Шилдэг залуу эрдэмтэн О.НАСАНТОГТОХ: Химийн салбар намайг өдөр болгон дурлуулж, донтуулдаг
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг шилдэг залуу эрдэмтэн, инженер, ажилчинд олгосон. Шилдэг залуу эрдэмтэн шагналыг хүртсэн Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Отгоны Насантогтохын Ergelt.mn сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна.
-“Шилдэг залуу эрдэмтэн” гэх эрхэм шагналыг хүртсэн танд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Та баярынхаа сэтгэгдлээс хуваалцахгүй юу?
-Итгэж өгөхгүй л баяртай байна. Өчигдөр (уржигдар) Ерөнхийлөгчийн Тамгын газраас залгаад “Зургаа явуул” гэж хэлсэн. Зургаа явуулчихаад, хүүхдээ хөхүүлээд сууж байтал манай хүрээлэнгийн захирал энэ тухай мэдээллийг цахим хаягтаа шэйр хийчихсэн байсан. Ингэж л ийм том шагнал хүртсэнээ мэдлээ. Нутаг усныхан, ээж, аав, ах, дүү, мэргэжил нэгт нөхөд гээд олон хүн баяр хүргээд сайхан байна аа.
-Увс аймгийнх юм билээ. Багаасаа л химийн хичээлдээ сонирхолтой хүүхэд байв уу?
-Би Увс аймгийн Тариалан сумын малчин айлын хүүхэд. Миний аав Тариалан сумын Тарвагатай багийн Засаг даргаар ажилладаг байлаа. Нутгийнхаа хаана ч очсон “Тарвагатай багийн дарга Отгоны охин” гэхээр хүмүүс сайн таньж, мэддэг. Намайг их сургуульд ордог жил элсэлтийн ерөнхий шалгалт гэдэг зүйл бий болсон. Би уг нь эмч болно гэж боддог байлаа. Тухайн үед химийн хичээлээр шалгалт өгч 780 оноо авсан хэдий ч эмч болж чадаагүй. Учир нь, биологийн хичээлээр шалгалт өгөөгүй болохоор боломжгүй болсон. Ингээд МУБИС-ийн Хими, байгаль орчны багшийн ангид элссэн суралцсан.
Сургуулиа төгсөөд 2011 онд Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнд Бурмаа багшийн удирдлага дор ажилд орж байсан. Тэндээс би өдий зэрэгтэй явах мэдлэгийнхээ бүх эх суурийг олж авсан.
-Шилдэг залуу эрдэмтэн болгосон бүтээлийнхээ талаар танилцуулахгүй юу?
-Таван жилийн хөдөлмөр шингэсэн бүтээл минь шүү дээ. “Хүнцэл (III)-ийг исэлдүүлэн тунадасжуулах аргаар хаягдал ус зайлуулах шинэ технологи” сэдэвт судалгааны бүтээлээрээ тус шагналыг хүртсэн. Яагаад хүнцэл (III)-ийг гэж байгаа вэ гэхээр хүнцэл нь байгальд, хөрсөнд хаягдал ихтэй байдаг. Хүнцэл (III) хамгийн их хортой элемент учраас озанаар идэвхжүүлээд хүнцэл (V) хэлбэрт оруулж, хаягдал ус зайлуулах боломжтой гэдгийг анх олж харсан. Хүнцэл (V) элемент нь төмрийн нэгдлээр тунадасжуулаад хаягдал ус зайлуулах боломжтой гэдгийг л олж тогтоочихоод байгаа гэсэн үг. Хүнцэл маш хортой элемент хэрнээ дэлхийн гадарга дээр түгээмэл тархалттай байдаг. Дэлхий нийтээр уул уурхайгаас гарч буй хаягдалд гол анхаарлаа хандуулж ажиллаж байгаа шүү дээ. Тийм учраас л үүнийг сонгож, судалж эхэлсэн. Дэлхийн олон эрдэмтэн л энд гол анхаарлаа хандуулж байгаа. Би ердөө л тэдний нэг нь.
-Судалгаагаа хийхэд тань хэн хамгийн ихээр тусалж, зөвлөсөн бэ?
-Яг энэ бүтээлийг БНХАУ-д суралцаж байхдаа хийсэн. Багш маань болон сургуулийн профессор маань тусалж, зөвлөсөн. Ихэнхдээ багштайгаа хамт зүтгэж, өөрийн гараар гардаж бүтээсэн. БНХАУ-д таван жил суралцаад өнгөрсөн жил эх орондоо ирээд, одоогоор гэртээ хүүхдээ харж байна. Мөн манай Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, эрдэмтэд маш их тусалдаг.
Ялангуяа миний ажилладаг салбарынхан хамгийн том түшиг, тулгуур. Би анхнаасаа л зөв хамт олны дунд ажилд оржээ гэж өдөр бүр боддог.
-Таван жил гэдэг бага хугацаа биш. Бүтээлээ хийж байх явцдаа шантрах, бүтэлгүйтэх зүйл тохиолдож байв уу. Хүний нутагт энэ бүх зүйлийг давахад юу хамгийн ихээр нөлөөлж байв?
-Монголдоо байж байгаад өөр улсад очихоор хамгийн том тулгамддаг зүйл нь хэлний бэрхшээл. Хэцүү зүйл тоймгүй л тохиолддог байлаа. Эхний ганц, хоёр сар гэрээ санаад уйлдаг байсан бол дараа нь судалгааны ажил хэцүү санагдаж, шантарна. Хийж байгаа зүйлийнхээ үр дүнг үзэх гэж улайрч, лаборатори дээрээ 72 цаг хонож, ажилладаг байлаа.
Гэхдээ энэ судалгааны ажлын эхлэл нь 2011-2014 оны хооронд Хими, химийн технологийн хүрээлэнгийнхээ багийнхнаас сурч авсан мэдлэгт суурилсан. Би хийж байгаа ажилдаа дуртай. Хүмүүс тэр бүр ойлгоод байдаггүй ч гэсэн хүрээлэн буй орчинд ээлтэй бүтээл хийж яваа болохоор сайхан байдаг. Өдөр бүр л холдмооргүй донтуулдаг ажил шүү дээ. Химийн салбар намайг өдөр болгон дурлуулж, донтуулдаг. Дараагийн гарах үйлдэл, нөлөө ямар байх бол гэж бодохоос тогтож ядаад байдаг.
-Өмнө нь тус шагналд нэр дэвшиж байсан уу?
-Өнгөрсөн жил бид материалаа явуулсан хэдий ч шалгаруулалт болоогүй юм билээ. Эхлээд Шинжлэх ухааны академи руу бүтээлээ явуулж, шалгаруулалтад оролцдог юм. Тэндээсээ шалгараад Ерөнхийлөгчийн Тамгын газар руу хүргэгддэг гэсэн. Энэ жил Шинжлэх ухааны академиас манай бүтээл шалгараад, вэб сайтад нь тавигдчихсан байсан. Тэгэхээр нь тухайн үедээ “За бас магадлал байгаа юм байна шүү” гээд битүүхэн горьдлого тээсэн. Гэхдээ Ерөнхийлөгчийн тамгын газарт өөр олон эрдэмтний бүтээл очиж байгаа учраас яачих ч юм билээ гэж бодож байсан л даа.
-Таны ойрын зорилго юу вэ?
-Бүтээлээ үргэлжлүүлж судална. Цаашид улам сайжруулж, судлах зүйл үлдсэн. Мөн лабораторидоо хийх зүйл олон байгаа. Энэ бүтээлээс гадна судлах өөр сэдэв байгаа учраас түүн дээр түлхүү ажиллана. Түүнчлэн “Хүнцэл (III)-ийг исэлдүүлэн тунадасжуулах аргаар хаягдал ус зайлуулах шинэ технологи” бүтээлийнхээ чиглэлээр ойрын таван жилдээ олон зүйл хийнэ гэж төлөвлөж байгаа. Монголд судлагдах боломжгүйг нь гадаад руу явж судална. Энэ бүтээлээ гараас гаргаад, яг хэрэглэхэд бэлэн болгоно гэсэн төлөвлөгөө бий. Үйлдвэрлэлийн гаргалгааг тогтоож олно. Мөн хэд хэдэн тооцоолол хийнэ.
Эх сурвалж: Ergelt.mn