Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хилийн цэргийн 0108 дугаар ангид ажиллав
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ дэслэгч генерал Ш.Арвайн нэрэмжит хилийн цэргийн 0108 дугаар ангид ажиллаж, алба хаагчидтай уулзлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийг хүрэлцэн ирэхэд тус ангийн бие бүрэлдэхүүн хүндэтгэн угтаж, ангийн захирагч, хурандаа Б.Нямхайнямбуу ангийн үйл ажиллагааг танилцуулав.
Монгол Улсын өмнөд хил, Дорнын их говийн үүдэн босго болсон хилийн шалган нэвтрүүлэх албанд үүрэг гүйцэтгэж буй хилийн цэргийн 0108 дугаар ангийн хамт олонтой Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч уулзаж, үүргээ нэр төртэй гүйцэтгэж буйд нь халуун талархал илэрхийллээ.
2023 онд Хил хамгаалах байгууллагын түүхт 90 жил, Баруун хилийн тулгаралт дууссаны 75 жилийн ой тохиож байгаа юм.
Түүхт ойг угтсан арга хэмжээний хүрээнд эх орныхоо торгон хилийг сахин хамгаалах их үйлсэд хүчин зүтгэж буй эмэгтэйчүүд, хилчдийн бат найдвартай ар тал болсон гэр бүлийнхний төлөөллийг оролцуулсан “Хилчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулахаар болсныг энэ үеэр дуулгав.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хилчид бүр эхнээс нь дэмжин, идэвх, санаачилгатай ажиллаж байгаад талархаж байгаагаа хэллээ.
Мөн хилийн шалган нэвтрүүлэх албанд дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх, цахим гарцуудыг бий болгож, зорчигч, тээврийн хэрэгслийг шуурхай, саадгүй нэвтрүүлж, боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд төр, засгаас онцгойлон анхаарч байгааг онцолж, алба хаагчдад амжилт хүсэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Хил хамгаалах байгууллагын “Ногоон хэрэм” төслийн хүрээнд хилийн цэргийн 0108 дугаар анги нь 4,353 хайлаас, улиас, улаан сухай модыг тарьж ургуулсан юм.