• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2025/05/13
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Н.Батхүү: Тэрбум модыг судалгаа, тооцоонд үндэслэн үе шаттай тарьж ургуулах боломжтой

thumbnail 242211645_252403423440315_3884523280590384726_n242211645_252403423440315_3884523280590384726_n
2021/09/27 10:57:21
Н.Батхүү: Тэрбум модыг судалгаа, тооцоонд үндэслэн үе шаттай тарьж ургуулах боломжтой

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцох үеэрээ тэрбум модыг тарьж ургуулах хөдөлгөөнийг эхлүүлэх гэж байгаа талаар мэдэгдсэн билээ. Энэ талаар Ой судлалын ухааны доктор, МУИС-ийн дэд захирал, профессор Н.Батхүүтэй ярилцлаа. Тэрбээр цөлжилт болон газрын доройтлыг бууруулах чиглэлээр 25 жил судалгаа, шинжилгээний ажлыг хийсэн юм.

–Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын индрээс Монгол Улс тэрбумаар тоологдох модыг тарьж ургуулах тухай үг хэлсэн. Өнөөдөр Монгол Улсад ойжуулалт хийх хэрэгцээ, шаардлага, ойн салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө үү.

-Монгол Улс 1970 оноос ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажлыг хийж эхэлсэн бөгөөд мод тарихад байгалийн бүс, бүслүүрээр харилцан адилгүй хийх шаардлагатай байдаг. Үүнийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргасан тодорхой дүрэм журам болон норм, нормативын дагуу хэрэгжүүлдэг. Тодруулбал, говь цөлийн бүсэд нэг га талбайд хамгийн багадаа 800 мод, харин хээр, хангайн бүсэд 1,800-2,000 ширхэг мод тарьж ургуулсан бол ой гэж үзэж, Монгол Улсын ойн санд бүртгэж авдаг.

Энэхүү нормативыг шинэчлэлгүй 10-аад жил болж, шинэчлэх зайлшгүй шаардлага үүссэн бөгөөд 2020 онд шинэчлэн баталж, 1 га талбайн ойжуулалтын зардлыг 2-5 дахин  өсгөсөн. Энэ өөрчлөлтийн гол концепц нь тарьсан ой модоо дор хаяж 3-5 жилд арчилж ургуулах зардлыг оруулан тооцсонд байгаа юм. Өөрөөр хэлбэл та мод тариад ургуулсан бол тухайн таримал ойг мөнгөн дүнгээр үнэлэн улсын ойн санд худалдаж авах дүрэм үйлчилж байна гэсэн үг.

Ингэснээр мод тарьж ургуулах хүсэлтэй иргэдийн тоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой. Цаашлаад цөлжилттэй тэмцэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажлыг дэмжих чиглэлд чухал үүрэг гүйцэтгэх дэмжлэг болох юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Үндэсний мод тарих өдрийг жилд хоёр удаа ёслон тэмдэглэдэг. Үүнтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын түвшинд мод тарих ажлын ач холбогдлын талаарх хандлага эерэгээр эргэсэн. Мод тарих нь бидний амьдралын орчин, амьжиргаа, аюулгүй байдалд чухал гэдгийг ухамсарлах болсон. Энэхүү эерэг өөрчлөлт үүсэхэд гадаад, дотоодын санхүүжилтээр ойн салбарт хэрэгжсэн төсөл хөтөлбөрүүдийг гүйцэтгэсэн нөлөө, үүрэг чухал байр суурь эзэлдэг гэдгийг дурдах нь зүйтэй.

Харамсалтай нь ойн нөхөн сэргээлт, ойжуулалтын ажлын мониторинг судалгаанаас үзэхэд Монгол оронд тарьсан моддын 50 хүрэхгүй хувийн амьдралттай байгаа тооцоолол байдаг. Манай улс Бонны сорилтод элсэж, 600 мянган га талбайг ойжуулж, нөхөн сэргээнэ гэсэн амлалт авсан. Харин Ойн тухай хуульд жилдээ 10 мянган га талбайг ойжуулна гэж заасан байдаг. Гэтэл ойжуулсан талбайн хэмжээгээр аваад үзэхэд жилдээ 5-6 мянган га талбайг ойжуулж байна.

Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд цөлжилт, газрын доройтол нь нийгмийн тулгамдсан асуудлын хэмжээнд тавигдаж байна. Судалгаа, шинжилгээний үр дүнгээс үзэхэд Монгол орны нутаг дэвсгэрийн 80 орчим хувь цөлжилтөд өртсөн байна. Энэ нь юуг хэлж байна вэ гэхээр бид амьдрах орчноо хамгаалах зайлшгүй шаардлагатайгаас гадна хүний нийгмийн оршин тогтнохтой холбоотой асуудал гэж ойлгож үзэх хэрэгтэй. Тэгэхээр цөлжилттэй зайлшгүй тэмцэх, цөлжилтийг сааруулах арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлж эхлэх ёстой болоод байна.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ санаачилга ч цөлжилттэй тэмцэх, байгаль экологийн доройтлыг бууруулах чиглэлд хийж буй тодорхой алхам гэж харагдаж байна. Ер нь Монгол оронд 1 тэрбум модыг тарьж ургуулах боломжтой юу?

-Тэрбум мод тарина гэдэг зорилт бол бүтэхгүй зүйл биш гэж харж байна. Гэхдээ анхаарах хэд хэдэн зүйлс байна.

Юун түрүүнд ойжуулалт хийх тухайн бүс нутагт дасан зохицох чадвар бүхий модлог ургамлын зүйлийг олж илрүүлэх, орчны тааламжгүй нөхцөлийг тэсвэрлэх чадвартай ургамлын суурь судалгааг хийж, орон нутгийн унаган мод, сөөгийг үржүүлэх мод үржүүлгийг газрыг байгуулах замаар тухайн орчинд ургах чадвар бүхий таримлуудыг тарьж ургуулах зайлшгүй шаардлагатай. Тухайн бүс нутгаас түүж бэлтгэсэн үр, үржлийн эрхтэний материалаар тухайн бүс нутагт нь тарьж суулгахыг хэлж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл Хэнтийд ургуулж бойжуулсан мод, сөөгийг Баян-Өлгийд тарьж болохгүй.

Нөгөө талдаа ургамлыг тарьж ургуулах тарьц, суулгацыг бэлтгэх бааз суурь болох мод үржүүлгийн газруудын техник, технологийн хоцрогдлыг арилгах хэрэгцээ үүссэн. Үүнээс ургуулсан үүдэн тарьц, суулгацын чанарын асуудал яригдана. Чанартай тарьцаар ойжуулалтын ажлыг гүйцэтгэж байж 50 биш, 100 хувь ургуулах боломжтой. Тарьц, суулгацын чанарыг сайжруулахын тулд судалгаа, шинжилгээг хийхээс гадна мод үржүүлгийн газруудын техникийн болон хүний нөөцийн чадавхыг сайжруулах шаардлагатай.

Модыг тарих амархан. Харин түүнийг 20-25 жилийн турш арчилж, тордох, хамгаалах ажил хамгийн чухал бөгөөд орхигдсон асуудал юм. Мод тарихад усалгаа, арчилгааны асуудал хамгийн чухал. Ялангуяа ойг нөхөн сэргээх, ой байгаагүй газарт ой тарьж ургуулах зэрэг ажилд малын бэлчээрлэлтээс хамгаалах асуудлыг орхигдуулж болохгүй. Малын талхагдлаас хамгаалах арга хэмжээг авахгүй бол хэчнээн ч мод тариад нэмэргүй гэж хувьдаа боддог. Мал аж ахуй нь эдийн засгийн чухал салбар хэдий ч ойжуулалт, нөхөн сэргээлтийн явцад газар ашиглалтын болон хамгааллын явцад зарим зөрчил үүсдэг. Тиймээс аливаа газарт ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэхийн өмнө орон нутгийн иргэд, малчидтай ойлголцож, харилцан тохиролцох шаардлага үүсдэг.

1 тэрбум мод тарих зорилт бол тодорхой суурь судалгаа, хүний нөөц, мэргэжилтэй боловсон хүчин, урьд өмнө хуримтлагдсан туршлага гэх мэт олон зүйлийг харгалзан үзэж, бодитой тооцоолол хийж, үе шаттай төлөвлөгөө гаргаж, үүнийгээ эргэн хянаж, мониторинг судалгаа хийх замаар хэрэгжүүлбэл боломжтой зүйл.

Ер нь мод тарих ажил зөвхөн монголчуудын асуудал биш. Хөрш зэргэлдээ орнууд, тэдгээрийн нийгэм, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлдэг учраас дэлхий нийтийн асуудал. Бид цөлжилт, газрын доройтолтой тэмцэх ёстой. Хүн төрөлхтөн амьдралынхаа туршид өөрсдөө ч мэдэхгүйгээр ой модноос олон төрлийн экосистемийн үйлчилгээг байнга хүлээж авдаг. Эрдэмтдийн судалгаанаас харахад таримал ой, мод нь өсөлтийн эхний 20 жилдээ  4.5-40 гаруй тонн нүүрс хүчлийн хийг шингээдэг гэсэн тооцоо бий. Иймээс ой модоо хамгаалж, ойг хомсдол, доройтолд хүргэж буй хүчин зүйлүүдтэй тэмцэх замаар ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажлыг хийх зайлшгүй шаардлага бий.

-Та сая ой байгаагүй газарт ой тарьж ургуулах тухай дурдлаа. Шар шороон шуургатай тэмцэх хамгийн оновчтой арга нь Монголын говийг ойжуулах гэж ойлгож болно биз дээ?

-Би Монгол-Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төсөл эхлэлийн шатнаас эхлээд өнөөг хүртэл оролцож, судалгаа шинжилгээний ажлыг хариуцан гүйцэтгэж байна. Бид судалгаагаа 2007-2008 оноос эхлүүлж, говь болон хуурай хээрийн бүсэд мод тарих, өөрөөр хэлбэл ойгүй байсан газрыг ойжуулах ажлыг хийж гүйцэтгэж байна.

Монгол хэлэнд ойжуулалт гэдэг нэр томьёо бий. Гэхдээ хоёр төрлийн ойжуулалт байна гэж ойлгох хэрэгтэй. Нэг нь ойн талбай хүний болон байгалийн хүчин зүйлийн нөлөөгөөр устаж үгүй болсон газрыг нөхөн сэргээх, нөгөө нь сүүлийн 10 жил,  түүнээс урт хугацаанд ой байгаагүй газрыг ойжуулах, мод тарьж ургуулахыг хэлдэг.

Манай төслийн хувьд хөрс, ус, ургамал, модлог ургамлынхаа биологи, экологи, физиологи, генетикийн чиглэлийн судалгаа, шинжилгээний ажлын үр дүнд тулгуурлаж гарсан зөвлөмжид үндэслэн ажлаа явуулсан. Төслийн хүрээнд тавьсан зорилт буюу Төв аймгийн Лүн, Өмнөговь аймгийн Даланзадгад, Булган сумдын нутагт 3,000 орчим га газарт ой модыг тарьж ургуулах зорилтоо биелүүлсэн. Бидний тарьсан мод 90-ээс дээш хувь нь амжилттай ургасан. Энэ ойг хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр Монгол Улсын Засгийн газар хүлээн авч байгаа. Мөн төслийн хоёрдугаар шатанд Улаанбаатар хотын Дамбадаржаад Найрамалын цэцэрлэгт хүрээлэн барьж байгуулж байна. Удахгүй Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэж өгнө.

“Ногоон хэрэм” төсөл Монгол Улсын хуурай болон говь, цөлийн бүсэд ойг тарьж болдог юм байна, ойг тарьж ургуулахад мэргэжилтэй боловсон хүчний гүйцэтгэх үүрэг чухал байдаг гэдгийг харуулж чадсанаараа онцлогтой.

Төслийнхөө хүрээнд ярихад саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч, БНСУ-ын Ерөнхийлөгч нар цахим уулзалт хийх үеэр энэ төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлага байгаа гэдэгт хоёр талаас харилцан ярилцсан тухай мэдээлэл авсан. Энэ төсөлд оролцож байгаа хүний хувьд, цаашлаад судлаач хүнийхээ хувьд энэ төслийг үргэлжлүүлэх зайлшгүй шаардлагатай гэж харж, дэмжиж байна. Монгол Улсад амжилттай хэрэгжсэн төсөл хөтөлбөрүүдийг цаашид үргэлжлүүлж, одоо яригдаж байгаа тэрбум модыг тарьж ургуулах санал санаачилгад тусгаж явах нь зүйтэй гэдгийг хэлмээр байна.

Эцэст нь хэлэхэд мод тарьсны дараах хамгаалалт, арчилгааны асуудал хамгийн чухал. Болно, бүтээнэ гэсэн эрмэлзэл байхад үе шаттай төлөвлөгөөний дагуу энэ санаачилга хэрэгжих бүрэн боломжтой.

 

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2025/05/12 4:25:58АШУҮИС-ийн “Сувилахуйн сургалт, судалгааны төв” ирэх онд ашиглалтад орно
  • 2025/05/12 11:34:04Сувилагчдын тоог нэмэх, мэргэшүүлэх, мэргэжлийнх нь үнэ цэнийг таниулахад онцгой анхаарах шаардлагатай
  • 2025/05/10 9:50:17Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
  • 2025/05/09 11:57:16Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав
  • 2025/05/09 11:47:04“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • 2025/05/08 12:06:09Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
  • 2025/05/07 8:00:10Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ
  • 2025/05/05 9:54:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Ялалтын 80 жилийн ойн баярт оролцоно
  • 2025/05/02 12:37:34Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
  • 2025/05/01 5:30:54Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
thumbnail 01
01
2024/08/29 4:13:04Хөвсгөл нууранд живсэн техник, хэрэгслийг татан гаргаж дууслаа
thumbnail 449522515_981171050166995_5643965504933398280_n
449522515_981171050166995_5643965504933398280_n
2024/07/09 11:00:20Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааныг албан ёсоор угтаж авлаа
thumbnail muz8
muz8
2024/07/02 4:01:53“Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээлтээ хийлээ
thumbnail 420846325_936853554628299_4824140563652813239_n
420846325_936853554628299_4824140563652813239_n
2024/02/07 4:35:55ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрын төрийн айлчлал эхэллээ
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020