Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев угтаж авлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Астана хотын “Тусгаар тогтнолын ордон”-д хүрэлцэн ирлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг 2023-2024 онд ШХАБ-ыг даргалж байгаа Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа.
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд улсынхаа байр суурийг илэрхийлж, үг хэлнэ.
Мөн Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаевтай уулзаж, харилцаа, хамтын ажиллагаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцоно.
Энэ удаагийн өргөтгөсөн хуралдаанд Хятад, Орос, Узбекистан, Киргиз, Азербайжан, Тажикистан, Беларусь, Турк зэрэг 16 орны төр, засгийн тэргүүн, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон бусад өндөр албан тушаалтан оролцож байна.
ШХАБ нь гишүүн 10 /Казахстан, Киргиз, Орос, Пакистан, Тажикистан, Узбекистан, Хятад, Энэтхэг, Иран, Беларусь/, ажиглагч 2 /Афганистан, Монгол/, яриа хэлэлцээний түнш 13 /Азербайжан, Армени, Египет, Балба, Шри-Ланка, Камбож, Мьянмар, Катар, Саудын Араб, Кувейт, АНЭУ, Турк, Мальдив/, нийт 25 улсыг хамардаг юм.