Н.Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо 95.8 хувиар дэмжлээ
Ням-Осорын Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд танилцууллаа.
Ням-Осорын Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх саналыг МАН-аас 2026 оны гуравдугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид ирүүлсэн байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлд,
- Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг; бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна.
- Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ.
- Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө хэмээн заасан юм.
Ням-Осорын Учрал 2003 онд “Их Засаг” лицей сургууль. 2007 онд “Их засаг” их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2010 онд Их Британийн Лимкоквин их сургуульд бизнесийн удирдлага, олон улсын менежментээр магистр, 2013 онд ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол,Түвд ,Будда судлалын институтэд түүхийн ухааны доктор /PhD/-ын зэрэг хамгаалсан.
- 2010-2016 онд “Рояал Академи”, “Рояал” олон улсын дээд сургуулийн ерөнхий захирал,
- 2012-2014 онд Нийслэлийн МАН-ын хорооны Улс төрийн хэлтсийн дарга,
- 2012-2016 онд БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч,
- 2015 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх,
- 2016 онд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн зөвлөх,
- 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн,
- 2020-2022 онд Монгол Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга,
- 2022-2024 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд,
- 2024-2025 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга,
- 2025 онд Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд,
- 2025-2026 онд Монгол Улсын Их Хурлын дарга,
- 2025 оны 11 дүгээр сараас МАН-ын даргаар ажиллаж байна.



