Ерөнхийлөгчийг төлөөлөн зөвлөх Э.Одбаяр “Нэг эрүүл мэнд” дээд хэмжээний уулзалтад оролцов
Ерөнхийлөгчийг төлөөлөн зөвлөх Э.Одбаяр “Нэг эрүүл мэнд” дээд хэмжээний уулзалтад оролцов
Бүгд Найрамдах Франц Улсын Лион хотноо 04 дүгээр сарын 07-ны өдөр болсон “One Health” буюу “Нэг эрүүл мэнд” дээд түвшний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг төлөөлөн түүний Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр оролцлоо.
Дэлхийн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан зохион байгуулсан уулзалт нь хүн, амьтан, хүрээлэн буй орчны эрүүл мэнд харилцан уялдаатай болохыг онцлон, эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлсийг цогц байдлаар авч үзэж буйгаараа онцлогтой юм.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Э.Макронтой уулзаж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжиллаа. Мөн Ерөнхийлөгчийн харилцан хийсэн айлчлалуудын мөрөөр хийх ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудын хэрэгжилт амжилттай хэрэгжиж байгаа талаар ярилцав. Түүнчлэн Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахаа нотоллоо.







