АНЭУ-ын Засгийн газрын гишүүн, ГХОУХАЯ-ны Төрийн сайд Ахмад Али Аль Саиг-тай уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Арабын Нэгдсэн Эмират Улсад 2023 оны 03 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд ажлын айлчлал хийх үеэр АНЭУ-ын Засгийн газрын гишүүн, Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны Төрийн сайд Ахмад Али Аль-Саиг-тай уулзлаа.
Талууд хоёр орны харилцааны өнөөгийн байдлын талаар санал солилцож, хамтын ажиллагааг бүхий л салбарт хөгжүүлэх эрмэлзэл дүүрэн байгаагаа илэрхийлээд, ялангуяа худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжил, дэд бүтэц, хөдөө аж ахуйн чиглэлд харилцан ашигтай хамтран ажиллах боломжуудын талаар ярилцав.
Түүнчлэн хоёр орны харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэхэд Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүд чухал хэмээн нотолж, баримт бичгүүдийг тохиролцох талаар үргэлжлүүлэн ажиллахаар болов.
Монгол Улсын дэд бүтцийн, уул уурхайн, боловсруулах аж үйлдвэрийн, аялал жуулчлалын зэрэг бүтээн байгуулалтын үйл явцад АНЭУ-ын аж ахуйн нэгжүүдийн оролцох боломжийг судлахад шаардлагатай үндэслэлүүдийг ирүүлэхийг эмиратын тал хүссэний дагуу ойрын үед холбогдох мэдээллүүдийг өгөхөөр болов.