна. УИХ дээр би утааны асуудал ярьсан. Энэ үеэрээ онц байдал зарлах тухай, 20-иод жил утаа ярьсан ч зөвхөн хэдхэн компани, улс төрч утаагаар бизнес хийгээд байгаа талаар ярьсан. 147 тэрбум төгрөг, олон сая ам.долларыг зөвхөн утаагүй зуух нэрээр зарж, үрсэн байна. Утаа багасаагүй, утаанаас болж амь эрстэж байгаа, дутуу төрж байгаа эмэгтэйчүүд олон бий. Ингээд онц байдал зарлах тухай санал УИХ-д өгсөн. Харамсалтай нь, онц байдал зарлаагүй, дахиад зуухны тухай асуудал яриад байсан. Тиймээс иргэд УИХ-ыг тараах талаар саналыг иргэд гаргах юм бол дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлсэн” гэлээ.
Мөн Ерөнхийлөгч иргэдийн сонирхсон бусад асуултад хариулж, төсөл хөтөлбөрүүдээ танилцууллаа.