Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Ерөнхийлөгчид тус улсын Парламент-Мажилисийн дарга Ерлан Кошанов бараалхаж, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.



Улсын Их Хурал болон Казахстан Улсын Парламент-Мажилисийн хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өрнөж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхийлөгч илэрхийллээ.
“Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн, улс төрийн итгэлцлийг бэхжүүлэхэд хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг тэмдэглэлээ.
Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн хууль тогтоомжийг батлахад парламент манлайлах үүрэгтэйг онцолж, Найрамдлын бүлэг, Байнгын хороод, Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн чухлыг хэллээ.
Ирэх 10 дугаар сард Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо болох Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад Казахстаны эмэгтэй гишүүдийг оролцохыг урилаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын хөгжлийн шинэ үе шатыг эхлүүлж буй шинэ Үндсэн хуулийн бүх нийтийн санал асуулгыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэж, энэ хуулийн дагуу байгуулагдах хууль тогтоох дээд байгууллага “Курултай”-д амжилт хүслээ.

Казахстан Улсын Парламент-Мажилисийн дарга Ерлан Кошанов механик инженер, эдийн засагч мэргэжилтэй. 2022 оноос Мажилисийн даргаар ажиллаж байгаа бөгөөд мөн онд эрх баригч “Аманат” намын даргаар сонгогджээ.
Казахстаны Парламент Сенат /Дээд танхим/, Мажилис /Доод танхим/ гэсэн хоёр танхимтай.
Сенатын танхим 50 гишүүнтэй бөгөөд 40-ийг нь мужийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас, 10 гишүүнийг, үүний 5-ыг Үндэсний Ассамблейгаас Ерөнхийлөгч томилдог. Бүрэн эрхийн хугацаа нь 5 жил бөгөөд 3 жил тутам 50 хувийг нь сонгодог.
Мажилисийг 2022 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр 98 суудалтай болгосон. 70 хувийг нь пропорциональ системээр намын жагсаалтаар, 30 хувийг мажоритар системээр жижиг тойргоос сонгодог. Бүрэн эрхийн хугацаа нь 5 жил.
Энэ оны долоодугаар сараас хүчин төгөлдөр үйлчилж эхлэх шинэ Үндсэн хуулиар Дээд, Доод танхимыг халж, нэг танхимтай, 145 гишүүнтэй “Курултай” байгуулах юм.




