Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Айбек Молдогазиев Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж байгаад баяр хүргэж, амжилт хүсэн ерөөлөө.
Хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлж, эдийн засгийн агуулгаар баяжиж байгааг тэмдэглэв.
Дээд, өндөр түвшний харилцан айлчлал болж, яриа хэлэлцээ идэвхжсэн нь харилцааг гүнзгийрүүлэн, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бататгаж байгааг тэмдэглэлээ. Мөн Монгол, Киргизийн “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг улам бэхжүүлэн хөгжүүлэх өргөн боломж байгааг хэллээ.
Элчин сайд Айбек Молдогазиев Элчин сайдаар томилогдсон нь нэр төрийн хэрэг гээд, “Иж бүрэн түншлэл”-ийн хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийллээ.

Монгол Улс Бүгд Найрамдах Киргиз Улстай 1992 оны 04 дүгээр сарын 22-нд дипломат харилцаа тогтоосон түүхтэй.
Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаров 2023 онд манай улсад, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн онд тус улсад төрийн айлчлал хийсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалаар хоёр улсын төрийн тэргүүн уламжлалт найрсаг харилцааг шат ахиулж, “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэсэн юм.
Ингэснээр Киргиз нь манай улстай “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоосон Төв Азийн хоёр дахь улс болж байлаа.





