• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2025/08/26
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол Улс ямагт түншлэл, хамтын ажиллагаа, эв нэгдлийн бат бөх гүүр байх болно

thumbnail 538642565_1056095062989894_693136528571309211_n538642565_1056095062989894_693136528571309211_n
2025/08/25 2:20:53
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол Улс ямагт түншлэл, хамтын ажиллагаа, эв нэгдлийн бат бөх гүүр байх болно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт “Шангри-Ла” зочид буудалд эхэллээ.

“Урам зориг өгөх-нөлөөлөл үзүүлэх, хөрөнгө оруулах” (Inspire-Impact-Invest) гэсэн уриатай энэ чуулга уулзалтад 25 улсын 230 гаруй төлөөлөгч оролцож байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулга уулзалтыг нээж хэлсэн үгийг хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Хүндэт бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, манлайлагч эмэгтэйчүүд ээ,

Эрхэм хүндэт хатагтай, ноёд оо,

Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад оролцохоор мөнх хөх тэнгэрийн орон манай сайхан улсыг зорин ирсэн бизнес эрхлэгч, баялаг бүтээгч Та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Эмэгтэйчүүд Та бүхэн бол өрх гэрийн сайн сайхан амьдралд төдийгүй улс орны хөгжил цэцэглэлт, нийгмийн амар амгаланг бүтээхэд онцгой чухал үүрэг гүйцэтгэдэг эрхэм хүмүүс билээ.

Монголчууд бид эрт дээр үеэс эх хүнийг эрхэмлэн дээдэлж, эмэгтэйчүүдээ хүндэтгэн хайрлаж, тэдний хатан ухаан, торгон мэдрэмж, энэрэнгүй сэтгэл, алдар гавьяа, үйл хэргийг нь алдаршуулж ирсэн сайхан уламжлалтай ард түмэн.

Манай улс энэхүү түүхэн уламжлалаа улам бүр баяжуулан хөгжүүлж, хүний эрх, жендерийн эрх тэгш байдлыг эрхэмлэн дээдэлж, эмэгтэйчүүдийн оролцоог нийгэм, улс төр, эдийн засгийн бүхий л түвшинд нэмэгдүүлэхийг төрийн бодлогынхоо нэгэн чухал зорилт болгосоор ирсэн.

Энэ бодлогын хүрээнд Монгол Улс эмэгтэйчүүдийн нийгэм, улс төрийн манлайлал, үүрэг оролцоог бүх түвшинд нэмэгдүүлэх зорилгоор сүүлийн жилүүдэд олон улсын чуулга уулзалтуудыг өөрийн эх орондоо тогтмол зохион байгуулж байна.

Тухайлбал, 2022 онд Энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн олон улсын бага хурал, 2023 онд Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт, 2024 онд НҮБ-тай хамтран Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан.

Тэгвэл энэ удаа “Урам зориг өгөх, нөлөөлөл үзүүлэх, хөрөнгө оруулалт хийх” гэсэн уриан дор Дэлхийн эмэгтэй бизнес эрхлэгчдийн чуулга уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байна.

Дэлхий нийтээрээ улс төр, нийгэм, эдийн засгийн олон сорилт, бэрхшээлтэй нүүр тулж буй энэ он жилүүдэд ажлын байраа хадгалан, бизнесээ амжилттай эрхэлж, улс орныхоо төдийгүй дэлхийн эдийн засгийн хөгжил дэвшилд чухал хувь нэмэр оруулж буй бизнес эрхлэгч, баялаг бүтээгч, хөрөнгө оруулагч эмэгтэйчүүд Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Эрхэм хүндэт бизнес эрхлэгчид ээ,

Эмэгтэйчүүдийн бизнест санхүүгийн дэмжлэг, хөрөнгө оруулалт хийснээр бизнесийг нь өргөжүүлэн хөгжүүлэхээс гадна гэр бүл, орон нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулах, улс хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэхэд чухал нөлөөтэй байдаг.

Бизнес эрхэлж буй эмэгтэйчүүд өнөөдөр бичил, жижиг, дунд үйлдвэрлэл, инновац, ногоон эдийн засаг, орон нутгийн хөгжил зэрэг олон салбарт манлайлж, нийгмийн хариуцлагаа ухамсарлан, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэхэд үлгэр дуурайл болон ажиллаж байгааг онцлон тэмдэглэхэд таатай байна.

Хөгжиж буй орнуудын хөдөлмөрийн зах зээл дээрх жендерийн зөрүүтэй байдлыг бууруулахад эдгээр орны эдийн засаг 8 орчим хувиар, харин жендерийн тэгш байдлыг бүрэн хангахад эдийн засаг 23 хувиар тэлэх боломжтой гэж Олон улсын валютын сангийн судалгаанд дурдсан байна.

Тиймээс бизнес эрхлэх тэгш боломжийг эмэгтэйчүүдэд бүрдүүлэх, санхүүгийн эх үүсвэрээс тэгш хүртэх нөхцөлийг бий болгох, инновац, цахим шилжилт, ногоон эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоог дэмжих бодит алхмуудыг улс орнууд цаг алдалгүй хийх зайлшгүй шаардлагатай байна.

Монгол Улс 2025 онд “Жендер бонд”-ыг гаргаж, санхүүгийн зах зээлд жендерийн мэдрэмжтэй шинэ хандлагыг амжилттай эхлүүллээ.

Энэхүү бонд нь эмэгтэй жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжихэд зориулагдсан бөгөөд Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдсан, олон улсын үнэлгээтэй шинэ санаачилга юм.

Энэ дашрамд хэлэхэд манай улсын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зээлийн эргэн төлөлтийн түвшин 95 гаруй хувьтай байгаа нь эмэгтэйчүүд асуудалд ямар хариуцлагатай, ажил хэрэгч ханддаг, санхүүгийн сахилга бат ямар өндөр байдгийн тод илэрхийлэл юм.

Мөн уур амьсгалын өөрчлөлт нь дэлхийн хүн бүрд сөргөөр нөлөөлж байгаа хэдий ч нөлөөлөл нь нас, хүйс, үндэс угсаа, нийгэм, эдийн засгийн хүчин зүйлсээс шалтгаалан харилцан адилгүй байна.

Ялангуяа, хөдөө аж ахуй, усны салбарт ажиллаж байгаа охид эмэгтэйчүүд уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөлд илүү өртөж байна.

Тиймээс монголчууд бид хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолыг 1982 оноос хойш хоёр жил тутам санаачлан батлуулж ирлээ.

Мөн хоршооллын үйл ажиллагааг дэмжин өнгөрсөн 30 гаруй жилд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолыг 2 жил тутам батлуулж, 2025 оныг Олон улсын хоршооллын жил болгон зарлуулсныг тэмдэглэн хэлэхийг хүсэж байна.

Өнөөдөр дэлхий дахинд 3 сая гаруй хоршоолол үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хоршоолол нь эмэгтэйчүүд, ялангуяа хөдөөгийн эмэгтэйчүүд, бүсгүйчүүдийг ажлын байраар хангах, тэгш байдал, чадавхыг сайжруулах чухал хэрэгсэл болдог юм.

Тиймээс хоршооллыг дэмжих, эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, орлогыг баталгаажуулах, тэдний эдийн засаг, нийгмийн чадавхыг бэхжүүлэх үйлсэд хамтын хувь нэмрээ оруулахыг чуулга уулзалтын оролцогчид Та бүхэнд уриалж байна.

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Дэлхийн улс орнуудын бичил, жижиг дунд бизнес эрхлэгчдийн 34 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

Харин Монгол Улсын хувьд энэ үзүүлэлт 71.3 хувь байдаг нь бүс нутгийн хэмжээнд өндөрт тооцогддог хэдий ч эмэгтэй бизнес эрхлэгчдэд олгосон санхүүжилтийн хэмжээ эрчүүдийнхээс 25 хувиар бага байна.

Энэ зөрүүтэй байдлыг арилгах зорилгоор “Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай” хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.

НҮБ-ын судалгаагаар Монгол Улсад цахим худалдаа сүүлийн 5 жилийн дотор 5 дахин өсөж, нийт худалдааны 24 хувийг эзэлж байна.

Манай улсын цахим худалдааны салбар дахь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн оролцоо эрчимтэй нэмэгдэж, дижитал платформыг ашиглан шинэ зах зээлд нэвтэрч, цахим шилжилтэд зохих хувь нэмрээ оруулж байна.

Мөн манай улс Олон улсын худалдааны төвтэй хамтран “Эмэгтэйчүүдийн худалдааг дэмжих төв”-ийг Улаанбаатар хотноо нээн ажиллуулж, эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код зэрэг олон улсын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа нь эмэгтэйчүүдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, экспортын чадавхыг сайжруулах, цахим худалдаанд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд зохих хувь нэмэр оруулж байна.

Түүнчлэн дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг жендерийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж нэг жилийн дотор 20 байраар урагшилсныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө,

Дэлхий даяар эмэгтэй бизнес эрхлэгчид томоохон сорилтуудыг давж, шинэ санал санаачилгыг гарган, эдийн засгийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна.

Эмэгтэйчүүдийн бизнесийг дэмжих санхүүгийн хүртээмж, мэдлэг, боловсрол, дижитал ур чадварыг хөгжүүлэх, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэхэд нэн чухал юм.

Тус чуулга уулзалтын “Урам зориг өгөх, нөлөөлөл үзүүлэх, хөрөнгө оруулалт хийх” гэсэн уриа нь бидний хамтын зорилго, үүрэг, хариуцлагыг тод илэрхийлж байна.

Энэхүү уриаг хэрэгжүүлэхэд дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн бизнес эрхлэгч, манлайлагч эмэгтэйчүүд Та бүхний мэдлэг, туршлага, санал санаачилга, хамтын ажиллагаа онцгой чухал үүрэгтэй гэдгийг тэмдэглэн хэлэхийг хүсэж байна.

Өнөөдрийн чуулга уулзалт нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн түншлэл, нөхөрлөл, ажил хэргийн холбоог улам бэхжүүлж, илүү тэгш, илүү хүртээмжтэй, илүү энэрэнгүй ирээдүйг цогцлооход зохих хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.

Монгол Улс ямагт түншлэл, хамтын ажиллагаа, эв нэгдлийн бат бөх гүүр байх болно.

Ирээдүй хойч үеийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг бэлтгэж, тэдэнд хөгжин дэвших тэгш боломжийг бий болгохын төлөө дэлхий нийтээрээ хамтдаа хүчин зүтгэцгээе.

Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт ийнхүү албан ёсоор нээснийг мэдэгдэж, чуулга уулзалтад өндөр амжилт хүсье.

Нарт ертөнцөд аз жаргалыг түгээж, орчлонгийн амар амгаланг бий болгодог эрхэм хүндэт бүсгүйчүүд Та бүхэндээ энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, аз жаргал, инээд баяслаар бялхаж явахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

Өнө эртний түүхт, эртний нүүдэлчдийн төрт ёсны гал голомт, мөнх хөх тэнгэрийн орон манай сайхан улсад тавтай морилохыг хүсье.

Анхаарал хандуулсанд баярлалаа.

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2025/08/25 2:20:53Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол Улс ямагт түншлэл, хамтын ажиллагаа, эв нэгдлийн бат бөх гүүр байх болно
  • 2025/08/25 2:19:25Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
  • 2025/08/24 8:06:42“ABU ROBOCON 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээний нээлт боллоо  
  • 2025/07/28 6:12:51Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
  • 2025/07/28 6:03:28Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
  • 2025/07/28 4:32:22Төр, нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • 2025/07/27 12:19:27Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
  • 2025/07/26 2:56:17Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
  • 2025/07/26 12:15:52Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
  • 2025/07/25 1:12:37Тажикистан-Монголын анхны бизнес форум боллоо

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail 515908856_1340194164136925_6813063849052660026_n
515908856_1340194164136925_6813063849052660026_n
2025/07/10 12:22:21“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
thumbnail 514677703_748111194372690_1840022060456074353_n
514677703_748111194372690_1840022060456074353_n
2025/07/08 11:55:26Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа
thumbnail 514667447_1076883984388408_8976631025879621441_n
514667447_1076883984388408_8976631025879621441_n
2025/07/04 1:04:49“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
thumbnail 01
01
2024/08/29 4:13:04Хөвсгөл нууранд живсэн техник, хэрэгслийг татан гаргаж дууслаа
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020