“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд “Хан Жаргалант Ховд” хоршоо аймгийнхаа мах, махан бүтээгдэхүүний 60 хувийг хангаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзсаныхаа дараа “Хан Жаргалант Ховд” хоршоонд очлоо.
2004 онд хоршоогоо байгуулан, сард 100 мянган төгрөгөөр байр түрээслэн дөрвөн төрлийн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн. Өдгөө 20 гаруй хүнтэй, хиам, царцаамаг, элэгний нухаш гээд 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, аймгийнхаа хэрэгцээний 60 хувийг хангаж, Завхан, Увс аймагт нийлүүлж байгаа тухай хоршооны дарга Э.Өлзийхүү танилцууллаа.


Тус хоршоо өмнө нь 18-20 хувийн хүүтэй зээл авдаг байсан бол “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд зургаан хувийн хүүтэй, тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтын болон эргэлтийн хөрөнгийн зээл авсан байна.
Энэ зээлээр тоног төхөөрөмжөө шинэчлэн, 300 тн багтаамж бүхий хөргүүртэй зоорь, агуулах барьжээ. Ингэснээр долоон хүнийг байнгын ажлын байраар хангаж, шинээр таван бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болсон байна.
“Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд мах ангилан савлах төхөөрөмж, хаяг шошго, сав, баглаа, боодол зэргээ шинэчлэхийг зорьж байгаагаа хоршооны удирдлагууд хэллээ.
Цаашид энэ хөдөлгөөнийг тууштай үргэлжлүүлэх, томоохон сүлжээ дэлгүүрүүд орон нутгийн бүтээгдэхүүнийг борлуулах тодорхой хэмжээний талбай гаргах, жижиг бизнес эрхлэгчдийн санхүү, менежмент, төлөвлөлт, эрсдлийг тодорхойлох зэрэгт нь дэмжин тусладаг төв байгуулахыг бодлогоор дэмжихийг хүслээ.
“Хүнсний хувьсгал” хөдөлгөөнд нэгдэж, орон нутагт тогтвортой үйл ажиллагаа явуулан, олон хүнийг ажлын байраар хангаж, татвараа төлж, улс, орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа хоршооны хамт олонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.

“Хан Жаргалант Ховд“ хоршоо жилдээ 1.2 тэрбум төгрөгийн борлуулалт хийдэг. Цаашид уламжлал, шинэчлэлийг хослуулсан бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг улам олшруулж, ажилчдадаа хамгийн өндөр цалин олгодог байгууллага болох зорилт тавьжээ.
Мөн хоршооны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэн 2.5 га газарт алим, монос, нохойн хошуу гээд 1,800 орчим мод тарьж ургуулаад байна.






