Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бараалхлаа
УИХ-ын чуулганы 2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар томилогдсон Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад бараалхлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан,
“Монгол Улсын Ерөнхий сайдад УИХ-аар дэмжигдэн хариуцлагатай албан үүргээ хүлээн авч байгаад баяр хүргэе.
Өнөөдрөөс Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гэж овоглогдоно. Миний хувьд найм дахь Ерөнхий сайдтайгаа хамтран ажиллаж байна. Таны хувьд, өмнө хариуцлагатай албан тушаалууд хашиж байсан тул ажил хурдтай явна гэж итгэж байгаа. Таныг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд болгох асуудлаар өмнөх Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй ярилцаж, хамтран ажиллах тухай санал солилцож байсан. Бид нам харгалзахгүйгээр хамтран ажиллаж байсан гэдгийг дурдахын зэрэгцээ өнгөрсөн хугацаанд хийж, хэрэгжүүлж ирсэн ажлуудаас танилцуулах нь зүйтэй. Жишээ нь,
“Салхитын мөнгөний орд”-ын хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, олон мянган ахмадуудын 6 сая төгрөг хүртэлх тэтгэврийн зээлийг тэглэж чадлаа.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, салбарын сайд нь мэдээгүй байхад 100–аас дээш тонн алтны нөөцтэй “Хармагтай” орд газрыг геологичидтой хамт илрүүлэн, гурван сарын хугацаанд 18 мянган метр урт өрмийг нь тавьж, 53 тонн алттай нөөцийг тогтоож, Засгийн газарт хүлээлгэж өгснийг энд цохон тэмдэглэе. Энэхүү ордын алтны нөөц цаашдаа 100 тонн орчим болох бөгөөд геологичид маш сайн ажилласан. Энэ нь байгалийн баялгийг 3 сая монголчууддаа хуваарилан өгч болдгийг харуулсан нэг жишээ юм.
Энэ бол 18 мянган метр өрөмдсөн өрөмдлөгийн нэг хэсэг, алт зэсний маш том ордын нэг хэсэг гэсэн үг. Өнөөгийн хүнд цаг үед эдийн засгийг авч гарах бас нэг боломж нь юм. Өрөмдлөгийн үеэр гарсан энэхүү дээжийг хоёр хуваагаад нэг хэсгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өгөөд, бид хоёр алтныхаа “доль”-ийг авлаа гэж инээж ярьж байлаа. Энэ ажлын ТЭЗҮ гурван сарын дундуур бэлэн болох бөгөөд цаашид үргэлжлэх ёстой шүү.
Мөн 2019 оны есдүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсад албан ёсны айлчлал хийх үеэр, ОХУ-аас БНХАУ, Монгол Улсаар дамжин өнгөрүүлж, БНХАУ-ын зах зээл дээр нийлүүлэх хийн хоолойн асуудал дээр эрчимтэй санаачилгатай ажиллахаар болсон. Тухайн оны 12 дугаар сард Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д айлчлал хийх үеэр ажил хэрэг болж, ТЭЗҮ маш урагштай явж байгааг дурдсан. Яг одоо цар тахал, зуд нүүрлэсэн энэ цагт энэхүү чухал асуудлыг Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд байлгах нь зөв үү гэдгийг ҮАБЗ-ийн хурлаар хэлэлцэх нь зүйтэй. Учир нь Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байсан Я.Содбаатар маш их ачаалалтай байсан тул хийн хоолойн асуудал хоцрогдох тал анзаарагдлаа. Энэ нь нөгөө талд монголчууд энэ асуудалд хайнга хандаж байна гэсэн ойлголтыг төрүүлэх вий. Иймээс та ҮАБЗ-ийн гишүүн болж байгаа тул энэ асуудлыг ҮАБЗ дээр авч нухацтай шийдвэр гаргах нь зүйтэй гэж харж байна.
Монгол Улсын зүгээс БНХАУ-ын дарга Ши Жиньпинд захидал илгээсний дагуу өнгөрсөн жил 6 их наяд төгрөгийн үндэсний мөнгөн тэмдэгт солилцох SWOP хэлцлийг 3 жилийн хугацаатайгаар сунгасан. Энэ нь манай улсын зүгээс энэ хэмжээгээр төлөх байсан төлбөрийн дарамтыг чөлөөлсөн гэсэн үг. Саяхан БНХАУ-ын Элчин сайдтай уулзаж гурван жилийн хэлэлцээрийг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчлах үеэр цаашид 20 хүртэлх жилийн хугацаагаар сунгаж өгөх саналыг тавьсан байгаа. Энэ асуудал шийдэгдэхээр цаашид 2 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгө чөлөөлөгдөх юм. Ингэснээр цар тахлын хүнд цагт иргэдээ болон ААН-үүдэд тусалж болох эдийн засгийн боломжийг судалж, бусад улс орнуудад авч хэрэгжүүлж буй арга хэмжээний жишгээр иргэдээ дэмжих төлөвлөгөөг гаргасан. Энэ төлөвлөгөө У.Хүрэлсүх Ерөнхий сайдын ширээн дээр байгааг шинэ Ерөнхий сайд заавал олж танилцаарай. Бид АН, МАН бусад гэж талцах бус харин ард түмнийхээ төлөө хамтдаа ажиллаж байж цар тахлыг даван туулж чадна.
Мөн өнгөрсөн хугацаанд эхлүүлсэн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг хамтдаа дуусгах ёстой. Өнөөдрөөс эхлэн ажилдаа шуурхайлан орно гэдэгт итгэж байна.
Та өнөөдөр чуулганы хуралдааны үеэр Засгийн газар Оюу толгойн ажлын хэсэгт сөрөг хүчнээс болон УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг оруулах талаар дурдлаа. Оюу толгойн асуудал дээр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Монгол Улсын Ерөнхий сайд байсны хувьд их түшиг болно. Олон нийтийн анхаарлын төвд байгаа Оюу толгойн гэрээний асуудлаар манай зүгээс мөн саналаа өгсөн байгаа.
Таны хувьд жагсаал цуглаан зохион байгуулж байсан, нийгмийн бухимдал ямар байдгийг ойлгодог нэгэн гэж харж байна. Тиймээс Ерөнхийлөгчийн хувьд шинэ Ерөнхий сайд одоо гараад УИХ-ын гишүүн С.Ганбаатарын өлсгөлөнг зогсоох асуудалд анхаарлаа хандуулаарай.
Хамтдаа гурван сая монголчуудынхаа төлөө, элгээрээ хэвтсэн эдийн засгаа сэргээхийн төлөө хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Монголын төр ганхахгүй бат бөх, Монголын ард түмэн зовохгүй эрүүл саруул байхын төлөө хамтарч ажиллая. Амжилт хүсье” гэлээ.
Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү