Ёс зүйг дээдэлсэн байгууллагын соёлыг төлөвшүүлэх талаар сургалт зохион байгууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Ёс зүйн дэд хорооноос тус газрын албан хаагчдын дунд “Ёс зүйн ерөнхий ойлголт” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалтын үеэр “Ёс зүйн тухай ойлголт, үзэл баримтлал” сэдвээр Удирдлагын академийн багш, Монгол Улсын Ёс зүйн хорооны гишүүн, доктор Ч.Эрдэнэчимэг, “Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдвээр Монгол Улсын их сургуулийн багш, доктор С.Цэдэндамба нар тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Тухайлбал, төрийн албан хаагчийн ёс зүйн зарчим, нийгэм дэх ёс суртахууны манлайлал, мэргэжлийн стандарт, суурь хэм хэмжээ, үнэт зүйлс, ёс зүйг дээдэлсэн соёлыг бүрдүүлэхэд төрийн албан хаагчийн оруулах хувь нэмэр зэрэг агуулгыг бататган хэлэлцлээ.
Мөн харилцан хүндэтгэл, итгэлцэлд суурилсан ажлын орчныг хэрхэн бүрдүүлэх, ёс зүйг дээдэлсэн байгууллагын соёлыг хэрхэн төлөвшүүлэх талаар мэдээлэл сонсож, санал бодлоо солилцов.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны даргаар Баримт бичиг, хяналт шинжилгээний газрын дарга С.Янжинсүрэн ажиллаж байгаа бөгөөд дэд хороо нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль болон Тамгын газрын дүрэм, Хөдөлмөрийн дотоод журмын хэрэгжилтийг хангах чиг үүрэгтэй.





