• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2025/05/25
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Хөвсгөл нууранд живсэн техник, хэрэгслийг татан гаргаж дууслаа

thumbnail 0101
2024/08/29 4:13:04
Хөвсгөл нууранд живсэн техник, хэрэгслийг татан гаргаж дууслаа

Хөвсгөл нуурыг цэвэрлэх, живсэн тээврийн хэрэгсэл, техникийг  татан гаргах ажиллагаа дөрвөн жил үргэлжилж дууслаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Монгол орны цэнгэг усны нөөц гол мөрний урсац бүрэлдэх эх болсон  экосистемийг тусгай хамгаалалтад авах, байгалийн унаган төрхийг хамгаалах зорилтыг “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгуулж байлаа.

Мөн төрийн тэргүүнээр сонгогдсоны дараа Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, дэд бүтцийг сайжруулах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, байршлыг тогтоох, татан гаргах санаачлага гарган, ажлыг нь эхлүүлж байсан юм.

1985 онд Хөвсгөл нуурт живсэн “Сүхбаатар хөлөг онгоц”-ыг 2021 онд татан гаргасан нь энэ ажиллагааны эхлэл байлаа. Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн эрдэмтэд гүйцэтгэх технологийн карт боловсруулж, татан гаргах байгууламжийг угсарсан нь  Монгол Улсын хэмжээнд анхны бөгөөд түүхэн үйл явдал болсон юм.

Үүнээс хойш өнөөдрийг хүртэл үргэлжилсэн ажиллагаа өндөрлөж, татан гаргасан машин, техникийг орон нутагт хүлээлгэн өгөх ёслол Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд боллоо.

Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх оролцож, генерал, офицер, ахлагч, алба хаагчид, эрдэмтэн, судлаач, инженерүүд болон хамтран ажилласан орон нутгийн удирдлага, иргэдэд  талархал илэрхийллээ.

Өнгөрсөн хугацаанд Онцгой байдлын ерөнхий газар, Зэвсэгт хүчний Жанжин штабын томилгоот бүрэлдэхүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Үндэсний Батлан хамгаалахын их сургууль, “Геомастер” компанийн 120 гаруй хүнээс бүрдсэн ажлын хэсэг Хөвсгөл нуурын 33-171 метрийн гүнээс 11  автомашин, техникийг татан гаргалаа.

Ингэснээр нийт 50 орчим тн шатахуун, тос, тосолгооны материал, аюултай хог хаягдал нууранд тархаж бохирдохоос сэргийлж чаджээ.

Хэрэв аюултай хог хаягдал асгарсан бол нуурын мандлын 2.53 хувь буюу 70 гаруй хавтгай дөрвөлжин километр талбай бохирдож, Эгийн гол, Сэлэнгэ мөрөнг бохирдуулан, улмаар дэлхийн цэнгэг усны 20 хувийг эзлэх Байгаль далайг ч  бохирдуулах байжээ.

Мөн загас, жараахай болон усны бичил организмын 50 хувь үхэж, Хөвсгөл нуурын экостистемд үлэмж хохирол учруулах эрсдэлтэй гэдгийг эрдэмтэд тогтоосон байна.

Энэ их эрсдэл, аюулыг хамтын хүчээр зогсоож чадсаныг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх хэлсэн үгэндээ онцоллоо.

Орон нутагт хүлээлгэн өгч тээврийн хэрэгсэл, техникүүд энэ ажиллагаанд оролцсон хүмүүсийн хөдөлмөр, гавьяа зүтгэлийг илэрхийлэхийн зэрэгцээ Хөвсгөл нуураа хайрлаж, хамгаалахын утга учрыг иргэдэд сануулж байх ёстойг тэмдэглэлээ.

Цаашид байгаль эх, Хөвсгөл нуурын экосистемийг хамгаалах, байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэхэд онцгой анхаарч ажиллахыг орон нутгийн удирдлагад даалгалаа.

Татан гаргах ажиллагаа нь:

  • Монгол эрдэмтдийн тооцоолол, монгол инженерүүдийн аргачлал, алба хаагчдын ур чадвараар байгаль цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд анх удаа усны гүнээс хөндлөн таталт зохион байгуулсан,
  • Онцгой байдлын байгууллагын шумбагч нар урьд өмнө хийж байгаагүй даалгавар гүйцэтгэж дадлага, туршлага хуримтлуулан ур чадвараа дээшлүүлсэн,
  • Нуурын гүнд байгаа обьектыг судлах, илрүүлэх, татан гаргах ажиллагаанд анх удаа олон үйлдэлт Про-5 загварын усны дрон ашигласан,
  • Монгол эрдэмтдийн зохион бүтээсэн хөвүүр гүүрийн тавцан дээр суурилуулсан “Ферм” буюу өргөх краныг ашигласнаараа онцлогтой байсныг ажиллагаанд оролцогсод ярилаа.

Татан гаргах ажиллагааг гүйцэтгэх үед алба хаагчдын аюулгүй байдал нэгдүгээрт байх зарчим болон хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг баримталж байсны дүнд ямар нэг эндэгдэл, осол гараагүй байна.

Тээврийн хэрэгсэл, техникүүдийг орон нутагт хүлээлгэн өгөх ёслолд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Энх-Амгалан, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал С.Ганбямба, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд Штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгалийн нөөцийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Ц.Уранчимэг, ЗХЖШ-ын Барилга инженерийн цэргийн удирдах газрын холбогч, хурандаа М.Батболд, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа С.Ганболд болон Ажлын хэсгийн бүрэлдэхүүн, аймаг, орон нутгийн холбогдох удирдлага, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Хөвсгөл нуур нь Монгол орны цэнгэг усны 75 орчим, дэлхийн цэнгэг усны 0.4 хувийг бүрдүүлдэг, 500 жил зарцуулж байж усаа нэг удаа цэвэршүүлдэг нуур юм.

Мөн манай улсын нийт гол мөрний 10 жилийн урсацтай тэнцэх хэмжээний цэнгэг усыг ай савдаа агуулдаг бөгөөд ой тайгын 25 хувь, нэн ховор амьтан, ургамлын дийлэнх нь энэ нуурыг тойрон оршиж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2017 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Ганга нуурыг хамгаалах ажлыг санаачлан эхлүүлж байлаа. Үүний үр дүнд ширгэхдээ тулж байсан Ганга нуурын эко систем 2023 онд бүрэн сэргэж, усны түвшин 2005 оны хэмжээнд хүрээд байна. Мөн энэ оноос нуурыг хамгаалах хоёр дахь шатны төсөл эхэлсэн юм.

Үүнээс гадна Ерөнхийлөгчийн санаачлагаар Хэрлэн гол, Өгий нуур, Бумбатын рашааныг сэргээх төслийг хэрэгжүүлж байна.

 

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2025/05/22 11:04:50Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
  • 2025/05/21 3:50:47Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Суурин зохицуулагчийг хүлээн авч уулзав
  • 2025/05/21 3:18:54Австралийн Холбооны Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
  • 2025/05/21 1:01:06Нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Гавьяат нисгэгч Р.Бат-Эрдэнэд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
  • 2025/05/21 11:00:01Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
  • 2025/05/17 4:14:1237 дахь удаагийн “Номын баяр”-ын шилдгүүд тодорлоо   
  • 2025/05/15 2:25:18Ялалтын 80 жилийн баярын жагсаалд оролцсон дайчдад цэргийн одон, медаль гардууллаа
  • 2025/05/12 4:25:58АШУҮИС-ийн “Сувилахуйн сургалт, судалгааны төв” ирэх онд ашиглалтад орно
  • 2025/05/12 11:34:04Сувилагчдын тоог нэмэх, мэргэшүүлэх, мэргэжлийнх нь үнэ цэнийг таниулахад онцгой анхаарах шаардлагатай
  • 2025/05/10 9:50:17Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
thumbnail 01
01
2024/08/29 4:13:04Хөвсгөл нууранд живсэн техник, хэрэгслийг татан гаргаж дууслаа
thumbnail 449522515_981171050166995_5643965504933398280_n
449522515_981171050166995_5643965504933398280_n
2024/07/09 11:00:20Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааныг албан ёсоор угтаж авлаа
thumbnail muz8
muz8
2024/07/02 4:01:53“Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээлтээ хийлээ
thumbnail 420846325_936853554628299_4824140563652813239_n
420846325_936853554628299_4824140563652813239_n
2024/02/07 4:35:55ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрын төрийн айлчлал эхэллээ
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020