Бүгд Найрамдах Итали Улстай бүх талаар хамтран ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжиж байна.
Айчлалын хүрээнд Засгийн газар болон байгууллага хороонд хамтран ажиллах тухай гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
- Олон улсад автозамаар ачаа тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Дэд бүтэц, тээврийн дэд сайд Эдоардо Рикси,
Манай тээвэрчид Европын орнууд руу бараа, бүтээгдэхүүнээ саадгүй тээвэрлэх, гуравдагч улсын зах зээлд нэвтрэх, хоёр улсын хооронд ТИР конвенцын хүрээнд ачаа тээвэрлэлтийг зохион байгуулах боломж бүрдэнэ. Хоёр улсын гадаад худалдаа өргөжиж, ялангуяа манай улсын экспортын чухал бүтээгдэхүүн болох угаасан, самнасан ноолуурын экспортыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой.
- “Боловсрол, соёл, шинжлэх ухаан болон спортын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хоорондын 2025-2028 онд хэрэгжүүлэх хөтөлбөр”-т Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Шадар сайд бөгөөд Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны сайд Антонио Таяани

Боловсрол, шинжлэх ухаан, соёл, спортын салбар хоорондын шууд хамтын ажиллагааг хөгжүүлж, их, дээд сургуулийн багш, оюутан солилцоо, соёл, урлагийн чиглэлээр харилцан үзэсгэлэн, урлагийн тоглолт зэргийг 2025-2028 онд хамтран зохион байгуулна.
- “Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Бүгд Найрамдах Итали Улсын Аялал жуулчлалын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Аялал жуулчлалын сайд Даниэла Сантанкэ,

Аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг дэмжих, улс хооронд жуулчдын зорчих маршрутыг хөнгөвчлөх боломжийг бүрдүүлнэ.
- “Чухал эрдэс бодис болон түүхий эдийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Бүгд Найрамдах Итали Улсын Италид үйлдвэрлэв яам болон Хүрээлэн буй орчин, эрчим хүчний аюулгүй байдлын яам хоорондын хамтарсан мэдэгдэл”-д Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Италид үйлдвэрлэв яамны cайд Адольфо Урсо, Хүрээлэн буй орчин, эрчим хүчний аюулгүй байдлын сайд Жильберто Пикетто Фратин,

Чухал ашигт малтмалын харилцан ашигтай, тогтвортой, найдвартай худалдаа, ил тод хөрөнгө оруулалтыг дэмжиж, Дэлхийн худалдааны байгууллага, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хэм хэмжээний хүрээнд геологи, уул уурхай, боловсруулах болон дахин боловсруулах чиглэлээр хамтарч ажиллах эрмэлзлээ илэрхийллээ.
- “Иргэний хамгаалалтын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар болон Бүгд Найрамдах Итали Улсын Иргэний хамгаалалтын газар хоорондын санамж бичиг”-т Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Иргэний хамгаалалтын газрын Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Луижи Данжел,

Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд чиглэсэн, гамшгийн эрсдэлийг үнэлэх, бууруулах стратеги, арга зүй боловсруулахад техникийн туслалцаа үзүүлэх хамтарсан төсөл хэрэгжүүлэх ба байгалийн гамшгийн үед харилцан туслалцаа үзүүлж, энэ салбарын бусад харилцан сонирхол илэрхийлсэн чиглэлүүдээр хамтран ажиллана.
- “Монгол Улсын Стратеги судалгааны хүрээлэн болон Олон улсын байгууллагын Италийн нийгэмлэг хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Стратеги судалгааны хүрээлэнгийн захирал Ж.Мэндээ, Италийн олон улсын байгууллага,

Олон улсын эрх зүй, олон талт хамтын ажиллагааны сэдвээр судлаачид болон оюутнуудыг сургалтад хамруулах, стратегийн болон олон улсын аюулгүй байдлын сэдвээр судалгаа хийх, хурал, семинар, дугуй ширээний уулзалт хамтран зохион байгуулах зэрэг чиглэлээр хамтран ажиллана.
- “Монгол Улсын Өвөрхангай аймаг болон Бүгд Найрамдах Итали Улсын Мажоне хот хоорондын эрмэлзлийн захидал”-д Монгол Улсын Өвөрхангай аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж, Мажоне хотын Захирагч Массимо Лажетти нар гарын үсэг зурав.

Найрсаг харилцаа, хамтын ажиллагааг дэмжих зорилгоор аялал жуулчлал болон соёлын салбар дахь солилцоог идэвхтэй хэрэгжүүлж, цаашид тогтмол харилцаа холбоотой ажиллана.
- “Монгол Улсын Архангай аймаг болон Бүгд Найрамдах Итали Улсын Анакапри хот хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид, Анакапри хотын Захирагч Франческо Черрота,

Архангай аймаг Италийн өмнөд хэсгийн гол аялал жуулчлалын цэгүүдийн нэг болох Анакапри хоттой найрсаг харилцаа тогтоож, талууд соёл, урлаг, мал аж ахуй, аялал жуулчлал болон боловсролын салбар дахь солилцоог идэвхтэй хэрэгжүүлнэ.
- “Монгол Улсын Архангай аймаг болон Бүгд Найрамдах Итали Улсын Ловере хот хоорондын эрмэлзлийн захидал”-д Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид, Ловэрэ хотын захирагч Клаудиа Такколини

Италийн үзэсгэлэнт хотуудын нэг болох Ловере хоттой Монгол Улсын Архангай аймаг хамтарсан соёлын арга хэмжээ зохион байгуулж, орон нутгийн бүтээгдэхүүнийг харилцан сурталчлан таниулж, бусад сонирхсон салбаруудаар хамтын ажиллагааг хөгжүүлнэ.
- “Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз болон Бүгд Найрамдах Итали Улсын РАИ Радио, телевиз

Радио, телевизийн хөтөлбөр, баримтат кино солилцох, мэргэжилтнүүдийг чадавхжуулах замаар Монгол Улс болон Бүгд Найрамдах Итали Улс хоорондын хэвлэл мэдээллийн салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлнэ.


