Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Миний нэр дэвшихдээ ярьж байсан, одоо ч ярьж байгаа, цаашдаа ч ярих сэдэв бол эдийн засгаа тэлэх асуудал
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын иргэдтэй уулзах уулзалт амралтын өдрүүдэд үргэлжилж байна. Тэрбээр нийслэл хотын маань хоймор болсон Чингэлтэй дүүргээс уулзалтаа эхлүүлж Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн иргэдтэй уулзаад байсан юм. Өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулга Хан-Уул, Баянзүрх, Багахангай дүүргийн иргэдтэй уулзаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцож, тэдний санал бодлыг сонслоо.
Уулзалтад ирсэн иргэдийн нийтлэг ярьж байгаа асуудал нь эдийн засгийн нөхцөл байдал, ажилгүйдэл, ядуурал, утаа, төрийн үйлчилгээний хүртээмж, хүнд суртал гэх мэт цөөн хэдэн асуудалд төвлөрч байна. Мөн өнөөгийн эрх баригчдад итгэл алдарч байгаа тухай, УИХ-ын дахь 65-ын бүлэг буюу эрх баригчидтай хариуцлага тооцох талаар маш олон иргэн саналаа илэрхийлсэн юм.
Хан-Уул дүүргийн иргэдтэй уулзсан уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:
“Хан-Уул дүүргийн иргэд та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Уулзалтыг иргэдээ сонсох гэж зохион байгуулж байгаа. Өмнөх уулзалтуудаар иргэд шударга ёс тогтоох, ажилгүйдэл, ядуурал бууруулах, утааны асуудлыг шийдэхийг хүсэж байгаагаа хэлж байна. Хан-Уул дүүрэг хуучнаар Ажилчдын район буюу аж үйлдвэрийн суурь байсан учраас үйлдвэрлэл, ажилгүйдэл гэдгийг хамгийн сайн мэдэрдэг ахмадууд ирсэн байх гэж бодож байна.
Би нэр дэвшихдээ ярьж байсан, одоо ч ярьж байгаа, цаашдаа ч ярих сэдэв бол эдийн засгаа тэлэх асуудал. Хөдөөг хөгжүүлье, малын гаралтай түүхий эдийг боловсруулъя, дагуул хот байгуулъя зэрэг асуудлуудыг би байнга хөндөж байгаа. Хөрсөн доороо асар их баялагтай, хэдэн арван сая толгой малтай, өргөн уудам газар нутагтай баян орны иргэд ядуу байгаа нь улс төрийн бодлого буруу явсны үр дагавар гэж бодож байна. Тиймээс та бүхэн санал, сэтгэгдлээ хэлж УИХ, Засгийн газарт ташуур болоорой” гэв.
Хан-Уул дүүргийн 1-р хорооны иргэн Цэвэлсамбуу
Таны мөрийн хөтөлбөрт байсан аж үйлдвэрийг хөгжүүлэх асуудлыг зөв гэж бодож байгаа. Үйлдвэрийн хашаанд байгаа хэдэн үйлдвэрийг ажиллуулчихвал, бид цамц, пудвольк оёод байж чадахтайгаа байна. Харин гэртээ байхаар улам өтлөөд байх юм. Ажил хийх юм бол арай дээр. Цалин бол голохгүй, өгсөн цалинг нь л авна. Тиймээс аж үйлдвэржүүлэх асуудлаа хурдан ажил хэрэг болгоорой гэж захимаар байна.
Хан-Уул дүүргийн иргэн
Таныг Монгол Улсын Ерөнхийлөгч болсныхоо дараахан олон санаачилга гаргаж, ард түмэнтэйгээ хамтран хийнэ гэж байгааг ойлгож байна. Таныг би монгол түмний захиалга гэж үздэг. Монгол төрийн мөн чанар бол Тавантолгой, Оюутолгой биш. Монголоо гэсэн сэтгэл нь юм. Монгол Улс үеийн үед ядуу байгаагүй. Өнөөдөр яагаад бид гадныханы өмнө “сөгдөж” суух ёстой юм. Энэ бол шуналын сэтгэлээр орж ирсэн төрийн түшмэлүүдийн буруу.
Хан-Уул дүүргийн иргэн Мөнхбаяр
Би 20 гаруй жил бизнес хийж байгаа. Сүүлийн 10 гаруй жил агаарын бохирдол, ажилгүйдлийг бууруулах, бүтээн байгуулалт өрнүүлэхийн төлөө тэмцсээр ирлээ. Хаягдал дугуйг дахин боловсруулах үйлдвэр эрхэлдэг. Төр засгаас аваагүй шагнал байхгүй. Энэ шагналаа болиод бүтээгдэхүүн худалдаж авч дэмжлэг үзүүлээч ээ гэж хэлээд Төрийн ордонд алга ташуулж л байлаа. Гэвч, өвөлдөө амардаггүй байсан үйлдвэр маань улирлын чанартай ажиллаж, ажилчдаа Солонгос руу алдаад дууслаа.
Хан-Уул дүүргийн 15-р хороонд түр оршин суугч Алтангэрэл
Утаа, түгжрэл нэгэнт замбараагүй болсон. Гэхдээ эхлээд иргэдээ ажилтай болгох ёстой. Дараа нь зуухыг нь хурааж авах ёстой шүү гэж хэлмээр байна. Манайх 10-аад жил түрээсийн байранд амьдарч, 60 орчим сая төгрөг төлсөн байна. Гурван хүн ажил хийдэг. Гэвч, банкны шалгуур давж чадахгүй байранд орж чадахгүй байна. Тиймээс шалгуурыг нь буулгаад, мөнгөө нэг, хоёр сар төлөхгүй бол шууд л хураагаад авчихдаг болмоор байна. Бид уг нь төлж чадна.
Хан-Уул дүүргийн 6-р хорооны иргэн Г.Жамбалсүрэн
Би энэ дүүрэгт 70 жил амьдарч байна. Энэ хугацаанд Ерөнхийлөгч хүн дүүргийн иргэдтэй уулзаж байсныг санахгүй байна. Тиймээс хүсэх зүйл байна. Зааланд байгаа та бүхэн Ерөнхийлөгчөөс юм хүсээд л байх юм. Гэтэл энэ хүний хууль санаачлах эрхийг хасна гэнэ. Бидний хэлж байгаа саналыг УИХ-д бариад орох эрхгүй болох гээд байгааг сайн ойлгоорой.
Хан-Уул дүүргийн 2-р хорооны иргэн С.Болд
Би эдийн засгийн чиглэлээр улсад 55 жил ажилласан. Улс орон эдийн засгийн хямралд орлоо гэж яриад байгаа. Гэвч, эдийн засгийн хямрал нь удирдагчдын буруутайгаас үүдэлтэй гэж би үзэж байгаа. Үнийг өнөөдөр зах зээл биш хэн нэг даргын шунал тогтоож байна.
Хан-Уул дүүргийн 16-р хорооны иргэн Оюунцэцэг
Бидний өрийг хэзээ тэглэж өгөх вэ. Олон хүн өр тэглэх асуудлыг хүлээж байгаа шүү. Сая тэтгэвэр нэмсэн. Нохойнд яс хаяж өгч байгаа юм шиг 27 мянган төгрөг өглөө. Жил болгон л 20 мянган төгрөг өгнө гэх юм. Өөр тоо мэддэггүй юм уу, тэр дарга нар. Ядахдаа 100 мянган төгрөг нэммээр байна. 27 мянган төгрөг нэмчихээд баахан сенсаци үүсгээд байх юм.
Хан-Уул дүүргийн 3-р хорооны иргэн Батмөнх
Би хоёр жилийн цэргийн албатай үед барилгын цэрэг байсан хүн. Энэ хугацаанд Цэргийн их сургуулийн соёлын төв, Шинжлэх ухааны академи зэрэг олон бүтээн байгуулалтад гар бие оролцсон, түүгээрээ бахархдаг иргэн байна. Тиймээс бүтээн байгуулалтад цэрэг оролцуулах болон аж үйлдвэржих бодлого зэргийг тань сэтгэлээсээ дэмжиж байгаа гэдгээ хэлмээр байна.
Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:
“Та бүхний санал, сэтгэгдлийг сонслоо. Цаашдын ажил хэрэгтээ тусгах болно. Би өмнө нь Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан. Энэ хугацаандаа 21 аймгийг авто замаар холбох бодлого гаргаж, Азийн хөгжлийн банкны санхүүжилттэйгээр зураг төслийг нь хийсэн. Зураг төсөл бэлэн учраас авто замын барилгын ажил хурдан явсан. Мөн 1949 оноос хойш Монгол Улсын төр төмөр замын бодлоготой байгаагүй. Далайд гарцгүй орны хувьд төмөр замын дэд бүтэц эдийн засгийг дэмжих асар том хүчин зүйл, бодлого болдог. Харамсалтай нь, янз бүрээр ярьсаар энэ бодлого орхигдсон. Энэ ажил цааш явах ёстой. Маш их ажлын байр гарна. Тэгэхгүй бол гадаадаас зээл, тусламж авч, түүнийг дагаад ажилчид ирж ажил хийдэг. Ингээд цалин гэдэг нэрээр зээлүүлсэн мөнгөнийхөө 30-40 хувийг аваад явна, ард түмэн бид өртэй үлддэг гэдгийг санах хэрэгтэй. Харин утааны асуудал дээр орон сууцжуулах бодлого байна. Өөр асуудал байхгүй. Энэ бодлого яагаад хэрэгжихгүй байна гэхээр иргэд орлогогүй байна. Баталгаатай ажлын байргүй байна. Тиймээс томоохон төслүүдээ хэрэгжүүлж ажилгүйдлийг нэн түрүүнд шийдэх ёстой. Их хурлын олон гишүүн, олон сайд нар аж үйлдвэр ярьж, түүнийгээ ажил хэрэг болгодог бол Монгол Улс богино хугацаанд хөгжиж, ажилгүйдэл, ядуурлыг таягдан хаяхад ойрхон байна” гэлээ.