З.Энхболд: БНАСАУ- АНУ-ын дээд түвшний уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах бүрэн боломжтой
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О Сын Хо-г хүлээн авч уулзлаа.
Монгол Улс, БНАСАУ-ын уламжлалт найрсаг харилцаа тогтвортой хөгжиж ирснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд тэмдэглэв.
Монгол Улс Зүүн Хойд Азийн энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн аливаа санал, санаачилгыг тууштай дэмжиж ирсэн бөгөөд БНАСАУ, БНСУ-ын хооронд дээд түвшний уулзалт хийхээр болсонд баяртай байгаагаа илэрхийлэв. Мөн БНАСАУ болон АНУ-тай найрсаг харилцаатай цөөхөн орнуудын нэгийн хувьд тус улсуудын хооронд хийхээр яригдаж буй дээд түвшний уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах бүрэн боломжтой гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хэлэв.
Элчин сайд О Сын Хо Монголын талын энэхүү санал нь Монгол Улс, Солонгосын хойг, цаашлаад Зүүн хойд Азийн энх тайван, аюулгүй байдалд хувь нэмэр оруулах гэсэн хүч чармайлтын илрэл хэмээн, төвдөө уламжлахаа мэдэгдэв.