Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч И.Е.Левитин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч И.Е.Левитин тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Ерөнхийлөгчийн тангараг өргөсний дараах анхны зочид болж буйгаараа онцлог юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын эхэнд “Намайг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон даруйд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин баяр хүргэсэн цахилгаан ирүүлсэн. ОХУ-ын Ерөнхийлөгчид миний хариу талархлыг уламжилна уу” гэлээ.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч И.Е.Левитин нар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны сэдвүүдээр ярилцлаа.
Уулзалтад Монголын талаас Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа нарын зэрэг албаны хүмүүс оролцлоо.
ОХУ-ын талаас тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, ОХУ-ын Буриад Улсын тэргүүний үүрэг гүйцэтгэгч Цыденов, Буриад Улсын Ардын Хурлын дарга Ц.Доржиев, ХАА-н дэд сайд Громыко нар оролцов.