Шүүхийн тухай багц хуулийг баталж хэрэгжүүлснээс хойш шүүхийн бие даасан байдал дээшилж, шүүгчийн хараат бус байдлын баталгаа зохих төвшинд хангагдсан боловч шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааг үнэлэх болон хариуцлагын тогтолцоо бүрэн бүрдээгүй байна.
Шүүхийн ёс зүйн хорооны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр нөлөө хангалтгүй байна. Тухайлбал Шүүхийн ёс зүйн хороо сүүлийн таван жилд буюу 2014-2018 онд давхардсан тоогоор нийт 1706 шүүгчид холбогдох 1135 гомдол хүлээн авч шалгаснаас 80 гаруй хувьд нь сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж, 20 орчим хувьд сахилгын хэрэг үүсгэн шалгаж, нийт 69 шүүгчид сахилгын шийтгэл ногдуулсан байх боловч түүний 80 орчим хувь нь шүүхийн шатанд хэрэгсэхгүй болжээ. Энэ хугацаанд 14 шүүгч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр сахилгын шийтгэл хүлээсэн байна.
Монгол Улсын Их Хурлын 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 11 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн 162-т шүүгчийн эрх зүйн байдлыг шинэчлэн тогтоох, шүүх эрх мэдлийн хүрээнд хийгдсэн бусад шинэтгэлтэй нийцүүлэх, хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлахаар заасны дагуу хуулийн төслийг боловсрууллаа.
Хуулийн төслийг боловсруулахдаа Нэгдсэн үндэстний байгууллагын 1985 оны Шүүхийн хараат бус байдлын талаарх үндсэн зарчмууд, Шүүгчийн ёс зүйн талаарх Бангалорын зарчим, Европын шүүгчдийн зөвлөлдөх зөвлөлөөс гаргасан зөвлөмж, Шүүхийн зөвлөлийн Европын сүлжээний Шүүхийн минимум стандарт: Сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ба шүүгчийн хариуцлага тайлан зэрэг олон улсын баримт бичиг, зөвлөмжид нийцүүлэн дараах өөрчлөлтийг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд тусгалаа. Үүнд:
Шүүгчийн шийдвэр, үйл ажиллагаанд эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр хөндлөнгийн үнэлгээ хийж, мэргэжлийн хөгжлийг нь дэмжих тогтолцоо бүрдүүлэх;
Шүүгчийн гаргасан сахилгын зөрчлийг шийдвэрлэх чиг үүргийг Шүүхийн сахилгын хороонд харьяалуулах;
Шүүгчид сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа хэт богино байгааг уртасгаж, гаргаснаас хойш гурван жил болгон хуулиар заах;
Шүүхийн ёс зүйн хороог Шүүхийн сахилгын хороо хэлбэрээр байгуулж, шүүгч, хуульчид, иргэдийн төлөөлөл бүхий бие даасан институц болгон хуульчлах;
Шүүгчид огцруулах сахилгын шийтгэл ногдуулсан, эсхүл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан нөхцөлд шүүхэд итгэх иргэдийн итгэлийг хамгаалах зорилгоор бүрэн эрхээ хэрэгжүүлэхээс түдгэлзүүлэх зохицуулалтыг боловсронгуй болгож оруулах;
Шүүхийн сахилгын хорооны магадлалыг эс зөвшөөрсөн тохиолдолд давж заалдах ажиллагааг боловсронгуй болгож, ердийн захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаас ялгамжтай байдлаар тогтоох.
Хуулийн төсөл батлагдсанаар шүүгч шүүн таслах чиг үүргээ хариуцлагатай хэрэгжүүлэх механизм бүрдэж, шүүгчийн гаргасан ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагааны үр нөлөө дээшилнэ.
Шүүгчийн гүйцэтгэлийн үнэлгээг хийж эхэлснээр шүүгч бүр өөрийн мэргэжлийн үйл ажиллагааны түвшинг хөндлөнгийн үнэлгээний дүнд мэдэх, шүүгчид шаардлагатай мэргэжлийн хөгжлийг нь дэмжих сургалтын эрэлт хэрэгцээг тодорхойлдог болно.
Хуулийн төсөл батлагдан хэрэгжихэд эдийн засгийн нэмэлт зардал, төсвийн санхүүжилт шаардагдахгүй бөгөөд одоогийн төсөвт багтаан хэрэгжүүлэх боломжтой.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Шүүхийн ёс зүйн хорооны үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэхтэй холбоотой нэмэлт, өөрчлөлтийг Монгол Улсын Шүүхийн тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд оруулахаар хуулийн төслийг хамтад нь боловсруулсан болно.
Та хуулийн төсөл болон үзэл баримтлал, танилцуулга, материалтай танилцан судалж, санал, зөвлөмжөө tusul@president.mn хаягаар ирүүлнэ үү.