Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден-аас Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан мэндчилгээ ирүүлэв.
Тэрбээр мэндчилгээндээ АНУ-ын ард түмний нэрийн өмнөөс Монголын ард түмэнд Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан баярын мэнд хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.
“Монгол Улс, АНУ-ын түншлэлийн харилцаа нь ардчилал, хууль дээдлэх ёс, эрх чөлөөнд тулгуурласан бидний хамтын үнэт зүйлс болон дэлхийн төлөөх алсын харааг урагшлуулахад дэмжлэг үзүүлж ирсэн. Бид хамтдаа уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг сааруулах, ардчилсан институциудыг бэхжүүлэх, гэмт хэрэг, авилгатай тэмцэх зэрэг дэлхий дахины болон бүс нутгийн сорилтуудыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Төрөлжсөн, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг хангахын төлөө бид ойр дотно ажиллаж байна. Мөн түнш, анд нөхдийн хувьд бид боловсрол, солилцооны боломжуудыг өргөжүүлэх замаар иргэд хоорондын хэлхээ холбоог улам бэхжүүлж байна. Цаашид бидний бат бэх, стратегийн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлэхийн төлөө байна. Танд болон нийт монголчуудад баяр наадмаа өргөн дэлгэр, тавтай сайхан тэмдэглэн өнгөрүүлэхийг хүсэн ерөөе” гэжээ.