Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко нар мэдээлэл хийлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсад 2024 оны 06 дугаар сарын 01-04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.
Хоёр улсын төрийн тэргүүн албан ёсны хэлэлцээний дүнгийн талаар мэдээлэл өглөө.
Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш беларусийн талаас төрийн тэргүүний түвшинд хийж буй анхны айлчлалын үеэр уламжлалт, найрсаг харилцааг бататгаж, “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”-нд гарын үсэг зурсанд баяртай байгаагаа Ерөнхийлөгч нар илэрхийлэв.
Талууд эдийн засаг, худалдаа, боловсрол, шинжлэх ухаан, байгаль орчин болон хүмүүнлэгийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө гэдгээ нотоллоо.
Төрийн айлчлалын үеэр харилцаа, хамтын ажиллагааны ололт, амжилтыг бататган, эдийн засгийн агуулгаар баяжуулахад чиглэсэн, хоёр орны харилцааны бэлгэ тэмдэг болохуйц, харилцан ашигтай төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэх талаар ярилцлаа.
Айлчлалын үеэр байгуулсан гэрээ, хамтын ажиллагааны замын зураглал, хэлэлцээр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, хууль, хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, байгаль орчин, аялал жуулчлал, онцгой байдал, оюуны өмч зэрэг салбарт хамтрах тухай баримт бичгүүд, бизнес форум нь харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдгийг төрийн тэргүүн нар тэмдэглэв.
Төрийн айлчлалын үеэр хийсэн яриа хэлэлцээ, харилцан тохиролцсон асуудлын мөрөөр хоёр орны Засгийн газар, холбогдох байгууллагууд идэвх, санаачилгатай ажиллаж, бодит үр дүн гаргана гэдэгт итгэл төгс байгаагаа талууд илэрхийллээ.
Монгол Улс нь Бүгд Найрамдах Беларусь Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг 1991 онд хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрсөн улсын нэг байсныг Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх онцлов.
Мөн Беларусийн мэргэжилтнүүд үйлдвэр, завод, орон сууц, сургууль, цэцэрлэг, соёлын барилга, байгууламж болон Эрдэнэт, Дархан, Налайх, Багануур, Шарын гол зэрэг хот, суурин газрын бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулж байсныг тэмдэглэв.
Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсын хэрэгжүүлж буй гадаад бодлого, түүнийг хэрэгжүүлж буй прагматик хандлага бидэнд ойр, ойлгомжтой байдаг гээд, хоёр орны харилцаанд ямар нэг хүндрэл, үл ойлголцол байхгүй гэдгийг онцлов.
Цаашид өргөн хүрээнд, урт хугацаанд харилцан ашигтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж, Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг БНБУ-д төрийн айлчлал хийхийг урилаа.
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтарна
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийн угсралт, үйлдвэрлэл, засвар, үйлчилгээний хамтарсан төв, үнээний хамтарсан ферм байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, шилмэл үүлдрийн үхрийн генийн нөөцийг сайжруулах, махны экспортыг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
Беларусийн эрдэмтэд археологи, малтлага, хээрийн судалгаанд оролцоно
Талууд боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ. Хоёр улсын Шинжлэх ухааны академи хамтарсан судалгааны төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа бөгөөд беларусийн эрдэмтэд археологийн малтлага, хээрийн судалгааны ажилд оролцох боллоо.
Олон монгол иргэн Беларусь Улсад суралцаж, боловсрол, мэргэжил эзэмшсэн. Одоо тус улсын тэтгэлгээр манай 28 оюутан Беларусийн техник мэргэжлийн дунд сургууль, их дээд сургуульд суралцаж байна. Цаашид Ерөнхийлөгчийн “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллахаар тохиролцлоо.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллана
Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хүнсний аюулгүй байдал зэрэг дэлхийн нийтийн өмнө тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэхэд олон улсын хамтын нийгэмлэг, улс орон бүрийн хүчин чармайлт, хувь нэмэр чухал гэдэгтэй санал нэгдэж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Беларусь Улстай хамтран ажиллахаар тохиролцлоо.