• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2023/03/21
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Утааны асуудлыг ажилгүйдэл, ядууралтай нь хамтад нь шийдэх ёстой

thumbnail team-image-8711team-image-8711
thumbnail team-image-2785team-image-2785
thumbnail team-image-5966team-image-5966
2423
2018/01/11 6:45:37
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Утааны асуудлыг ажилгүйдэл, ядууралтай нь хамтад нь шийдэх ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цаг үеийн асуудлаар МҮОНРТВ-д ярилцлага өглөө. Төрийн тэргүүний ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Ж.Алтангэрэл: – Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн ярилцлагын цаг эхэлж байна. Энэ удаагийн ярилцлагад Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Х.Баттулга оролцож байна. Таны хувьд агаарын бохирдолтой тэмцэх асуудлыг онц байдал зарлах хэмжээнд авч үзэж байж асуудлыг шийдэх, зохицуулах шаардлагатай гэсэн саналыг УИХ-д тавьсан. Энэ саналыг судалж үзээч ээ, гэсэн байр суурьнаас хандлаа. Харин УИХ-ын холбогдох ажлын хэсгийн өгсөн тайлбараас үзвэл, ер нь агаарын бохирдлын асуудлыг Онц байдлын тухай хуулиар шууд авч үзэхэд боломжгүй гэлээ. Эрх зүйн хувьд хязгаарлагдмал, боломжгүй байна гэсэн тайлбар мөн өглөө. Та агаарын бохирдлын асуудлыг онц байдал тогтоож байж тэмцэх нь илүү үр дүнтэй, бодитой, алхам болно гэж бодож байна уу, мөн зохицуулалтууд бий болно гэж үзэж байгаа юу?

Ерөнхийлөгч: – Тулгамдаж байгаа олон асуудал бий. Тэдгээрийн маш онц буюу хор хөнөөлтэй нь утаа юм. Зөвхөн 2017, 2018 онд л яригдаж байгаа юм биш. Яригдаад бараг 20 жил орчим болж байна. Утаанаас үүдсэн хохирлыг ярих юм бол асар их тоо баримт дурдах шаардлагатай болно. Тоо баримтууд олон жил улиг болтол яригдсан учраас нуршаад яах вэ. Агаарын бохирдлыг онц байдлын хэмжээнд хэлэлцэж, ярих гээд байгаагийн учир юу гэхээр, өнөөдрөөс яг нэг жилийн өмнө 2017 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр ҮАБЗ хуралдаад, утааны асуудлыг хэлэлцсэн байна. Ингээд Засгийн газар, яамд, хотын захиргаанд маш их үүрэг даалгавар өгч, зөвлөмжүүд гаргасан. Харамсалтай нь, жилийн дараа хэлэлцсэн асуудлууд яг хэвээрээ, өөрчлөлт байхгүй яригдсаар л байна шүү дээ. Жил бүрийн 11 – 1 дүгээр сарын хооронд л утааны асуудал яригдах юм. Зөвхөн утаа ихссэн үед л энэ талаар санаа зовж, ярьдгаа больё. Бодитой шийдэл гаргаж, арга хэмжээ авъя, хохирлыг зогсооё гэдэг үүднээс УИХ-д онц байдал зарлах тухай санал хүргүүлсэн. Арай өөр, онцлог хандъя гэж л тэр. УИХ миний саналыг хэлэлцэх үеэр би чуулганы хуралдаанд оролцож, тогтоолын төсөлд оруулах саналуудаа хэлсэн. Хоёр байнгын хороо хуралдаж, тогтоолын төсөл гаргасан ч “арай ч дээ” гэмээр юм гарсан.

– Хэрэв, агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой асуудлаар ойрын хугацаанд бодитой, оновчтой зохицуулалтууд хийж, шийдвэр гаргаж чадахгүй бол УИХ-ыг тараах асуудлыг ч Ерөнхийлөгчийн зүгээс хөндөж байна. Үүнийг дагаад олон нийтийн дунд УИХ-ыг тарааснаар нөхцөл байдал өөрчлөгдөх гэдгээс эхлээд нийгэмд улстөржих, талцах, хуваагдах нөхцөл байдал үүсэх юм биш үү. УИХ-ыг тараалаа гээд нөхцөл байдал өөрчлөгдөх үү?

– 2016 оны сонгуулиар МАН-ын 65 гишүүн УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Хэдийгээр луйврын, мөнгөний сонгууль болсон гэдэг ч сонгуулийн үр дүнд нэг намаас 65 гишүүн сонгогдсон. Одоо УИХ ажиллаад, бүрэн эрхийн хугацаагаа хэрэгжүүлээд нэг жил зургаан сар гаруй болж байна. Удахгүй хоёр жилийнхээ ойг үзнэ. Тэднээс иргэд маш ихийг хүлээж буй. Харамсалтай нь, энэ УИХ хүлээлтэд хүрч, амласнаа биелүүлж чадаагүй. Өдөр ирэх тусам утаанаас үүдсэн бухимдал, татварын бодлого зэргээс болоод иргэдийн итгэл алдарч байна. Миний хувьд хэд, хэдэн асуудлаар УИХ-д санал тавьсан. Харамсалтай нь, УИХ нэгийг нь ч хүлээж аваагүй. Жишээ нь: 55 тэрбум төгрөгийн асуудал. Энэ мөнгийг төрийн үйлчилгээний албаныханд нэг удаад 300 мянган төгрөгийн урамшуулал болгож өгсөн. Гэвч, өгөхдөө өрхийн эмнэлгийн ажилчдыг хасчихаж байгаа юм. Өрхийн эмч нар чинь фронтод тулалдаж байгаа цэргүүд шиг өвчтөнг анхлан хүлээж авдаг хүмүүс шүү дээ. Тэднийг ялгаварлаад, сонгуулиар өгсөн олон амлалтаасаа буцаад ирэхээр иргэдийн итгэл алдагдаж, энэ УИХ-ыг тараах саналууд олон нийтээс гарч эхэллээ. Цаашдаа ч ийм санал олон гарах  юм шиг байна. Хэрвээ, ийм санал олширох юм бол би дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлсэн юм. УИХ-ын индрээс ч гэсэн гишүүдийн “ийм УИХ тарах ёстой. Тараах саналыг дэмжинэ” гэсэн яриа цөөнгүй гарч байна.

– Та сая яриандаа дурдлаа. ҮАБЗ нэг жилийн өмнө хуралдаад агаарын бохирдлын асуудлыг хэлэлцэж, тодорхой зөвлөмж гаргасан байна. Холбогдох салбарын яамдад үүрэг, чиглэл өгчээ. Гэвч, ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмж, шийдвэр хоосон цаас л болж үлдэж байгаа, хэрэгжихгүй байна гэдэг шүүмжлэл гарч байна. Нөгөө талдаа ҮАБЗ-ийн бүрэлдэхүүнд өнгөрсөн хугацаанд багагүй өөрчлөлт орлоо. Ийм нөхцөлд аюулгүй байдлын асуудлыг дахин хэлэлцэх, шинэ шийдэл гаргах, зохицуулалт хийх шаардлага байгаа уу?

– Тэгэхээр их инээдтэй зүйл болох гээд байгаа юм. Үнэг анчингаас зугтаж яваад чулууны ард нуугдаад, анчин харагдахгүй хэсэг хором өнгөрмөгц мартаад хулгана хөөгөөд явчихдаг гэж байгаа. Ийм үнэг шиг ой санамжтай УИХ, Засгийн газартай болчихлоо. Аюулын харанга дэлдээд л байна, ус, уул уурхай, ажилгүйдэл, ядуурал гээд олон асуудал байна гээд анхааруулаад чиглүүлээд байхад зөвлөмжийг нь хүлээж авахгүй байхаар яах ёстой юм? Араас нь ахиад л зөвлөмж гаргаад суух уу? Энэ бол хариуцлагын л гамшиг юм даа.

Би Ерөнхийлөгчийн тангараг өргөөд зургаан сар болж байна. 1992 оноос хойшхи ҮАБЗ-өөс гаргасан бүх зөвлөмжүүдийг шүүж үзсэн. Энд аваад ирлээ. Жишээ нь энэ, 1998 оны гуравдугаар сарын 6-нд Хүн ам, усны нөөцийн ашиглалт хамгаалалтын тухай, 2009 оны тавдугаар сард Цөлжилтийг сааруулах талаар авах арга хэмжээний тухай… гээд ҮАБЗ-өөр яригдаагүй сэдэв гэж алга. Усны нөөц, ажилгүйдэл, ядуурал яригдаад л, яригдаад л байж. Зөвлөмж гараад, гараад л байж. Гэвч хэрэгжсэн зүйл огт байхгүй.

– Эдгээр бодлогын баримт бичиг, төсөл хөтөлбөрүүд гараад хэрэгжихгүй байгаа үндсэн шалтгааныг юу гэж харж байгаа вэ. Тухайлбал, төрийн захиргааны холбогдох хариуцсан байгууллагынх нь сэтгэл зүтгэл гэдэг ч юм уу, ажлын зохион байгуулалт, арга барилаас болж байна уу. Эсвэл хөрөнгө мөнгөний дутагдал, ерөөсөө агаарын бохирдолтой тэмцэх арга барилаа олохгүй байгаа юм уу?

– Арга барил олох гэхээсээ иргэдийн зовлон дээр мөнгө хийгээд сурчихсан байна. Хэдэн яам, тэр дотор байнга солигдож байдаг сайд нар, намууд, мэргэжилтнүүд бий. Дулаан ялгаруулдаг хөшиг, халдаг шал, дулааны алдагдалгүй цонх, утаагүй зуух… гээд мөнгө цөлмөх олон бизнесийг жил бүр санаачилдаг болчихсон. Утаа нь хэвээрээ бүр ихсээд л…

147 тэрбум төгрөг их мөнгө шүү ! Энэ мөнгөөр орон сууцны төсөл эхлүүлээд, иргэдээр өөрсдөөр нь орон сууцны бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцууж, амьдруулсан бол утаа ямар хэмжээгээр багасах байсан бол? Үүн дээр 60 сая ам.долларыг олон хөтөлбөрт зарсан. “Цэвэр агаар” гэж сан хүртэл үүсгэсэн биз дээ. Гэтэл сангийн мөнгөнөөс идсэн хүнтэй хамт санг нь алга болгочихсон. Гадагшаа ярихад ичмээр, дотооддоо ярихад гутармаар төрийн тогтолцоо үүссэн байна. Үүнийг ярихаар олон хүн надтай санал нэгддэг. Ажлын байрууд хумигдаж, татвар нэмэгдэж байна. Бизнес тэлэхгүй байна. Утаанаас бүгдээрээ хордоод ганц, хоёрхон компани хожоод үлддэг заншил тогтлоо. Тэр цөөн компаниудыг тойрсон улс төрийн бүлэглэл бий болчихсон, хамтраад иддэг. Ийм байдлыг иргэд ойлгож, мэдэрсэн байна. Харамсалтай нь, удаан хугацааны дараа мэдэрч байна.

2010 оны зургадугаар сарын 25-нд УИХ-аар Монгол Улсыг цаашид хэрхэн хөгжүүлэх талаар УИХ-ын тогтоол гаргасан. Энэ тогтоол агаарын бохирдлыг багасгахад үр дүнгээ өгөхөөр тогтоол байсан. Гол нь утааг багасгахын тулд орон нутгийг, хөдөөг хөгжүүлье гэсэн бодлого байсан юм. Орон нутагт амьдрал хэцүү байгаа учраас л иргэд хот руу нүүдэллэж байгаа. Нүүдлийг багасгахын тулд хөдөөгийн ахуйг сайжруулаад, иргэдийн орлогыг нь нэмэгдүүлье гэсэн зорилттой юм л даа. Хөдөөгийнхний орлого нь ердөө л малаас гаралтай түүхий эд шүү дээ. Жил бүр 6000 тонн ноолуур хуримтлуулдаг байсан, одоо 9000 тоннд хүрсэн. Дэлхийн нийт ноолуурын бараг 50 хувь! Малын мах, арьс ширээ боловсруулъя, хөдөөгийнхнийг орлогожуулъя гэсэн цогц бодлого гарсан. Тухайн үед Хамтарсан Засгийн газар ажиллаж байлаа. С.Бямбацогт тэр үед ажлын хэсгийг ахалж байсан. Би тэр ажлын хэсэгт нь байлаа. Харамсалтай нь, аль ч Засгийн газар, УИХ энэ ажлыг хэрэгжүүлээгүй. Түүнээс утаатай тэмцэнэ гэдэг чинь яндан, нүүрс хоёртойгоо зууралдах огт биш. Асуудлыг бодлогоор, цогцоор нь авч хэлэлцдэг ухаалаг хүмүүс бидэнд дутагдаж байна.

– Тухайлбал, зөвхөн утаа ярих бус орчны бохирдлын асуудал чинь нэгдсэн бодлого,  цогц байдлаар хэлэлцэх, харах асуудал гэдгийг хэлж байна уу. Та мөн орчны бохирдол бий болж байгаа, агаарын бохирдол буурахгүй байгаа шалтгааныг ажилгүйдэл, ядууралтай холбон тайлбарлаж байгаа байх аа?

– Тийм. Ядуу, ажилгүй хүн утаагүй зуухаар яах юм бэ. Хэзээ орон сууцанд орох юм бэ. Би УИХ-ын индрээс ч гэсэн “утаагаа ажилгүйдэл, ядууралтай нь дагуулж тонгорооч ээ” гэж хэлсэн.  Энэ олон МСҮТ-үүдийг ажилд оруулах, том, том бүтээн байгуулалтын төслүүдээ хөдөлгөж, ажилгүй иргэдийг насны ангиллаар нь бүтээн байгуулалтын ажилд оролцуулах зэрэг томохоон шийдлүүдийг уг нь 2010 онд хийчихсэн шүү дээ.

Дээр нь их сургуулиудыг, яамдыг хотоос гаргах хэрэгтэй. Жишээ нь, Батлан хамгаалахын яам хотод шахцалдаж байгаад яадаг юм. Иргэд үйлчлүүлэхгүй юм чинь хотоос зайдуу гараад л яв. Хөдөө аж ахуйн яам бас бий. Хотоос гаргах хэрэгтэй. Харин ажилчдад нь орон сууцыг нь тэнд нь бариад л өгөх хэрэгтэй. Би нэгдүгээр сарын 9-нд “Эрэл” компанийн угсармал орон сууцны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үйлдвэр маш өндөр хүчин чадалтай, Германы технологи оруулж ирээд богино хугацаанд орон сууц барьдаг болсон байна. Өөрөөр хэлбэл, орон сууц, барилга барих чинь асуудал байхаа больсон. Харин асуудлыг олж харах гэдэг нь өөрөө асуудал болчихоод байгаа юм.

Та бүхэн санаж байгаа байх. 2008 оны долоодугаар сарын 1-нд УИХ-ын сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн иргэд жагсаал, цуглаан хийж, МАН-ын байр руу дайрсан. Та тухайн үед сурвалжлага хийж байсан учраас санаж байгаа байх. МАН-ын байр шатсан шүү дээ. Энэ намын байрыг буулгаад улсын төсвөөс 10 тэрбум төгрөг төсөвлөсөн. Ингээд есхөн сарын дотор шинэ байр барьсан. Үнэхээр барья, болгоё, бүтээе гэвэл болж л байгаа биз дээ.

– Дагуул хот байгуулах замаар асуудлыг шийдэх гарц байна гэдэг асуудлыг хөндөж байна уу?

– Тийм. Дахин төлөвлөлт хийхийн тулд Улаанбаатар хотыг зайчлах хэрэгтэй. Би Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа агаарын бохирдлоос салж, автозамын түгжрэлийг шийдсэн улс орнуудын туршлагаас судалсан. Жишээ нь, Куала-Лумпур, Жакарта, Сөүл, Казакстан, Европын орнуудаар явж, туршлага судалсан. Тэр хотуудын агаарын бохирдол, түгжрэл зэрэг асуудлыг шийдэхэд хувь нэмэр оруулсан хүмүүсийг зөвлөхөөр ажиллуулсан. БНСУ-д хоёр сая өрхийг орон сууцны хөтөлбөрт хамруулах  төслийг хэрэгжүүлсэн солонгос мэргэжилтнүүдтэй сар ажилласан. Тэд “Газар чөлөөлөх гэж 40 жил болдог юм. Харин 400 айлын орон сууцны барилга барихад дөрөвхөн сар зарцуулдаг юм” гэж байсан нь санаанд орж байна. Өөрөөр хэлбэл, тулгамдсан асуудлыг ойлгуулах нь хүндрэлтэй, шийдэх нь хялбар юм байна. УИХ, Засгийн газар утааг жил бүр ярьж, жил бүр мартсаар 20 жил боллоо. Уг нь, 2010 онд гаргасан УИХ-ын тогтоолыг л бариад авах юм бол тэнд бүх гарц, гаргалгаа бий дээ.

– Та Засгийн газарт дагуул хот байгуулах тухай тодорхой санал тавьсан уу. Ер нь, санал солилцов уу?

– Би 2008 онд Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан. Тухайн үед ҮАБЗ хуралдаад надад замын түгжрэл, газар хөдлөлт, утааны асуудлаар шийдэл гаргахыг даалгасан юм. Тэгээд Улаанбаатар хотын зарим хэсгийг дагуул хотуудад хувааж, Налайх, Багануур, Зуун мод гэсэн дагуул хотуудыг хөгжүүлэх бодлого боловсруулсан. Энэ ажилдаа Германы архитекторуудыг оролцуулж, бүтэн төсөл хөтөлбөрийг бэлэн болгосон. Энэ бол хэрэгжүүлэхэд бэлэн болсон ажил. Харамсалтай нь, ҮАБЗ надад үүрэг, чиглэл өгчихөөд, хэрэгжүүлэхээ мартчихсан. Тэрний оронд жил бүр нөгөө л утаа, зуухаа яриад, утаагүй зуух шахах нь унацтай харагдаад байгаа бололтой юм аа даа.

Яг одоо 80 мянга гаруй өрхийн орон сууцны барилгын төсөл хэрэгжиж байгаагаас 20 мянга гаруй орон сууц нь ашиглалтад бэлэн болсон байна. Эдгээрт гэр хорооллын айл өрхүүд хэр их орно, тэр чинээгээр яндан цөөрнө. Тиймээс гэр хорооллын айл өрхүүдийг орон сууцанд оруулаач ээ, энэ талын ажил хийгээч гээд  энэ Засгийн газраас гурван сар гуйж байна. Таг. Магад, утааг бодитой шийдэх ажил хийчихээр, унагадаг мөнгө нь алга болчих гээд байгаа бололтой юм. Би аргаа бараад, эцэст нь ийм л дүгнэлт хийж сууна шүү дээ.

Хөдөөд бол бүр хялбар. Тэнд 3500 орчим бэлэн болсон орон сууц байхад нөгөө талдаа цалин нь баталгаатай өрхийн эмч, багш, цагдаа нар бий. Тэдний нийгмийн асуудлыг л шийдчихмээр байгаа юм. Хариуцсан яам нь ажилчиддаа тодорхойлолт гаргаж өгөөд “Энэ хүн манай байгууллагад олон жил ажиллаж байна. Цаашдаа ч гэсэн ажиллана” гээд цалингийнх нь баталгаагаар орон сууцанд оруулж болно. Энэ маягаар шийдэх юм бол 100 орчим мянган ажлын байр шингээдэг барилгын салбар босоод л ирнэ. Мөн энэ салбарт байгаа гурван тэрбум орчим ам.доллар суларч, арилжааны банкуудын муу зээл дарагдана. Ингээд эхний алхмаа хийчихвэл, дараагийн санхүүжилт руугаа ороод үргэлжлүүлэх боломж бий.

– Дагуул хотуудыг байгуулах бодит ямар боломж байгаа вэ. Мөн үүнийг дагаад хөрөнгө оруулалт, санхүүжилтын асуудлыг шийдэх бодит шаардлага бий болно доо?

– Бүтэхгүй гээд суугаад байвал юу ч бүтэхгүй. Бүх юм хэвээрээ үлдэнэ. Би сая хэлсэн. МАН-ын шатсан байрыг нураагаад маш хурдан хугацаанд намын байрыг шинээр барьсан биз?

– Тэгсэн.

– Хүсээд, хийвэл болж л байгаа биз дээ. Яг тийм сэтгэлийг утаан дээр гаргаач ээ л гэж байгаа юм шүү дээ. Ард түмнээ гэх сэтгэл УИХ-д дутагдаад хоёр жил орчим болж байгаа учраас л УИХ-ыг тараах асуудал гарч байгаа юм. Иргэдийн олонхи дэмжвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд би дэмжинэ гэсэн бодлоо УИХ-д шууд хэлэхээс өөр арга байгаагүй.

– Орон сууцжуулах бодлого өнгөрсөн жилүүдэд хэрэгжсэн. Цаашдаа хотын төвлөрлийг сааруулах бодлогыг орон сууцжуулах бодлоготой уялдуулах тухай асуудлыг та хөндөж байна. Орон сууцны бодлого дээр ямар бодит санхүүжилтын эсвэл тодорхой зохицуулалтууд хэрэгтэй байна гэсэн үг вэ?

– Дан ганц орон сууц биш бас бүтээн байгуулалт гэж нэрлээд байгаа юм. Монгол Улсад дэд бүтцийн маш том талбар, орон зай байгаа. Энэ орон зайг дүүргэхийг бүтээн байгуулалт гэнэ. Дэд бүтцийн бүтээн байгуулалт асар олон хүнийг ажлын байраар хангадаг. Гэтэл энэ салбарт ямар ч бүтээн байгуулалтын ажил хийгдэхгүй байна. Хийе гээд санаачилсан, УИХ-аар баталсан төслүүд бүгд гацсан. Тэднийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Ингэхдээ, ажилгүй иргэдэд “Та бүтээн байгуулалтын ажилд оролцооч ээ, сарын 1.5 сая, хоёр сая төгрөгийн цалинтай” гэдгийг нь хэлээд татан оролцуулах хэрэгтэй. Тэднийг насных нь ангиллаар хувааж, МСҮТ-үүдээр дамжуулан гарын дүйтэй болгоод ажлын фронт руу явуулах нь зөв. Өнөөдрийн байдлаар МСҮТ-үүд баахан үсчин, тогтооч бэлтгээд, төгссөн хүмүүст нь ажлын байр олдохгүй байна. Бүтээн байгуулалт буюу бизнесийг тэлэх бодлого л үгүйлэгдэж байна.

Бүх эрх мэдэлтнүүд нь “Тавантолгой”, “Эрдэнэт”, “Оюутолгой” ордууд дээр шаваад суучихсан. Тэнд л бизнес байгаа гээд бусад бизнесийг хаячихсан. Ийм зүйлс ажиглагдаад байгаа учраас шийдэл рүү шахъя гэж танай телевизээр ярилцаж байгаа юм. МҮОНРТ бол мэдээллийн маш том зэвсэг. Утааны асуудал, утаагаар мөнгө хийсэн хүмүүстэй хариуцлага тооцох асуудлаар дахин цаг гаргаад ярьж  ч болно. Харин битгий улстөржиж, битгий намчирхаарай гэж танай телевизийн хамт олноос хүсмээр байна.

– Өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой олон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжлээ. Ихэнх нь бизнес болж хувирлаа гэдэг асуудлыг та хөндөж байна. Маш их хэмжээний мөнгө урсаад алга болсон, эзэнгүй болсон, зарцуулалт нь тодорхойгүй болчихоод байна гэсэн үг л дээ. Энэ чиглэлд Ерөнхийлөгчийн зүгээс санал, санаачилга гаргаад нөлөөлөх боломж байна уу?

– ҮАБЗ-ийн талаар эргээд ярих болж байна. ҮАБЗ-ийн хуралд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар оролцож, зөвлөмж гаргадаг. Зөвлөмжийг хэрэгжүүлэх үүрэгтнүүд хэрэгжүүлэхгүй байна. Тэгэхээр өөр ямар арга байх вэ?

Иргэдийн өөрсдийнх нь санаачилга, шахалт их байх ёстой. Ард иргэд утаа, бусад асуудлаар тодорхой шийдлийг шаардаж, эвлэлдэн нэгдэж, бодол санаагаа илэрхийлэх хэрэгтэй. Медиа салбар тэднийг хүчтэй дэмжиж ажиллах ёстой байх. Одоо иргэдийн тэмцэл фэйсбүүк, твиттер, инстаграмм зэрэг сошиал ертөнц рүү орчихоод байх шиг байна. Гэхдээ энэ хирээр нийгмийн сүлжээ нь сонгуулийн үр дүнд нөлөө үзүүлдэг болж байна.

– Шинэ хөдөө төслийн тухай асуудал нэг хэсэг яригдлаа. Та “Шинэ сум төсөл”-д тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж, анхаарч байсан. Одоо орон нутгийн хөгжлийг дэмжих тал дээр тогтвортой бодлого үйлчилж нэг л чадахгүй байна.

– Орон нутгаас сонгогдсон гишүүд асуудал ярьж байна уу, ярьж байна. Харин тэдний сонгогдохдоо амласан амлалтаа биелүүлэхийг л сонгогчид нь шаардмаар байна. Таны дурдсанчлан би өмнө нь Баянхонгор аймгийн хоёр сумыг шинэчилсэн. Энэ нь 90 жилийн дараа хийгдсэн шинэчлэл болсон. Одоо шинэ сумын байрнууд нь дотроо халуун, хүйтэн устай, цэцэрлэг ясли нь боловсон бие засах газартай болсон. 90 жилийн дараа анх удаагаа туршилтаар хоёр сумын төсвийг амжилттай шинэчилсэн. Тиймээс эхний ээлжинд алслагдсан 100 сумыг бүгдийг нь шинэчилж, орчин үеийн болгох шаардлагатай.

Үүний хажуугаар малчдын түүхий эдийг тогтмол худалдан авдаг, үнийг нь унагахгүй байх талаас нь анхаардаг Хөдөө аж ахуйн биржийг дорвитой хөгжүүлмээр байна.

– Зохион байгуулалтын ажлууд тийм үү?

– Тийм. Ерөөсөө л зохион байгуулалтын ажлууд. Жишээ нь, би саяхан эмнэлгүүдээр явж үзлээ. Эмнэлэг хүрэлцэхгүй байна гэдгийн шийдэл нь маш энгийн. Юу гэхээр, дүүргийн болон хүүхдийн эмнэлгүүд ачаалал ихтэй байхад Батлан хамгаалах яамны харьяанд байдаг Цэргийн госпитал болон Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг бараг ачаалалгүй байна. Энэ 2 эмнэлэгт тус бүрт нь 100 ор нэмж тавихад л хүүхэд хэвтэн эмчлүүлэх боломжтой 200 ор нэмэгдээд, ачаалал шууд буурахаар байгаа юм. Шийдлүүд нь ийм амархан. Гэсэн ч би иймэрхүү шийдлүүдийг тав дахь Ерөнхий сайддаа яриад явж байна.

Өнөөдөр арай боломжтой болж, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар иргэдийн итгэл өгч сонгосон албан тушаал дээр ирчихээд ярьж байна. Үүгээр л миний ярьж байгаа байр, суурь өөр юм. Цаашдаа байнга ярина. УИХ, Засгийн газрыг шахаж шаардаж ажиллана.

– Айл өрхүүдийн орлогыг нэмэгдүүлэх асуудлыг аль, аль талдаа л хөндөөд байгаа. Жишээ нь, та хүүхдийн мөнгөний асуудлыг хөндөж байсан. Хүүхдийн мөнгөөрөө л амьжиргаагаа залгуулж буй нэг хэсэг айл өрх бий. Энэ чиглэлээр гаргасан таны саналд УИХ албан ёсоор хариу өгсөн үү?

– Хүүхдийн мөнгө манайх шиг хүн ам цөөнтэй оронд өгөхөөс аргагүй мөнгө. АН-аас санаачилаад ажил хэрэг болсон, тогтмолжоод явж байсан. Хүүхдийн мөнгө халамж биш хүн амаа өсгөх бодлого учраас аль ч Засгийн газар, аль ч нам өгөх ёстой. Гэвч, саяхан энэ бодлого гацсан. Яасан гэхээр, хүүхдийн мөнгийг өгөх, өгөхгүйн тухай ярьж, сүүлдээ хүүхдүүдийн 60 хувьд нь өгнө гэлээ. Үлдсэн 40 хувь нь яах ёстой юм, тийм биз дээ. Ингэж хүүхдүүдээс нь эхлээд ангилал гаргаад байж болохгүй. Тиймээс би энэ бодлогоо эргэж хар, төсөвт хүүхэд бүрт хүрэлцэхүйц мөнгө суулга гэж шаардсан юм.

Яахав, хүүхдийн мөнгө авдаггүй иргэд байж болно л доо. Зургаан сар, нэг улирал ч гэдэг юм уу, тодорхой хугацаа тавиад энэ хооронд мөнгөө авахгүй бол буцаан татахаар журамлаад явчихаж болно. Буцаан татсан бол түүгээрээ хуримтлал үүсгээд явчихаж болно шүү дээ.

– Олон улсын байгууллагуудын гаргаж байгаа зөвлөмж, тайлбараас харвал хүүхдийн мөнгөн дээр жишээ татаад хэлэхэд л нийгмийг хавтгайруулсан халамжийн бодлогоор тэтгэх биш зорилтот, эмзэг бүлгийнхэн рүү чиглэсэн бодлого хэрэгтэй гэсэн санааг хэлээд байх юм?

– Бүгдээрээ эмзэг бүлэг болчихлоо шүү дээ. Ядууралд иргэдийн 50-с илүү хувь нь өртөж байна. Ажилгүйдэл ч ялгаагүй. Хамгийн наад захын жишээ татахад л Солонгост ажиллах хүч гаргана гэхээр үүсдэг дарааллыг хар л даа. Тэгээд ийм байдалдаа санаа зовохгүй, өнөө, маргаашдаа чухал биш олон асуудлыг УИХ-ын гишүүд цаг сунгаад яриад, хэлэлцээд байх юм. Уг нь, УИХ-ын 65 гишүүн гэдэг бүх зүйлийг шинээр эхлүүлэх, өөрчлөх хангалттай хүч. Харамсалтай нь, тэд өөрсдөдөө л унацтай зүйл хийхгүй бол болохгүй байх шиг…

– Орон нутгийн асуудлыг эргээд ярилцъя. Орон нутагт иргэд тогтвортой байх, ажлын байртай, орлоготой байх боломжийг бүрдүүлэхгүйгээр хотод ирдэг төвлөрөл хэзээ ч саарахгүй л юм шиг байна л даа…

– Маш тодорхой. Мал аж ахуй бол нийгмийг авч яваа том салбар. Уул уурхайгаас өмнө Монгол улсыг хөдөө аж ахуйн салбар л авч явсан. Намайг Хөдөө, аж ахуйн сайдаар ажиллаж байхад малчид 6000 тонн ноолуур цуглуулдаг байсан бол одоо 9000 тонн болж өссөн. Дээр хэлсэн энэ нь дэлхийн ноолуурын бараг 50 хувь гэсэн үг. Ийм их баялгийг боловсруулж бүтээгдэхүүн болгох ёстой. Мөн 15 сая орчим арьс, ширийг бид түүхийгээр нь 500 төгрөгөөс доош өртгөөр урагш гаргаж байна. Үүнийг боловсруулж гаргах ёстой. Хэрвээ, орлого сайтай байвал малчин Баттулгын хөдөө амьдрах сонирхол хэвээр байна. Малаас гаралтай түүхий эд нь үнэ хүрэхгүй болохоор мал маллах сонирхолтой залуус цөөрч байна. Уудам газар нутгаа эзэнтэй байлгахын тулд хөдөөгийн ахуйг өөрчлөх, сайжруулах л хэрэгтэй.

– Энэ чиглэлээр хуулийн төсөл санаачилах бодол бий юу?

– Байлгүй яахав. Би үйлдвэрлэгчидтэй олон удаа уулзсан. Тантай ярилцахаасаа өмнөхөн Монголын сүүний холбооныхонтой уулзаад ирсэн. Өнөөдөр Монголд “Үдийн цай” хөтөлбөрт хамрагдаж байгаа 250 мянга орчим хүүхэд байна. Хамгийн их утаанд хордож байгаа эдгээр хүүхдүүдэд “Үдийн цай” хөтөлбөрөөр нь дамжуулан сүү, тараг өгөх боломж байна. Мөн оёдол, нэхмэл, ноолуурын салбарынхантай уулзаж, энэ маягаар санал бодлыг нь сонсож байгаа.

2017 оны арваннэгдүгээр сарын 24-нд ҮАБЗ хуралдаад “Ядуурлыг эцэс болгож, ажилгүйдлийг бууруулъя” гэсэн утгаар найдвартай, эрсдэлгүйд тооцогдох цалин, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах талаар арга хэмжээ авахыг Монголбанканд даалгасан. Энэ дагуу нь үр дүн гараад тэтгэврийн зээлийн хүү сарын нэг хувь болж буурч байна. Гэсэн ч үүнээс том бодлогуудыг ойлгох чадамж УИХ-д байхгүй байна. АН-аас сонгогдсон Ерөнхийлөгч учраас бид юу ч байсан эсэргүүцнэ гэсэн тийм муйхар бодол тэдэнд байх шиг.

– Ойрын үед ямар бодитой санал гаргах вэ. Агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой асуудлаар УИХ, Засгийн газрын түвшинд асуудал үргэлжилж яригдах шинжтэй байна?

– Хоёр ч телевизэд ярилцлага өглөө. Иргэдийг орон сууцжуулах асуудлаар сайд нарт нь тодорхой санал тавьсан. Дараагаар нь хотын зарим хэсгийг нүүлгэх буюу дагуул хотуудын асуудлаар Засгийн газарт танилцуулга хийлээ. ЗГХЭГ-т нь ажлуудаа яриад, шахаад л явна даа.

– Тухайлбал, дагуул хот байгуулахтай холбоотой эрх зүйн ямар тодорхой зохицуулалт хийх шаардлага байгаа вэ. Та хуулийн төсөл санаачилна гэж бодож байна уу?

– Бодлогоо ойлголцчихвол заавал би хуулийн төсөл санаачлаад, УИХ-аар хэлэлцэгдээд дэмжинэ, дэмжихгүй гээд байх шаардлагагүй. Бодлогоо ойлгочих л юм бол энэ УИХ, Засгийн газар өөрсдөө хууль санаачлаад баталчихмаар байгаа юм. Сэтгэл гаргах л юм бол болно.

Саяхан, намайг “УИХ-ын тараах асуудлыг дэмжиж ажиллана” гэхэд МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа их бухимдна лээ. Сандраад баахан юм ярьсан. Хэлэх төдийд ингэж сандарч байгаа юм. Д.Хаянхярваад би шүүмжлэлтэй хандаж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшсэн М.Энхболд хариуцлагаа хүлээгээд намын даргаас татгалзчихлаа. Бүлэг нь хоёр хуваагдаад бүлэг биш болчихсон байхад намын бүлгийн дарга нь хариуцлагаа хүлээгээд, огцрох хэрэгтэй биз дээ. Хариуцлага нэхэхгүй яваад байх юм бол юу ч бүтэхгүй.

Тухайлбал, утаанд зарцуулсан үргүй мөнгийг хэн авсан, яагаад утаа багасгаагүй тал дээр хариуцлага тооц гээд прокурорт саналаа өгчихсөн байгаа. Ингэснээрээ дараа, дараагийн хариуцлагагүй, сэтгэлгүй үйлдлүүдийг таслан зогсоох гээд байгаа юм.

– Агаарын бохирдлыг бууруулах асуудлаар цаашдаа ч их хэмжээний хөрөнгө мөнгө шаардагдахаар байна. Засгийн газар Үндэсний хөтөлбөр баталж гаргасан. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бараг есөн их наяд төгрөгийн санхүүжилт хэрэгтэй гэсэн тооцоо гарч. Цаашдаа хэрхэн санхүүжилтийн оновчтой зөв механизм, эх үүсвэрүүдийг бүрдүүлэх вэ. Төсвөөс хараад юм бүтэхгүй нь?

– Төсвөөс бага хэмжээний мөнгө гарах л байх. Яамдууд өөрсдийн төсөвтэй. Дайн боллоо гэж бодоход  төсөв байхгүй, мөнгө байхгүй гээд суухгүй биз дээ. Шийдэж л таарна. Утааны зовлон чинь ард иргэдийн зовлон гэдгийг бүгд ойлгочих юм бол шийдэх асар их боломж байгаа.

Том, том төслүүдээ зоригтой зарлах хэрэгтэй. Зориг гаргахгүй хэдхэн тендер, гаднын зээл, тусламжид найдаад суух юм бол бүтэхгүй гэдгийг өнгөрсөн 27 жилийн хугацаанд мэдэрлээ. 27 жил гэдэг их хугацаа. Алдсан оносон зүйлсдээ маш хурдан дүгнэлт хийж, бүтээн байгуулалтуудаа явуулъя гэдэг асуудлыг яриад байгаа.

– Ерөнхийлөгчийн зүгээс томоохон төслүүдийг хөдөлгөхтэй холбоотой бодитой санал байна уу?

– Өмнө нь хоёр яаман дээр байхдаа бодитой судалгаанд үндэслэн хийсэн төслүүд бэлэн байгаа. Жишээ нь, 100 мянган айлын орон сууц, дагуул хотууд зэргээр дурдаж болно. Шинэ нисэх онгоцны буудлыг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд байхдаа эхлүүлж байсан. 2018 онд багтаж дуусаасай гэж хүсэж байна.

Ноос ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэрийн төсөл бий. Ноолуурыг нь барьцаалаад эргэлтийн хөрөнгийг нь хүүгүй өгвөл, цаад дам ашиг нь их байдаг юм л даа. Иймэрхүү 10 гаруй төсөл бэлэн байгаа. Эндээс Засгийн газар шүүрч аваад л хийчих хэрэгтэй юм.

– Агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой хөндөгдөж байгаа бас нэг асуудал бол иргэний үүрэг хариуцлага, урамшууллын механизм гэж ярьж байна. Тухайлбал, зарим УИХ-ын гишүүний хөндөж байгаа байр суурьнаас ажиглавал, хатуу арга хэмжээ авах ёстой, торгууль тавьдаг болбол гэдэг санааг ч хэлж байна. Зөв үү?

– Өндөр хөгжилтэй, ажилгүйдэл ядуурал эрс багассан улс орон л торгуулиар хөөцөлдөх байх. Түүнээс торгууль байтугай хоолны мөнгөгүй, ажилгүй байгаа иргэдээс ямар мөнгөө авах вэ. Тэр торгох гээд байгаа айл, өрхүүд чинь задарсандаа дугуй түлээд байгаа юм биш. Төрийн бодлого, УИХ-ын бодлого л оновчгүй болохоор бизнес хумигдаад уул, уурхайг дагасан хэдхэн хүн онцгой баяжиж, энд хүмүүс ядуураад, нийгмийн асуудал нь хаягдаад байна. Би уул уурхайтай хүмүүсийг УИХ, Засгийн газарт оруулахаа боль гээд байгаа нь ийм учиртай. Тэд нар орж ирэхээрээ л бүх юмыг самарч, бужигнуулж байгаа. Өөрсдийнхөө төслийг л ярьж, өөрсдийнхөө юмыг хийж байгаа. Одоо дахиад л зуух яриад эхэллээ. Өмнөх зуух биш байсан, одоо энэ зуух л таарна гээд л… бизнесээ хийгээд эхэлж байна даа.

– Уул, уурхайгаас олж байгаа орлого, баялгийн хуваарилалтыг агаарын бохирдол руу чиглүүлэх боломж байна уу?

– Байгаа. Үндсэн хуулийн 6.1-т тодорхой заасан байдаг. Бид өөрсдөө баялгаа хянах хэрэгтэй. Одоо Оюутолгойн ТУЗ-д байгаа гурван хүн өөрсдөө саналаараа тэндээс гарах хэрэгтэй. Тэнд Монголд ашиггүй үйлдлүүд удаа дараа хийгдсэн. Уг нь хянуулах гээд ТУЗ-д тэр гурван хүнийг оруулсан шүү дээ. Нөгөө талдаа намд үйлчилсэн, хандив өгсөн хүнийг “Тавантолгой”-н захирлаар томилж, тэндээс мөнгөний хуваарилалт хийж байгааг зогсоох ёстой. Иймэрхүү зүйлсийг бол ёстой “шилэн” болгоод мөнгө төгрөг идээд байхааргүй хүмүүст менежментийг нь өгөх хэрэгтэй.

– УИХ Агаарын тухай хуульд өөрчлөлт оруулахаар ярьж байна. Энэ хүрээнд агаарын бохирдлыг бууруулах сан байгуулах тухай яригдаад байна.

– Агаарын бохирдлыг бууруулах хоёр ч сан үйл ажиллагаа явуулж байсан. Сан гэж нэг мөнгөний хүүдий гаргаж ирээд л амсар дээр нь намынхаа харьяаллын хүнийг тавьчихаж байгаа. Тэр нь сонгуулийн дараа дахиж солигдоод л хандив өгсөн хүн нөгөө сан дээр нь очиж суудаг. Тиймээс ийм явуургүй менежментээ больж, мөнгөтэй холбоотой шийдвэр, зарцуулалтыг шилэн болгоод, удирдах хүнээр нь туршлагатай, итгэл даах хүн тавьж, өндөр цалин өгөх хэрэгтэй.

Үүнээс гадна УИХ ирцээ харах хэрэгтэй. Онц байдал зарлах тухай санал УИХ-д оруулж байхад ирц дөнгөж 51 хувьтай байсан. 2017 оны арванхоёрдугаар сарын 15-нд УИХ дээр хаалттай хуралдаан зарласан. 53 хуудас материал барьж ороод гурван цаг орчим хуралдаж, нөхцөл байдалдаа анхаараач гээд ярилаа. Өрөө ярьсан, өвчин зовлонгоо хүртэл ярьсан. Тэнд ойлгож байгаа гишүүд ч байна. Ойлгохгүй байгаа гишүүн ч байна. Ойлгосон ч тоохгүй гишүүн ч байна. Тэр үед энэ УИХ-аас олигтой юм гарахгүй юм байна гэдэг бодол лавширсан л даа. Ард түмнийг басаж болохгүй, үргэлж ингэж доромжилж болохгүй. Зовлон дээр чинь мөнгө хийдэг ийм хүмүүс төрд гарч гэдгийг бид удаа дараа анхааруулж байна.

– Монголын Үндэсний олон нийтийн радио, телевиз “Ярилцлагын цаг”-аа хүргэлээ.  Энэ удаагийн нэвтрүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Х.Баттулга оролцлоо.

Төрийн тэргүүнтэй агаарын бохирдлыг бууруулах боломж, гарц шийдэлтэй холбогдох зарим асуудлаар ярилцлаа.

Үзэгч, сонгогч та бүхэнд баярлалаа.

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2023/03/20 9:50:03Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар усны салбарын үндэсний чуулган зохион байгуулна
  • 2023/03/17 1:08:26Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээн авав
  • 2023/03/17 12:15:51Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардуулав
  • 2023/03/17 11:12:48БНТУ-д үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдад төрийн медаль гардуулав
  • 2023/03/16 6:21:48Үйлдвэрлэгчид урт хугацаатай, хүү багатай зээлд хамрагдах болсонд талархаж байна
  • 2023/03/08 11:24:25Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Алдарт эхийн одонт эхчүүдийн хүндэтгэлийн ёслолд оролцов
  • 2023/03/05 4:16:50АНЭУ-ын Засгийн газрын гишүүн, ГХОУХАЯ-ны Төрийн сайд Ахмад Али Аль Саиг-тай уулзав
  • 2023/03/04 4:12:09АНЭУ-ын Шадар сайд бөгөөд Ерөнхийлөгчийн ордны асуудал эрхэлсэн сайд Эрхэм дээд Шейх Мансур бин Заид Аль-Нахъян-тай уулзав
  • 2023/03/04 11:02:43АНЭУ-ын Засгийн газрын гишүүн, Гадаад худалдаа хариуцсан Төрийн сайд Тани бин Ахмад Аль-Зивуиди-тай уулзав
  • 2023/03/03 4:52:32Хүн бүр эх оронч худалдан авагч байхыг уриалав

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail 330800292_762045745270824_6039335756171176543_n
330800292_762045745270824_6039335756171176543_n
2023/02/16 1:17:15Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хилийн цэргийн 0108 дугаар ангид ажиллав 
thumbnail received_3411341219141296
received_3411341219141296
2022/09/17 2:17:41Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд үг хэллээ
thumbnail viber_image_2022-09-16_17-07-06-532
viber_image_2022-09-16_17-07-06-532
2022/09/16 5:23:09Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан-тай уулзлаа
thumbnail 306652495_603356458091004_7027740624972042170_n
306652495_603356458091004_7027740624972042170_n
2022/09/16 11:20:41Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпин-тэй уулзлаа
thumbnail 306531023_634901324841819_6755495829024100365_n
306531023_634901324841819_6755495829024100365_n
2022/09/16 8:13:52Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нар уулзав
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020