Монгол Улсын Ерөнхийлөгч хууль санаачлах бүрэн эрхийнхээ хүрээнд 2009 оноос хойш хүүхэд бүрт олгогдож ирсэн “Хүүхдийн мөнгө”-ийг ямар нэгэн ялгаварлал, алагчлалгүйгээр дахин хүүхэд бүрт олгуулах эрх зүйн орчинг бүрдүүлэхийн тулд Улсын Их Хурлын тогтоолын төсөл санаачилж байна.
Монгол Улсын Их Хурал ашигт малтмал, уул уурхайн салбарын орлогоос хуримтлал үүсгэн, тогтвортой өсөн нэмэгдэх байнгын нөөц бүрдүүлэн, иргэддээ тэгш хүртээх зорилгоор 2009 онд “Хүний хөгжил сангийн тухай” хуулийг баталж, энэ хуулийнхаа хүрээнд хүүхэд бүрт ямар нэг ялгаваргүйгээр хүүхдийн мөнгө олгож ирсэн боловч уг хууль 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болохтой холбогдуулан Улсын Их Хурал 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар хүүхдийн мөнгө олгох арга хэмжээг нийгмийн халамжийн нэг төрөл болгон, хүүхдийн мөнгөн тэтгэмж хэлбэрээр олгох болсон.
Хүүхдийн мөнгийг халамжийн нэг төрөл болгон, хүүхдийг өмч хөрөнгө, эд хөрөнгийн байдал, нийгмийн гарлаар нь ялгаварлан мөнгөн тэтгэмж олгож байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэсэн заалт, НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцийн хүүхдийг арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэс, угсаа, нийгмийн гарал, эд хөрөнгө, эрүүл мэнд, төрсөн болон бусад байдлаас үл шалтгаалан аливаа хэлбэрээр алагчилахгүй байх, түүнчлэн хүүхдийг гэр бүлийн бусад гишүүний байдал, үйл ажиллагаа, үзэл бодол болон итгэл үнэмшлийг үндэслэн аливаа хэлбэрээр алагчилахгүй байх гэсэн заалттай тус тус зөрчилддөг, иргэд, эцэг эхчүүдийн зүгээс “Хүүхдийн мөнгө”-ийг хүүхэд бүрт олгохыг хүссэн өргөдөл, хүсэлт ихээр ирүүлэх болсон зэрэг нь энэхүү Улсын Их Хурлын тогтоолыг санаачлан боловсруулах үндэслэл болсон юм.
Та энэхүү тогтоолын төсөл, үзэл баримтлал, танилцуулга, судалгаа болон бусад материалтай танилцаж өөрийн саналаа tusul@president.mn хаягаар ирүүлнэ үү.
Taniltsuulga
Tandan_Sudalgaa1
Togtooliin_Tusliin_Ur_Nuluunii_Sudalgaa2
Togtooliin_Tusul1
Uzel_Barimtlal
Zardliin_Tootsoolol1