Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму болон Ерөнхий сайд Нарендра Моди-гийн урилгаар 2025 оны 10 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Шинэ Дели хот дахь Энэтхэгийн агаарын цэргийн “Палам” нисэх онгоцны буудалд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Иргэний нисэх болон хамтын ажиллагааны яамны Төрийн сайд Мурлидхар Мохор, Монгол Улсаас БНЭУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганболд нар угтаж авлаа.
Хөгжимд хоёр орны Төрийн дуулал эгшиглэж, Хүндэт харуулын дарга Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтгал өргөлөө. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хүндэт харуулд хүндэтгэл үзүүлсний дараа угтах ёслолд хүрэлцэн ирсэн БНЭУ болон Монгол Улсын албаны төлөөлөгчидтэй мэндчиллээ.
Энэ удаагийн төрийн айлчлал хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн хүрээнд болж байна.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму-тай уулзаж, Ерөнхий сайд Нарендра Моди-той албан ёсны хэлэлцээ хийн, “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцоно.
Монгол, Энэтхэгийн бизнес форум зохиож, “Монголын сайхан орон” сэдэвт урлагийн тоглолт, гэрэл зураг, морин хуурын үзэсгэлэн толилуулна.
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди 2015 онд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэсэн юм.
Энэтхэг нь хүн амынхаа тоогоор дэлхийд нэгдүгээрт, эдийн засгаар тавдугаарт, газар нутгийн хэмжээгээр долоодугаарт жагсдаг. Индусийн соёл иргэншил болон бусад эртний соёл иргэншил үүссэн өлгий нутаг бөгөөд түүхийнхээ ихэнх үед худалдааны замын зангилаа байсан түүхтэй.
2014 онд Ерөнхий сайдаар томилогдсон Н.Моди-гийн Засгийн газар ядуурлыг бууруулах, боловсролын салбарыг хөгжүүлэхэд анхаарч олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа нь Энэтхэгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулж байна.
Энэтхэгийн Дотоодын нийт бүтээгдэхүүн 4,3 их наяд ам.доллар. Экспорт 603 тэрбум, импорт 682 тэрбум ам.доллар.
Нефтийн бүтээгдэхүүн, үнэт чулуу, эм, эмийн бүтээгдэхүүн голлон нийлүүлж, гадаадаас түүхий газрын тос, алт, мөнгө зэрэг үнэт метал, цахилгаан бараа авдаг.
Хөдөө аж ахуй, аж үйлдвэр, үйлчилгээ, санхүү, үл хөдлөх хөрөнгийн салбар голлох салбарт тооцогддог.
Энэтхэгт манай 420, Монгол Улсад 1,700 орчим энэтхэг иргэн оршин суудаг. Тус улсад 70 орчим монгол оюутан, 400 орчим лам, хувраг шавилан суралцдаг бол манай улсад дөрвөн энэтхэг оюутан сурч байна.